Шүүхийн маргаан Монголын бондуудыг унагав

Хөрөнгийн зах зээл


Бондуудын ханш энэ оны хоёрдугаар сараас савлаж эхэлсэн


“Монголын алт корпораци”- ийн (МАК) олон улсын зах зээлд гаргах гэж буй бондын ханш ойрын өдрүүдэд тодорхой болж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. МАК-ийн ам.доллараар нэрлэсэн шинэ бонд таван жилийн хугацаатай. Эхний хоёр жилд нь буцаан худалдаж авахгүй байх нөхцөлтэйг ойрын эх сурвалж онцолж байгаа. Энэ долоо хоногийн эхээр олон улсын үнэлгээний Fitch агентлаг “Монголын алт корпораци”-ийн зээлжих зэрэглэлийг “ССС+” түвшинд баталгаажуулсан. Олон улсын зах зээлд тус корпорацийн бондын хэлцэл амжилттай болж буй учраас ийн баталгаажуулснаа Fitch агентлаг мэдэгдэж байсан юм. Мөн МАК-ийн бондын үндсэн нөхцөлд Нарийнсухайт ордын нүүрсний орлого болон тусгай зөвшөөрлийг нэмэлт барьцаа хөрөнгөөр тусгасныг тус агентлаг онцолж байв. МАК ойролцоогоор 200 сая ам.долларын бонд босгож, дотоодын банкуудаас авсан зээлээ эргэн төлөхөөр төлөвлөж буйгаа өмнө нь мэдээлсэн. Ийнхүү Монголоор овоглосон шинэ бондын сураг тодорч буйтай зэрэгцээд манай Засгийн газрын бондуудын ханш олон улсад сулраад байна. өнгөрсөн оныг тогтвортой үдсэн бондуудын ханш энэ оны хоёрдугаар сараас савлаж эхэлсэн.

Энэ долоо хоногийн мягмар гарагийн байдлаар манай улсын “отгон” үнэт цаас болох “гэрэгэ” бондын ханш 97.870 нэгжид хүрээд байна. Энэ нь оны эхэнд 101 нэгжийг давж байсантай харьцуулахад мэдэгдэхүйц суларсан үзүүлэлт юм. Ийм уналт “хуралдай” болон 10 жилийн хугацаатай “Чингис” бондын ханшид гарсан. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард гаргаж байсан “хуралдай” бондын ханш мягмар гарагт оны эхнээс дөрвөн суурь нэгжээр буурч, 111 нэгж боллоо. Монгол улсын Засгийн газрын бондуудын үнэ хоёрдугаар сараас буурч эхэлснийг ханшийн муруйгаас харж болно. Тэгвэл мэдэгдэхүйц суларч эхэлсэн энэ үе нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон арбитрын шүүхийн шийдвэр эргэн сөхөгдсөн хугацаатай давхцаж буй. Хэдийгээр арбитрын шүүхийн эцсийн шийдвэр нь өнгөрсөн оны тавдугаар сард гарсан ч 2018 оны эхэн хүртэл энэ тухай тодорхой хүрээнийхэн мэдэж байв. харин өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн “Эрдэнэт үйлдвэр”- ийн хөрөнгийг битүүмжлэх асуудал сөхөгдсөнөөр энэ хэрэг Монголын нийгмийг доргиосон юм. 2009-2011 оны хооронд “Жаст” групп уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн баталгааг хуурамчаар үйлдэн, өмнөд африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсныг арбитрын шүүх тогтоосон. Тус шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”- ийг ”Стандарт банкинд 50.9 сая ам.долларын үндсэн төлбөр болон 44.3 сая ам.долларын торгууль, хүү төлүүлэхээр болсон. Мөн үүний хүүгийн төлбөр нь сард дунджаар 870-900 мянган ам.доллараар нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар 104 орчим сая ам.долларт хүрээд байгаа юм. Монголын ард түмний өмчийг ийнхүү хууль бусаар ашигласан энэ хэрэг олон улс дахь манай улсын нэр хүндийг унагаад зогсохгүй хөрөнгө оруулагчдад түгшүүрийн дохио болж, бондын ханшид нөлөөлжээ. 


Том компаниудын шүүхийн маргаан хөрөнгө оруулагчдыг түгшээжээ


Энэ уналтаасаа дөнгөж өндийж байсан Монголын бондууд өнгөрсөн сард хоёр дахь давалгаанд цохигдов. Харин өнгөрсөн сарын дунд үеэс дахин суларч эхэлсэн юм. Энэ нь “оюутолгой”-н хувьцаа эзэмшигч Turquoise Hill Resources компани Монгол улсын Засгийн газрын эсрэг зарга үүсгэхээ мэдэгдсэн явдал. Татварын ерөнхий газраас энэ оны нэгдүгээр сард “оюутолгой” компанийн 2013-2015 оны үйл ажиллагаанд 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүний эсрэг Turquoise Hill Resources компани гуравдугаар сард олон улсын арбитрын шүүхэд зарга үүсгэхээ мэдэгдсэн юм. Мөн “оюутолгой”-н гэрээг байгуулсан болон шинэчилсэн төрийн өндөр албан тушаалтнуудыг авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Тэрчлэн УИХ-аас “оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсэг байгуулсан юм. Энэ мэт “оюутолгой” тойрсон үйл явдлууд олон улс дахь манай бондын ханшийг унагав. Уул уурхайн компаниудын хууль шүүхийн асуудал олон улсын хөрөнгө оруулагчдын санааг зовниулж буй аж. өөрөөр хэлбэл, эдгээр үйл явдлыг хөрөнгө оруулагчид хэн нэгэн албан тушаалтан эсвэл хэсэг бүлэг төрийн албан хаагчдад хамаатай бус илүү том зургаар нь харж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Цаашид “оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон эдгээр асуудлыг хэрхэн шийдэхээс олон улсад арилжиж буй Монголын бондуудын ханш тодорхой болох төлөвтэй. Цаашид “оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон эдгээр асуудлыг хэрхэн шийдэхээс олон улсад арилжаалж буй Монголын бондуудын ханш тодорхой болох нь. Гэхдээ энэ нь бондын ханшийн богино хугацааны хэлбэлзлээр бодлогынхоо жанжин шугамаа тодорхойл гэсэн үг биш. Тухайлбал, “оюутолгой”-н гэрээ Монголд өгөөж багатай нь батлагдсан тохиолдолд бондын ханшийн бага хэмжээний өөрчлөлтөөс эмээж, Монголын төр шийдвэрээсээ ухарч, зорилгоосоо хазайж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Харин олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал татаж, маргаан дагуулсан асуудлуудад манай улсын төр засаг илүү нээлттэй, тодорхой хандаж, ямар бодлого баримтлахаа ил тодоор мэдээлвэл ойлголцол, тодорхой байдлын зөрүү үүсэхгүй гэсэн байр суурь ч байна. Гагцхүү Монголоор овоглосон үнэт цаасны ханшийн савлагаа нь Монголд өрнөж буй үйл явдал, төр засгийн шийдвэрүүд нь өвсөнд тавьсан түймэр шиг олон улсад түгэж, хөрөнгө оруулагчдад шууд нөлөөлдгийг эндээс харж болохоор байна. Харин энэ эрсдэлийг эс тооцвол 2018 онд манай бондуудын ханш харьцангуй тогтвортой байх боломжтой. Учир нь таваарын ханш тогтвортой, гадаад зах зээлд эерэг хандлага давамгайлж байгаа ажээ.







САНАЛ БОЛГОХ