Шуналдаа дийлдсэн сэтэртнүүдийн бай татвар төлөгчид байх ёсгүй

Нийгмийн хариуцлага


Орон нутгийн шантаажчид бүтээн байгуулалтыг боомилж байна


Жилд 900 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, 200 орчим сая ам.доллараар уурхай, хүдэр боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулсан нэгэн компанийг манай сумын удирдлагын төв байр, спорт залыг засаж, замын хажууд мод тарьж өг гэж Засаг дарга нь “лүндэн буулгажээ”. Сумын Засаг дарга эл үйлдлээ тухайн компаниар нийгмийн хариуцлагыг нь биелүүлж, орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдсэн гэж андуурч сууна. Харин уурхайн удирдлага иймэрхүү шалдар булдар ажлуудаа орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хамтын ажиллагааны үр дүн хэмээн төр засгийн удирдлага, бодлого боловсруулагчдад сийхгүй танилцуулж байх юм. Гэтэл аймгийн Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэхэд тохиролцож чадахгүй байгаагаа уурхайн удирдлага дуулгалаа. Албан бус эх сурвалжийн хэлснээр усаа 85 хувь дахин ашигладаг тус уурхайгаас ус ашигласны төлбөр гэж замбараагүй их мөнгө Засаг дарга нь нэхсэн гэнэ.


Энэ бол орон нутгийн удирдлага шат шатандаа гадаадын хөрөнгө оруулагчидтай ойлголцох чадавх ямар өрөвдмөөр түвшинд байгааг алган дээр дэлгэсэн мэт тод томруун харуулж буй хоёр жишээ. Өөр нэгэн баримт. Саяхан зүүн бүсэд томилолтоор явахад орон нутгийн удирдлагаас гадна хөрш зэргэлдээх аймаг сумдын удирдлага баялаг бүтээгчдэд балагтай болж буй тухай мэдээ дээд байгууллагуудын чихийг халууцууллаа. Сүхбаатар аймгийн Төмөртийн овооноос цайрын хүдэр олборлодог компанийн үйл ажиллагаанд Дорноговь аймгийн зүгээс өдөр алгасалгүй дарамт учруулж эхэлсэн байна. “Цайрт Минерал” ХХ К нь өдөрт дөрвөн машин цайрын баяжмал Сүхбаатар хотоос Сайншанд хүртэл авто замаар тээвэрлэж, түүнээс цааш төмөр замаар экспортолдог аж. Авто тээврээ Сүхбаатар, Дорноговийн тус бүр нэг тээврийн компаниар гүйцэтгүүлдэг бөгөөд Дорноговийн 190 км автозамыг ашигладаг. Зам ашигласны төлбөр болгож тус аймгийн удирдлагатай 700 сая төгрөгийн, дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Гэрээ нь хоёр дахь жилдээ хэрэгжиж буй ч өнгөрсөн жил гэрээний гүйцэтгэлээ урьдчилаад 100 хувь төлжээ.


• “Орон нутгийн шантааж, удирдлагын зохисгүй авираас болж засаглал сайтай хөрөнгө оруулагчид үргэж байна.
• Гагцхүү унах унаа, орон байр нь данхайж, орон нутгийнх нь хөгжил хумигдсаар.
• Нийгмийн хариуцлага нэрийн дор компаниудаас зохих ёсны төлбөр тооцооноос гадна заавал илүүг нэхдэг жишиг орон нутагт тогтоод удлаа.


Гэвч энэ жилээс дорноговийнхон гэрээнээс гадуур төлбөр нэхэж, тээвэрлэлтийг чинь зогсооно гэж өдөр бүр дарамталж буй аж. Тус уурхай жилд улсад 35-69 тэрбум төгрөгийн татвар төлж, орон нутагтаа жил бүр 1.5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт, үйлдвэрлэл дэмжсэн ажлууд хийдэг. Тэрчлэн Говь-Алтайд полиметаллын хайгуулынхан дөнгөж ажлаа эхлээд байхад нь жийптэй хэдэн нөхөд ирж, “олз”-оо тэнцүү хувааж авъя гэсэн “санал тавьжээ”. Нийгмийн хариуцлага бол нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөгүйг хэлнэ Хайгуулын экспедицийнхэн хариуд нь полиметаллын ордын хайгуул хийж буй учраа хэлэхэд, тэгвэл бидэнд падгүй гээд орхижээ. Яг ийм аргаар олз хуваахыг санаархагчид алт олборлодог компаниудыг илүүтэй ангуучилдаг. Уг нь дээд байгууллагаас зохих зөвшөөрлийг нь өгсөн тул тухайн компани хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, татвараа төлөх учиртай. Гэтэл нийгмийн хариуцлага нэрийн дор компаниудаас зохих ёсны төлбөр тооцооноос гадна заавал илүүг нэхдэг жишиг орон нутагт тогтоод удлаа. Ялангуяа, найр наадам, нутгийн ой тохиох жил бүр их холгодог.


Тэгээд энэ бүхнээ нийгмийн хариуцлага нэрийн дор халхалж, дүрэм журам ярьсан бүтээн байгуулагчдыг “нийгмийн лицензгүй” гэж даапаална. Мэргэжлийн ойлголтоор бол уурхай нийгмийн хариуцлагатай байна гэдэг нь нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөгүй байхыг хэлдэг. Харин ажлын байр нэмэгдүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж байгаа бол эерэг нөлөө нь тэр. Түүнээс биш аймаг, суманд спорт зал барих, цэцэрлэг сургуулийн дээвэр засварлах, эс бөгөөс малын халдварт өвчин, байгалийн гамшгийн үед давхар хариуцлага үүрэх нь уурхай болон бусад салбарын бүтээн байгуулагчдын хувьд заавал хийх ёстой ажил биш. Энэ бүхнийг улсын нэгдсэн төсвөөс санхүүжүүлж, орон нутаг бүрэн хариуцах үүрэгтэй. Гэтэл одоо орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүтээн байгуулагчид улсад татвар төлөхөөс гадна орон нутгийн удирдлагад хаялгатай байгаа нь яг үнэндээ нэгдмэл Монгол Улс холбооны зохион байгуулалтад орж байна уу гэж эмзэглэмээр. Бас аймаг, сумдын засаг дарга хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах, бүс нутаг байтугай аймаг, сумынхаа хэмжээнд уул уурхайн үр өгөөжийг хөгжил болгож бойжуулах чадваргүй байгаа нь харамсалтай. Газрын доорх ямар их баялгаа гаднынханд өгч байгаа билээ дээ. Хариуд нь жийп, хаус, сонгуулийн мөнгөнөөс илүүтэй орон нутагтаа үлдэх томоохон ажил хийчих сэтгэлтэй, чадвартай удирдагч байдаггүй гэж үү.


Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж “Орон нутгийн шантааж, удирдлагын зохисгүй авираас болж засаглал сайтай хөрөнгө оруулагчид үргэж байна. Оронд нь өнөө маргаашаа бодсон дарга нарыг аргацааж сурсан хятадууд эсвэл нинжа нар л үлдлээ шүү дээ” гэсэн юм. Өмнөх нийгмийн үед Засаг дарга ямар түвшний удирдагч байх ёстойг домог болсон хөдөлмөрийн баатрууд болох Ч.Чулуун, Р.Минжүүр, Г.Лодойхүү нар харуулж байсан. Тэр үед өнөө цагийнх шиг зам тээвэр, харилцаа холбоо хөгжөөгүй ч нутгаа гэсэн хоёргүй сэтгэлээр тэмээн жин хөтлөөд Монголын нэг захаас нөгөө хязгаарт хүрч малын үүлдэр угсаагаа сайжруулж, газар тариалан хөгжих том бааз бий болгосон түүх бол тэднийх. Харин одоогийн засаг дарга нар үлгэр домог мэт санагдах ийм их үйлсийг хүчирдэггүй юм гэхэд ядаж эрчим хүч, зам тээвэр, үйлдвэр хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхэд уул уурхайн компаниудын удирдлагатай ойлголцох учиртай, уг нь. Социализмын үеийн дарга нартай харьцуулахад одоо үеийнхэн бүгд л Удирдлагын академийн диплом өвөртөлсөн, боловсролын хувьд бараг л илүүрхэхээр. Даанч компанийн удирдлагатай ойлголцох хэмжээний чадавх тэдэнд алга. Тиймдээ ч нутгийг нь зориод очсон хөрөнгө оруулагчидтай нутагтаа үлдэцтэй, ард иргэдтэй хэрэгтэй хамтын ажиллагаа явуулж чадахгүй байна. Гагцхүү унах унаа, орон байр нь данхайж, орон нутгийнх нь хөгжил хумигдсаар. Эзэнгүйдсэн тэдгээр нутагт XVIII, XIX зууны зэрлэг өрнөд шиг хэн дуртай нь очоод буу тавьж байсан жишээ саяхных.


САНАЛ БОЛГОХ