Ж.Очир: Багануурын нүүрсний уурхайг түшиглэж үйлдвэр барина

Байр суурь


Үйлдвэр ашиглалтад орсноор байнгын 1000 ажлын байр бий болно

Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих төслийн нэгжийн захирал Ж.Очиртой ярилцлаа. Уг төслийг хэрэгжүүлэхэд 2.5 тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд бүтээн байгуулалтыг дөрвөн жилийн хугацаанд гүйцэтгэх юм. 

Төслийн ТЭЗҮ эцсийн байдлаар бэлэн болсон гэж ойлгож болох уу? 

Тийм ээ, ТЭЗҮ бэлэн болгосон. Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хэрхэн босгох талаар яриа, хэлцэл одоо үргэлжилж байна. Энэ хүрээнд хэд хэдэн орны хөрөнгө оруулагчтай уулзсан. Цаашид ч үргэлжилнэ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2.5 тэрбум ам.доллар. Үүнийг гаднын хөрөнгө оруулалт болон зээл, тусламжаар байгуулахаар төлөвлөж байна. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн нийлэг байгалийн хийн үйлдвэр барих юм.

Үйлдвэрийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн тооцоолсон бэ. Тухайлбал, хэчнээн ажлын байр бий болох вэ? 

Байгалийн хийн үйлдвэр ашиглалтад орсноор түлш, эрчим хүчний хангамжид томоохон дэвшил гарна. Агаар, орчны бохирдлыг арилгах, бууруулахад энэ үйлдвэр онцгой үүрэгтэй. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын үед 10 мянган түр ажлын байр бий болж, үйлдвэрлэлийг дагаж байнгын 1000 ажлын байр бий болох юм. Мега төсөл учраас дан ганц төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс хөрөнгө оруулалтын эрэлд гараад байна. Монгол Улс хүрэн нүүрсээ боловсруулж байгалийн хий үйлдвэрлэх нь хамгийн үр ашигтай гэсэн судалгаа, тооцоолол гарсан. Энэ дагуу тодорхой ажлууд урагшилж байна.

Байгалийн хий гаргаж авснаар эрчим хүчний хүрэлцээ хэр сайжрах боломжтой вэ?

Байгалийн хийгээр цахилгаан гаргахаас гадна автомашины түлш хийж болно. Үйлдвэр жилд 725 сая метр куб нийлэг байгалийн хий, дайвар бүтээгдэхүүнээр бензин, шингэрүүлсэн байгалийн хий, аммиак, аммонийн бордоо, элементийн хүхэр үйлдвэрлэнэ. Эрчим хүчний ачааллаас ч үүрэлцэнэ.

Аж үйлдвэрийн салбарт ахиц гаргах учиртай хүлээгдэж буй төслүүдээс танайх ялгарч байгаа. Гэхдээ цаг хугацаа маш их алдсан. Алдагдсан боломжоо яаж нөхөх гэж байна вэ?

Хөрөнгө оруулалтаа хэр богино хугацаанд босгохоос бүтээн байгуулалтын үргэлжлэх хугацаа нь шалтгаална. ТЭЗҮ-д барилгын ажлыг дөрвөн жилийн хугацаатай тусгасан. Энэ нь тодорхой тооцоо, судалгаатай. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэхүү үйлдвэр тусгагдсан. Бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар болсон юм.

Үйлдвэрээс гадна өөр ямар бүтээн байгуулалт өрнөх вэ. 2.5 тэрбум ам.доллар хангалттай хөрөнгө оруулалт болж чадах уу?

ТЭЗҮ-ийн тооцооллоор л явна. Байгалийн хий дамжуулах 160 км урттай хоолой барих ажил мөн хийнэ. Ингэснээр эхэнд дурдсан агаарын бохирдлыг бууруулахад ашиг тусаа өгөх юм. Монголд хамгийн их нөөцтэй баялаг бол нүүрс. Эрчим хүчний хүрэн нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох шаардлага тулгарч байна. Нүүрсийг гүнзгий боловсруулж, улмаар химийн аж үйлдвэр ч хөгжүүлэх боломжтой.

Үйлдвэрт ажиллах боловсон хүчин бэлэн байгаа юу. Хэрхэн ажилтнаа бэлтгэх вэ. Хөрөнгө оруулалт шийдэгдэж, үйлдвэрүүдээ нээх гэтэл ажиллах хүчний дутагдалд орчих вий. Тооцоолол гаргасан уу?

Ажиллах хүчээ эртнээс бэлдэх талаар төслийн нэгжийн түвшинд тодорхой төлөвлөгөө боловсруулж байна. Бүтээн байгуулалттай зэрэгцээд ажилт­ наа бэлтгэнэ. Байгалийн хийн чиглэлээр гадаадад ажилтнаа сургах бодлого баримталж байгаа. Ингээд ирэхээр боловсон хүчин хангалттай бүрдэх юм.

Нүүрс хийжүүлэх чиглэлийн технологио хаанаас нутагшуулах вэ. Монголын уур амьсгалд нийцэх технологийн судалгаа хийгдсэн үү ?

Дэлхийд нүүрс хийжүүлэх чиглэлийн технологи маш өндөр түвшинд хөгжсөн. Тэр дотроо гурван технологи голлож байна. Цаг уур болон нүүрс, усны онцлог, газар зүйн байршилд нийцүүлэн технологийн сонголт хийхээс аргагүй байдаг. Гол нь нүүрсний чанарт тохирох ёстой. Нарийвчилсан судалгаа хийж үзсэн. Технологийн сонголтыг зөвхөн Багануур гэхгүйгээр Багануураас Шивээ-Овоо хүртэл байгаа нүүрсний ордуудад тохирох технологийг сонгож буй. Энэ сонголтод АНУ-ын технологи нийцсэн.



САНАЛ БОЛГОХ