Л.Наранбаатар: Эрчим хүчний нүүрсэнд бодит аюул учирч байна

Ярилцлага


Их гүрнүүдийн геополитикийн тоглолтод нүүрсний үнэ мэдрэг байна


БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 12-13-нд болох “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” чуулга уулзалтын талаар “Гложекс Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал Л.Наранбаатартай ярилцлаа. Тэрбээр АНУ, БНХАУ-ын худалдааны дайн манай улсын нүүрсний экспортод нөлөөлж болзошгүй гэдгийг онцоллоо.

-“Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” чуулганы ач холбогдол нь юу вэ. Экспортлогчдод ямар давуу тал бий болох вэ?

-Энэ чуулган бол коксжих нүүрсний салбарынхны хувьд хамгийн том цугларалт. Нүүрсний зах зээлийн хандлага, бизнесийнхэн үүнд хэр бэлэн байгааг, үйлдвэрлэлийн бодлогоо хаашаа чиглүүлэх гэж буйг энэ чуулганаас тодорхой мэддэг. Тийм учраас Монголын коксжих нүүрсний уурхайн удирдлага, бизнесменүүд маш идэвхтэй оролцож байна. Манайхан нүүрсээ өндөр үнээр, их хэмжээгээр зарах сувгийг л эрэлхийлдэг. Эл зорилгыг хангаж чадахуйц бизнесийн төлөөлөл цаад талаас оролцоно гэдгийг онцолъё. Ган болон цементийн үйлдвэр, цахилгаан станцын захирлууд чуулганд очиж зах зээлийн бодит мэдээллийг бүх эх сурвалжаас авдаг учир яг бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээсэн чуулган болдог.

-Манай талаас ямар бүрэлдэхүүнтэй оролцох вэ?

-Одоогийн байдлаар Energy Resource, MAK, “Хөшөөт”-ийн нүүрсний уурхай, “Өсөх зоос” зэрэг компанийн нүүрсний худалдаа эрхэлдэг гол тоглогчид оролцохоор бүртгүүлсэн. Бид энэ жил “Coal Mongolia 2018” чуулганаа Бээжин хотод зохион байгуулахаар төлөвлөсөн. Монголын коксжих нүүрс үйлдвэрлэгчдийг Хятадын худалдан авагч, эцсийн хэрэглэгчидтэй холбох, гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан юм. Үүнийг Хятадын талаас нүүрсний эрэлт, нийлүүлэлтийн мэдээллийг тогтмол хүргэдэг sxcoal.com цахим хуудсаар нь монголчуудын сайн мэддэг Fenway Energy International групп хамтран зохион байгуулна. Харин манай зүгээс “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” чуулганы Монголын талын сурталчилгаа, маркетингийг хариуцан оролцож байгаа юм.

-Нүүрсний экспорт нэмэгдүүлэхэд нэлээд хөшүүрэг болно гэж ойлголоо?

-Тийм. Бид 2017 онд “Coal Mongolia” чуулганы зорилтыг өөрчилсөн. Манай уурхайнуудын экспортын баримжаатай коксжих болон чулуун нүүрсний хүчин чадал жилд 100 гаруй сая тонноор хэмжигддэг. Гэвч дунджаар 28 сая тонныг нь хилээр гаргадаг. Өөрөөр хэлбэл, уурхайн нөөц, хүчин чадал ашиглалт ийм хангалтгүй байна гэсэн үг. Гол шалтгааныг нь тээвэр ложистикийн дэд бүтэц сул, үйлдвэрлэгчид нүүрсний эцсийн худалдан авагчтайгаа холбогдож чадахгүй байгаатай холбоотой гэж дүгнэсэн. Тиймээс энэ жилээс нүүрсний худалдааг дэмжихэд илүү анхаарч байна.

-Чуулганаар үнэ тогтоох шинэ нөхцөлийн талаар мэдээлэл хуваалцана гэж дуулсан?

-Sxcoal.com Хятадын коксжих нүүрсний үнийн индексийг зарладаг. Нүүрсний хилийн, боомтын, бүс нутгийн үнийг тогтоохдоо тус бүрт нь аргачлал хэрэглэж, тухайн өдрийн буюу спот үнэ, улирлын үнэ хэрхэн тогтож байгааг харуулдаг. Илүү тодорхой болгох үүднээс нэг жишээ хэлэхэд, Chalco компани “Эрдэнэс Тавантолгой”-той хийсэн нүүрсний борлуулалтын гэрээн дээр sxcoal.com-ын үнийг үндэслэж үнээ тогтоохоор заасан байдаг. Ерөнхийдөө богино болон дунд хугацаанд нүүрсний үнэ хэрхэхийг хэлээд өгчихдөг платформ юм.

-Энэ чуулганд хэчнээн хүн оролцдог вэ?

-Би сүүлийн хоёр жил оролцож, Монголын нүүрсний зах зээл, үйлдвэрлэл, бодлогын талаар шинжээчийн байр сууринаас мэдээлэл хүргэсэн. Ер нь 500- 800 орчим бизнесийн төлөөлөл оролцдог. Харин хурлын илтгэгчид холимог. Хятадын макро эдийн засгийн дунд болон урт хугацааны бодлого, богино хугацаанд хийгдэж байгаа гол өөрчлөлтүүдийн талаар тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон бусад албаныхан бодитой мэдээлэл өгдөг. Харин энэ макро бодлого, нөхцөл байдалтайгаа нүүрсний салбарынхан үйл ажиллагаагаа хэрхэн уях, зах зээлийн төлөв ямар байхыг салбарын захирлууд мэдээлдэг. Үүнээс гадна зах зээл судлаач, шинжээчид өөрсдийнхөө таамгийг тайлбарлаж, мэтгэлцдэг учраас уг чуулганаас хамгийн үнэ цэнэтэй мэдээллүүдийг олж авдаг юм.

-Энэ онд 28 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсөвт тусгасан. Энэ зорилтоо биелүүлж чадах болов уу?

-Судлаачийн зүгээс харахад нүүрсний экспортод хоёр үндсэн хүчин зүйл нөлөөлнө. Fenway Energy болон бусад судалгааны байгууллагын дүгнэлтийг харахад ойрын хоёр жилд Монголтой ойролцоо бүс нутаг болох Бугат, Шинжаан жилд 5-10 сая тоннын коксжих нүүрсний хомсдолд орно гэсэн тооцоо бий. Энэ нь коксжих нүүрсний үнийн төлөвт эергээр нөлөөлөх нь гэсэн төсөөллийг бидэнд өгч байсан. Гэвч сүүлийн 1-2 сард олон улсын байдал нэлээд таагүй боллоо. АНУ, Хятадын гангийн бүтээгдэхүүнд импортын өндөр татвар ногдуулсан нь коксжих нүүрсний зах зээлд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж би хувьдаа харж байна. АНУ-ын өндөр татварын улмаас Хятадын ган үйлдвэрлэгчид ажилгүй болж, үүнийг дагаад гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг коксжих нүүрс мөн багасна. Гэхдээ энэ талаар ирэх долоо хоногт болох чуулганд шинжээчид илүү тодорхой мэдээлэл өгөх байх. Fenway Energy-ийн маш сайн дата, судалгаатай шинжээчид мэдээлэл өгөх учир би тэсэн ядан хүлээж байгаа.

-Та Fenway energy-д өөрөө санал тавьсан уу?

-Тийм. “Coal Mongolia” чуулган долоон жилийн хугацаанд нүүрсний үнийн өсөлт, уналтын аль алиныг үзсэн. Хэдийгээр одоо үнийн таатай үе ирсэн боловч өсөлт, уналтын мөчлөг 3-5 жилийн давтамжтай үргэлжилдэг. Тиймээс уналтын дараагийн мөчлөг тохиоход Монголын нүүрсний уурхайнуудын өрсөлдөх чадварыг сайжруулах, түүнийг хадгалж үлдэхийн тулд эцсийн худалдан авагчийг олох, холбогдох нь чухал. Ингэж байж үнийн савалгаанаас ангижирна. Нүүрсээ илүү үнэтэй, их хэмжээгээр зарж, Индонез, Австрали, Канад зэрэг оронтой гол зах зээл дээр өрсөлдөхүйц чадвартай болох нь “Coal Mongolia” чуулганы зорилго болсон. Тиймээс л бид нөхцөл байдалд нарийн дүн шинжилгээ хийж Fenway Energy-д санал тавьсан юм. Гэхдээ санал тавьснаас хойш гурван жилийн дараа ажил хэрэг болж байна.

-Манай экспортлогчид эцсийн хэрэглэгчтэйгээ холбогдож чадвал Гашуун сухайт боомт дээрх хүндрэл хэр зэрэг багасах бол?

-Energy Resouce компани Бугат дахь эцсийн хэрэглэгчтэйгээ шууд тохирсон учраас дундын зуучлагчгүйгээр нүүрсээ зах зээлийн үнээр нийлүүлж байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” уурхайн амныхаа үнээр зардаг тул тээвэр, ачилтын компаниуд дунд нь зуучилж, Өвөр Монголын нүүрс угаах үйлдвэрүүдэд угааж, өртөг шингээгээд зах зээлд нийлүүлдэг. Тиймээс энэ бүх шат дамжлага дээр өртгийн менежмент хийх гинжин хэлхээ нь орхигдож байгаа тул уурхайн аман дээрх үнэ илүү хямдхан байгаа юм.

-Өнгөрсөн онд манай нүүрсний экспорт нэмэгдэхэд Умард Солонгост тавьсан хориг нөлөөлсөн. Гэхдээ одоо хоригийг цуцлуулахын тулд тус улс буулт хийх янзтай болж байна. Энэ бүхэн манай экспортод яаж нөлөөлөх бол?

-Умард Солонгос Хятад улс руу коксжих бус антрацит нүүрс нийлүүлдэг. Жилд 20 гаруй сая тонноор хэмжигддэг. Хойд Солонгост хориг тавьснаар манай улсын төмөр зам дагуух жижиг буюу 1-2 сая тоннын нөөцтэй уурхайнуудад боломж олдсон. Экспортын цонх түр нээгдсэн. Гэхдээ Пхеньян, Бээжингийн харилцаа эргээд сайжирч байгаа тул эдгээр жижиг уурхайнуудад эрсдэл үүсэж болзошгүй. Үйл явц яаж өрнөхөөс их зүйл шалтгаална. Ер нь нүүрсний зах зээл их гүрнүүдийн геополитикийн тоглолтод маш мэдрэмжтэй байна. Одоохондоо манай зах зээлд сөргөөр нөлөөлөх үйл явц өрнөж байгаа гэсэн үг. Гэхдээ өөр улс оронд нүүрсний хэрэглээ нэмэгдэж байна. Тухайлбал, дэлхийн гол гурван тоглогчийн нэг Индонез нүүрсний экспортоо танах бодлого барьж эхэлсэн. Тус улс жилд 600 сая тонн нүүрс олборлож, 400 орчим сая тонныг экспортолдог. Гэвч нүүрсний нөөц нь 20 гаруй тэрбум учир стратегийн зорилгоор нөөцөлж эхэлсэн. Ойрын гурван жил нүүрс экспортлохгүй гэж шийдсэн. Нөгөө талаар Энэтхэг болон АСЕАН-ын орнуудын эдийн засгийн өсөлт эрчимжиж байгаа тул гангийн үйлдвэрлэл ч идэвхжсэн. Өөрөөр хэлбэл, коксжих нүүрсний хэрэглээ нэг талд нэмэгдэж, нөгөө талд багасаж байна. Тиймээс эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр аль талд гарч байгаагаас эцсийн дүгнэлт гарна. Бээжинд болох хурлаар бүр тодорхой болох байх.

-Өмнөд хөрш байгаль орчны стандартуудаа чангатгаж байна. Коксжих нүүрсний төлөв үүнээс хэр зэрэг хамааралтай байх вэ?

-Хятад улс ногоон эдийн засгийг дэмжих үүднээс аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд технологио байгальд ээлтэй, илүү бүтээмжтэй болгох шаардлага тавьж байгаа. Энэ хүрээнд коксжих нүүрсний үнийг төрийн бодлогоор өсгөж, нүүрс олборлодог хугацааг 365 биш 276 болгож, нийлүүлэлтийг механикаар танасан. Үр дүнд нь нүүрсний үнэ өсөнгүүт хуучин технологитой гангийн үйлдвэрүүд өрсөлдөх чадваргүй болж, дампуурч байна. Мөн зарим үйлдвэр нь нэгдэн нийлж, амьдрах чадвартай нь үлдэж байгаа. Энэ бол Хятадын төрийн бодлого. Өнгөрсөн жил болсон хурлын үеэр нэг оролцогч энэ шийдвэр гангийн үйлдвэрүүд дампуурахад хүргэнэ гэж анхааруулахад, Эдийн засгийн хөгжлийн сайд хариуд нь “Энэ бол манай төрийн бодлого. Илүү өрсөлдөх чадвартай, бүтээмжтэй нь үлдэнэ. Ийм үйлдвэрүүд коксжих нүүрсний үнэ өнөөгийнхөөс нэг дахин өссөн ч тэсэж чадна. Тиймээс хуучин технологиудыг энэ шийдвэрээр заазлана” гэж хэлж байсан.

-Эргээд харахад эцсийн хэрэглэгчтэй дотоодын компаниуд холбогдож чадахгүй байгаа шалтгаан нь юу юм бол?

-Өвөр Монгол бол манай зах зээлийн гол өрсөлдөгч шүү дээ. Өвөр Монгол, хаяанд нь байгаа Шаньси муж коксжих нүүрсний арвин нөөцтэй. Тэгэхээр Австрали, Индонез, Хойд Солонгос, ОХУ л өрсөлдөгч гэж харж болохгүй. Тиймээс бид Өвөр Монгол, Шаньсигийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө, нэгдэн нийлэх үйл явц, өрсөлдөөнд хэр зэрэг бэлдэж байгааг нь анхааралтай ажиглах зайлшгүй шаардлагатай юм.

-Нүүрсний үнэ сэргэж байна. Хөрөнгө оруулагчдын хандлага ямар байгаа бол?

-Шинээр орд илрүүлэх сонирхол нэмэгдэж байна. Манай компани уул уурхайн зураг төсөл, ТЭЗҮ, нөөцийн тайлан боловсруулдаг. Коксжих болон чулуун нүүрсний ордын хайгуул идэвхжиж байгаа тул хөрөнгө оруулагчдын сонирхол ийшээ чиглэж байгаа нь бидэнд ажиглагдаж байна. Гэвч нөөц илрүүлэх, олборлох ажил урагштай байгаа ч эцсийн хэрэглэгчид хүрэх дэд бүтэц хөгжөөгүй, төмөр зам байхгүй, хил гааль зохион байгуулалт муутай учраас ордууд дээрх хөрөнгө оруулалт саарахад нөлөөлж байгаа юм. Ядаж төмөр замаа баривал хайгуул, олборлолтын хөрөнгө оруулалтын хурд нэмэгдэнэ гэсэн үг. -Дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж байна. Харин манайхан ойрын 50 жилд нүүрс хэрэглээнээс гарахгүй гэж ярьдаг. Танд юу анзаарагдаж байна вэ? -Эрчим хүчний нүүрсэнд бол аюул занал бодитоор учирч байна. БНХАУ ногоон эдийн засгаа дэмжих үүднээс 2030 он гэхэд хэрэглээнийхээ 80 хувийг сэргээгдэх болон цөмийн эрчим хүчээр шийднэ гэж төлөвлөсөн. Ялангуяа, ураны эх үүсвэрээр 50-60 хувиа хангана. Энэ бодлогын хүрээнд 2017 онд 600 сая тонн нүүрсийг эрчим хүчний хэрэглээнээс халж чадсан. Уг нь зорилт нь 500 сая байсан боловч 20 хувь давуулан биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, хүрэн нүүрсийг халах бодлогоо төлөвлөснөөсөө хурдтай хэрэгжүүлж байна гэсэн үг. Тиймээс эрчим хүчний нүүрсийг түүхийгээр нь борлуулах орон зай өдрөөс өдөрт маш хурдтай хумигдаж байгаа юм. Монгол Улс 150 гаруй тэрбум тонн нүүрсний баялагтай. Үүнээс 32 тэрбум нь үйлдвэрлэлийн ач холбогдолтой нөөц гэж үнэлэгдсэн. Үүнээс коксжих нүүрс нь зургаан тэрбум, үлдсэн нь эрчим хүчний нүүрс. Тэгэхээр ийм их хэмжээний эрчим хүчний нөөцийг борлуулах зах зээлийн боломж хумигдаж байна гэсэн үг. Цаашдаа нөөцөө хийжүүлэх, цахилгаан болгож нэмүү өртөг шингээж зарахаас өөр арга зам харагдахгүй байна.






САНАЛ БОЛГОХ