Тамхины хяналтын хууль замын дүрэм шиг хэрэгждэг бол...

Нийгмийн хариуцлага


Хориотой газар тамхи татсаны шийтгэл авсан хүн байна уу


Манай улс цөөн хүн амтай ч тамхины хэрэглээ өндөртэй 10 орны тоонд багтаж байна. Нэг хүнд ноогдох тамхины тоогоор хоёр хөршийнхөө дараа гуравдугаарт цохиж яваа нь яах аргагүй анхаарал татав. Энэ нь тамхины хэрэглээнд хяналт тавьж, шийтгэл оногдуулдаг хуультай, тамхидалттай тэмцэх яамтай орны хувьд халагламаар үзүүлэлт юм. Дэлхийд нэг тамхичны жилийн хэрэглээ 1083 ширхэг янжуур байдаг бол Монголын тамхичид үүнийг 1982 болгон өсгөж, “стандарт”- аас давсан “амжилт” үзүүлжээ. Эл “амжилтад” үндэсний шилдэг үйлдвэр болтлоо хөгжсөн дотоодын тамхи үйлдвэрлэгч болон импортын тамхи борлуулагчдын хувь нэмрийг дарж боломгүй. Монголын тамхичид хэрэглээнийхээ 37 хувийг дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хангаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг бол 63 хувийг нь импортын тамхиар залгуулдаг.


Монгол Улсын гаалиар 2017 онд нэвтэрсэн бараа бүтээгдэхүүний мэдээнд жилдээ хоёр тэрбум гаруй янжуур буюу 101.6 сая хайрцаг тамхи орж ирсэн байна. Үүн дээр тансаг зэрэглэлийн навчин тамхи 5100 ширхэг болон дотоодын 37 сая хайрцаг тамхийг нэмбэл “уушги” үнс болмоор тоо гарна. Манай тамхичдыг хангагч гол орнуудаар Казахстан, БНСУ, Украйн, Сингапур зэрэг орон тэргүүлж байгаа юм. Тамхины онцгой татварыг Тамхины хяналтын суурь конвенцид заасан түвшинд хүргэх зорилтод бараг хүргэчихээд байхад ч Монголын тамхичид үүнийг татварын дарамт гэж мэдэхгүй байх шиг. Нийлүүлэлт жилийн жилд нэмэгдсээр байгаа нь гаалийн мэдээнээс илт. ОХУ , БНХАУ- ын дараа орж байгаа энэ “балмад” үзүүлэлт тамхины хяналтын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг “яруу тодоор” харууллаа. Эдгээр хуульд иргэдэд ногдуулах торгуулийн хэмжээг амьжиргааны түвшинтэй уялдуулан хэт доогуур тогтоосноос эхлээд “толгой илсэн” хууль болчихжээ. Уг нь олон улсын жишгийг дагавал энэ үзүүлэлт хамаагүй өндөр гарна.


Тухайлбал, Сингапурт хориглосон газар тамхи татсан хүнийг 500 сингапур доллар буюу 875 мянган төгрөг, Хонконгод 153 мянган төгрөг, АНУ-д 480 мянган төгрөгөөр торгох хуультай. Хуулиа ч чанд хатуу мөрддөг. Харин манай улсад Тамхины хяналтын тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд “Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан эсхүл татах боломж олгосон бол хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байгаа. Хачирхалтай нь энэ заалтаар торгуулсан тамхичны тухай мэдээлэл “хараахан” гараагүй л байна. Цагдаагийн байгууллагаас энэ хуулийн хэрэгжилтийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь худалдан борлуулахад тавих хяналтаар л хязгаарлагдаж байгаа юм. Өнгөрсөн онд л Нийслэлийн цагдаагийн газраас нэг удаа энэ төрлийн хяналт хийсэн байна.

• Дэлхийд нэг тамхичны жилийн хэрэглээ 1083 ширхэг янжуур байдаг бол Монголын тамхичид 1982 болгож стандартаас давсан “амжилт” үзүүлжээ.
• Монгол улсын гаалиар 2017 онд нэвтэрсэн бараа бүтээгдэхүүний мэдээнд жилдээ 2,031 тэрбум ширхэг янжуур буюу 101 сая 576 мянга 300 хайрцаг тамхи орж ирсэн байна.
• “Худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардах” заалт байдаг ч мэддэг худалдагч ч алга.


Шалгалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 82 ТҮЦ-т хяналт шалгалт хийж 36 зөрчил илрүүлсэн байна. Тэдгээр иргэнийг 1.8 сая төгрөгөөр торгож, 41 нэр төрлийн 349 хайрцаг, 10 нэр төрлийн 264 ширхэг тамхи хураан авсан байдаг. Харин Зөрчлийн тухай хуулиар хориотой газар тамхи татсан иргэн, татуулсан аж ахуй нэгжийг “илрүүлсэн” мэдээлэл алга. Зөрчлийн хуулиар 2017 онд бараг 1.3 сая зөрчил илрүүлсний гуравны хоёр буюу 748 мянга нь замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд оноосон шийтгэл байна. Харин хориотой газар тамхи татсаныхаа шийтгэлд торгуулсан иргэний тоо замын хөдөлгөөний дүрмээр торгуулсан жолооч нарын тоон үзүүлэлтийн дэргэд “ичмээр дамшиг” юм. Угтаа бол энэ үйлдэл аль аль нь хуулиар торгууль ногдуулж байж буурах элбэг зөрчил. Хуульд зааснаар тамхи татах зөвшөөрсөн цэггүй бүх газар, мөн автобусны буудал, орон сууцны орц, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, их, дээд, дунд сургуулийн гадна орчин, цэцэрлэгт хүрээлэн гээд бараг нийслэл даяараа “хориотой бүс”.


Сум бол бүр бүхлээрээ “улаан шугам” татуулсан газар. Тэгсэн атлаа зөрчил гаргасан тамхичин байхгүй байна гэдэг утгагүй дүн байгаа биз. Гэтэл төрийн хяналт сул буйгаас хориотой гэгдэх гудамж талбай утаат тамхи татсан иргэдээр дүүрэн байна. Үүнд төрийн зохицуулалт буруу хийгдсэн гэх дүгнэлт тохирох шинжтэй. Хяналт тавих үүргийг олны дунд орхисноос хэн хэндээ найдах байдлаар хууль, хяналт замхарчээ. Харин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 748 мянган удаагийн үйлдлийг илрүүлээд торгох, саатуулах, баривчлах зэрэг бүх хэлбэрийн шийтгэл оногдуулсан зөрчлийг Замын цагдаагийн газар хариуцаж байгаа болохоор “буух эзэнтэй буцах хаягтай”. Харин тамхидалтын эсрэг хуулийг цагдаагийн байгууллага дагнан хэрэгжүүлэх, эрүүл мэндийн талаас нь ЭМЯ урьдчилан сэргийлэхэд зохилтой ч төрийн зүгээс засаг дарга, мэргэжлийн хяналт гээд “хошуу дүрэх” субьект олон болсноос “найдвар” дундаа хаясан байна. Ийн хууль “гууль” болов. Ном ёсоор хэрэгждэг бол залуучууд иргэний үнэмлэхээ шалгуулж тамхи авах заалт үйлчлэх ёстой. Тамхины хяналтын тухай хуульд 2012 онд нэгэн заалт нэмэгдэж орсон бөгөөд 6.8.1-т “Худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардах” гэж заасан ч үүнийг мэддэг дэлгүүрийн худалдагч ч алга. Тамхичин ТҮЦ-тээ, ТҮЦ тамхичиндаа хайртай гэж энэ бөлгөө.


Тамхичдын тоо жилээс жилд нэмэгдэж, нас нь залуужсаар байгаа тухай эрүүл мэндийн байгууллага анхааруулж, зарласаар байгаа. Гэвч энэ зуур хорт хавдраар өвчилж, нас барагсдын гуравдугаарт уушгины хорт хавдар жагсаж нэлээд хэдэн жилийг үдлээ. Тамхины хяналтын хууль “хяналтаа алдаж”, залуучуудад тамхины хор хөнөөлийг сурталчлах ажил хангалтгүй байгаагаас зөвшөөрөөгүй газар олноороо тамхилах явдал хэвийн үзэгдэл болсон. Ганцхан жишээ дурдахад спортын арга хэмжээний үеэр залуус олноороо “тамхилдаг” дүр зураг манай сонины “дуранд” өртжээ. Спортын төв ордонд болдог Сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээний завсарлагаар 100 гаруй залуус нэгэн дор тамхи татаж байх нь хэвийн үзэгдэл юм. Энэ бол спортыг ЭМЯ-наас холдуулахаас өмнө ч байсан үзэгдэл. Зөвхөн энэ үйлдэлд хариуцлага тооцоход нөгөө “ичмээр” тоон үзүүлэлт суга өсөхөөр байна. Зөрчлийн тухай хуулийн 6.3.1-т хариуцлагын заалт нь дурайтал бий. Мөн Тамхины хяналтын тухай хуулийн 11.1-д “хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, цагдаа болон хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ” гэсэн шалгах эрхтэй байгууллагын урт жагсаалт бий. Одоо эдгээр байгууллагаас хэн нь дээрх тамхичдад, хууль зөрчих боломж олгосон байгууллагад ямар хариуцлага тооцохыг харж сууя.




САНАЛ БОЛГОХ