Эрдэнэсийн сан буюу үзэж болдоггүй үзмэрүүд

Нийгмийн хариуцлага


Эрдэнэсийн сангийн бүх үзмэрийг үзмээр байна


Өнгөрсөн баасан гарагт тохиосон Олон улсын музейн өдрөөр Богд хааны ордон музейг нэн баяртайяа зорьсон бөлгөө. Учир юун гэвээс урьд өмнө нийтэд огт толилуулж байгаагүй VIII Богд хааны Эрдэнэсийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа хосгүй үнэт үзмэрүүдийг анх удаа олон нийтэд дэлгэнэ гэсэн болохоор тийн догдолсон хэрэг. “Богд хааны ордон үнэхээр гайхамшигтай. Европын орнуудын аль ч музейд байхгүй ховор үзмэрүүдийг энд л анх харлаа. Монголчуудын шүтээн болсон бурхан номын энэ ариун газарт байхгүй юм гэж алга. Богд хааны ордон дахь Өрнөдийн монемунталь тавилга, чимэглэл бүхий өрөөнд орж, хүн суумагц есөн төрлийн аялгуу эгшиглэдэг сандал дээр тухлаад халуун колумба кофе оочлон цонхоор онгон байгалийн ариун дагшинг бахдахын зэрэгцээ хажууханд дүүлэх янгир, буга гөрөөсийг харан нүд, сэтгэл баясан байлаа” хэмээн нэгэн цагт Барон Унгернд хамгийн ойр шадарлаж явсан Польшийн аялагч Ф.Оссендовский аян замын тэмдэглэлдээ дуу алдан бичиж үлдээснийг хүүхэд ахуйдаа уншиж билээ.


Хятадын шижир алтан гулдмай, Камчаткийн хар булга, Солонгосоос ирүүлсэн хүн орхоодой, бугын цусан эвэр, Энэтхэг одосын эвэр, Хойд мөсөн далайн хар хув, хирсийн эвэр,зааны соёо, тоолж барамгүй шүр сувд, үнэт чулуу, алтан утсаар нэхсэн уут дүүрэн бадмаараг, очир алмааз, алт, мөнгө, ган, зааны яс, хаш, үнэт модоор ур заан сийлсэн бурхад гээд энэ бүхэн Богд хааны эрдэнэсийн зөвхөн өчүүхэн хэсэг хэмээн түүний тэмдэглэл цааш үргэлжилсэн байдаг. Энэ бүхнийг л үзэх гэж хорхойссон юм. Гэвч хорь орчим хүн ороод шахалдах давчуу өрөөнд ердөө 10 гаруй төрлийн үзмэрийг л дэлгэсэн байхыг хараад гонсойв. Ядаж тэр үзмэрүүдийн үүх түүхийг тайлбарлаад өгөх тайлбарлагч алга. Энд баахан сэтгэл дутжээ. Гээд яахав, VIII Богд хааны төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын “Бодлоороо зангидсан илд”–ийг харах завшаан олдсонд баярлахаас өөр яалтай. Хүн бүр л тэрхүү алдартай үзмэрийг тойрон шавж, зарим нэг нь мөргөн залбирч, гүнээ сүсэглэх аж. VIII Богд Жавзандамба хутагт төр шашны үйл хэргийг цэвэр ариунаар сахин хамгаалах чин хүслээр чойжин буух айлтгал зарлиг буулган сар бүр товлосон билэгт сайн өдрүүдэд шашныг хамгаалагч сахиусуудыг буулгадаг байж.


Энэхүү зан үйл нь эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хорвоогийн ил далд, дүрстэй хийгээд дүрсгүй, дээд ба доод төрөлтөн бүхнийг аливаа хорлолоос амирлуулах үүднээс чойжин буухдаа Лувсанхайдав ламтны номын хүчээр зангидсан ган илд энэ юм. Мөн II Богдын хэрэглэж байсан аягыг анх удаа олноо үзүүлэхээр гаргасан байна. Гайхалтай нь тэрхүү үнэт чулуугаар хийсэн алтан суурьтай аяганд байгаа будаа, самар нь тэртээх 1734 оных гэнэ. Итгэмээргүй ч юм шиг. Үзмэрийн үнэ цэнэ чухам энэ бүхэнд л оршдог биз ээ! Энэ мэт нэн ховор, хосгүй үнэт үзмэр Богдын Эрдэнэсийн санд 8000 гаруй байдаг хэдий ч нийтэд хэзээ ч үзүүлж байгаагүй, цаашдаа ч үзүүлэх боломжгүй гэсэн музейн удирдлагуудын яриаг ойлгосонгүй. Маш харамсалтай. Засгийн газраас зөвшөөрөл өгвөл л цөөнөөр үзүүлж болох юм гэнэ дээ. Монголчууд ямар гайхамшигт өв соёл, эрдэнэс, үнэт бүтээлүүдтэйгээ мэдэж бахархах боломжгүй юм бол тэр бүхний үнэ цэнэ орших уу гэж бодогдлоо. Эрдэнэсийн сан дахь бусад үзмэрүүдийг видео арт хэлбэрээр үзүүлэх хэдий ч шүдэнзний хайрцгаас томдохгүй шахам дэлгэцээр хэдэн хоромд солигдох дүрсүүдийг тогтож харж чадахааргүй байлаа. Үнэхээр амтгүй юм билээ. Болдогсон бол тэрхүү 8000 үзмэрийг бүгдийг нь багтаасан Лувр шиг, Эрмитаж шиг гайхамшигтай ордонтой болохсон. Төр засгийн бодлого чухам ийм зүйлд л чиглэх ёстой мэт санагднам.




САНАЛ БОЛГОХ