Капиталгүй капитализмд тавтай морил

Нийтлэлчийн булан


Монголчууд гадаад орчинтой хэдийнэ өөрсдийнхөө өмчийг хуваалцаж эхэлжээ

Монголчууд хотын соёлд хэрхэн суралцах учраа олж ядах зуур дэлхийн бусад хотын иргэд нэгдэн нягтрах, хамтач амьдралын бараг төгс гэмээр хувилбар руу амжилттай шилжиж байна. Цахим платформын тусламжтай автомашин, унадаг дугуй, орон байр, оффисын талбай, хувцас, тоног төхөөрөмжийг эзэмшихгүйгээр, шаардлагатай үедээ л ашигладаг хэв маягт тэд дурлах болжээ. Өөрөөр хэлбэл, 10 гаруй жилийн тэртээгээс эхэлсэн sharing economy буюу хамтач эдийн засаг одоо л эрчээ авч байна. Угтаа хуваалцах эдийн засаг нь шинэ ойлголт биш юм. Хувааж хэрэглэх гэдэг хүн төрөлхтөнтэй бараг чацуу ойлголт. Харин эдийн засаг гэдэг үгэнд л үүний шинэ утга байгаа биз ээ. Өнөөдөр дэлхийн нийт хүн амын тал хувь нь хот суурин газарт аж төрдөг нь хуваалцах эдийн засаг эрчээ авах хамгийн том шалтгаан. Энэхүү үйл явцыг интернет технологи, цахим платформын хөгжил улам түргэсгэж байна. НҮБ-ын тооцоогоор дэлхийн хотууд нийт хуурай газрын 2.6 хувьд оршин тогтнодог боловч байгалийн нөөцийн 75 хувийг ашиглаж, ДНБ-ий 80 хувийг үйлдвэрлэдэг. 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 9.6 тэрбумд хүрч, тэдний 66 хувь нь төв суурин газар аж төрнө гэх тооцоо бий.

Өөрөөр хэлбэл, хотжих үйл явц улам эрчимжинэ гэсэн үг. Харин хамтач эдийн засаг нь хотжилтыг даган бий болсон хэт төвлөрлийг сааруулж, хүмүүсийн амьдралын хэв маягийг тогтвортой хөгжил тийш залж буйгаараа энэ зууны ноён нуруу болж байна. Тиймдээ ч Uber, Airbnb, RelayRides, TaskRabbits гэх мэт аливааг эзэмших бус хуваалцах зорилготой цоо шинэ цахим платформууд хамгийн ирээдүйтэй бизнест зүй ёсоор тооцогдох болов.

Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар 2016 онд хуваалцах үйлчилгээний цахим платформын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын зах зээлийн үнэлгээ 4.3 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд 1.3 сая хүнийг ажлын байраар хангажээ. Сүүлийн 10 гаруй жилд хэдэн арав дахин өссөн нь энэ. Тэрчлэн инновациудын автор ч сүүлийн үед энэ салбараас төрж буй. АНУ-д гэхэд 2014 онд хамгийн эрэлттэй есөн платформ 11585 патентын эрх эзэмшиж байжээ. Хуваалцах эдийн засгийн хэв маягт шилжсэн хотуудыг Сиэтл, Нью-Йорк, Лондон, Мельбурн, Сан Пауло, Сөүл, Амстердам, Барселона болон Японы Камаичи тэргүүлж байна. Тухайлбал, Мельбурн гэхэд хоол хуваалцах төрөл бүрийн цахим платформ, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг. Ирэх 10 жилд энэ салбар дахь ажлын байрны тоо 25 хувиар өсөх төлөвтэй. Харин Амстердамд гэрийнхээ илүү өрөөг зөвхөн жуулчин, гаднын иргэн гэлтгүй тухайн үед хэрэгцээтэй хэн нэгэнтэй хуваалцах үйлчилгээ хамгийн эрэлттэй байдаг аж. Өмнөд хөрш бол хуваалцах эдийн засаг эрчимтэй хөгжиж буй орны нэг. Ойрын 10 жилд Хятадад хуваалцах үйлчилгээний зах зээл жилд дунджаар 40 хувиар тэлж, 2020 он гэхэд тус улсын ДНБ-ий 10 хувьтай тэнцэнэ гэх тооцоо бий. Манай улсын тухайд facebook дэх төрөл бүрийн зарын хуудсаар хэрэглэдэггүй хувцас, бараа бүтээгдэхүүнээ борлуулах төдийгөөр хуваалцах эдийн засаг бүрэлдэж эхэлсэн. Одоо бол харьцангуй өргөн хүрээнд харж болж байна. Unegui.mn бол дотоод дахь хамгийн том платформ гэхэд болно.

Мөн Airbnb зэрэг платформоос монголчууд гадаад орчинтой хэдийнэ өөрсдийнхөө өмчийг хуваалцаж эхэлснийг харж болно. Тэнд нийслэлийн төвийн бүс дэх орон байрны үйлчилгээ зэрэглэл, тав тухаасаа хамаарч хоногийн 18 ам.доллараас эхэлдэг. Бас сүүлийн үед старт-ап бизнесүүдэд зориулсан co-working space ч хуваалцах эдийн засгийн тод томруун жишээ. Ямар нэг бизнес, үйл ажиллагаа эрхлэхийн тулд заавал тусдаа оффист сууж, сар бүр түрээс болон ашиглалтын өндөр зардал төлөх шаардлагагүй. Оффисдоо байгаагүй орон зай, цаг хугацааны талбайн болон халаалт, цахилгааны төлбөр үргүй зардал болж ирнэ. Газар нутаг маш жижигтэй Сингапур улсад сүүлийн үед нэг орон сууц, нэг хотхоныхон автомашинаа дундаа хэрэглэх нь эрс нэмэгджээ. Айл бүрийн тоогоор автомашины зогсоол байгуулах нь аль ч орон сууцны хорооллын хувьд хүндрэлтэй, бас зардал ихтэй. Тиймээс оршин суугчид шаардлагатай үедээ л хэрэглэх дундын автомашинтай болжээ. Үүнийг нь дагаад даатгал, зуучлалын гэх мэт салбарт шинэ бүтээгдэхүүнүүд хөгжиж буй аж. Нийслэлийн иргэд ч гэсэн замын түгжрэл, тэгш, сондгой дугаарын зохицуулалтаас болж автомашин үхмэл хөрөнгө болж байна гэж бухимдахын оронд байраараа, хотхоноороо хамтын зохион байгуулалтад орвол бизнесийн боломж болох бэлэн туршлага Сингапурт байна. Цаг хугацаа, шатахууны зардалд ямар хэмнэлттэй байхыг ухаж ойлгоход ядах зүйлгүй. Гагцхүү үүнд өмчирхөх бус хамтач сэтгэхүйгээр хандаж байж манай нөхцөлд арай ойр иймэрхүү санаачилга хэрэгжинэ. Ерөөсөө хуваалцах эдийн засгийг хөдөлгөгч гол салбар нь орон байр болон тээврийн хэрэгслийн, крауд фандинг, гэр ахуйн болон нарийн мэргэжлийн үйлчилгээ байхыг хүмүүсийн хэрэгцээ, хөгжлийн чиг хандлага харуулж байгаа аж. XXI зууны эхнээс хөгжингүй орнууд автомашин, үл хөдлөх хөрөнгө, компьютер гэх мэт биет хөрөнгөөс илүүтэй бүтээгдэхүүний дизайн, брэндинг, судалгаа хөгжүүлэлт, программ хангамжийг хөгжүүлэхэд мөнгө хаяж эхэлсэн нь хуваалцах эдийн засгийн суурь болсон гэдгийг Их Британийн Эзэн хааны коллежийн бизнесийн сургуулийн эдийн засгийн ухааны профессор Жонатан Хаскел “Капиталгүй капитализм” бүтээлдээ онцолжээ. Капиталгүй капитализм гэдэг үг танд танил сонсогдож байж мэдэх юм.

Гэвч энэ бол баялгийн тэгш бус хуваарилалтын талаарх ойлголтоос тэс өөр. Харин улс орнуудын хөгжил, бизнесийн ирээдүй биет бус хөрөнгөд тулгуурлана гэсэн санаа. Uber гэхэд нэг ч машингүй, такси баазгүй атлаа зах зээлийн үнэлгээ нь 70 тэрбумаар хэмжигдэж байна. Дэлхий дахин капиталгүй капитализмд шилжиж байгаа учраас өнгөрсөн онд Ford болон General Motors компани Uber-ийн АНУ дахь өрсөлдөгчид болох Lyft, Daimler-т хөрөнгө оруулсанд гайхах зүйл алга.


САНАЛ БОЛГОХ