М.Мөнхбаатар: Арбитрын шүүхэд мөнгө төлснөөс ажилчдынхаа цалинг нэмэх нь зүйтэй гэж Монгол зэсийнхэн үзэж байна

Орон нутаг


“Монгол зэс” корпарацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар-тай ярилцлаа.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой бичиг баримтууд алдагдах эрсдэлтэй гэсэн мэдээлэл хүргүүлсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр” компани хувьцаа эзэмшигчдийн маргаантай байгаа ч бид компанийн үйл ажиллагаанд байнга санаа зовж, анхаарал хандуулсаар байгаа. “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудал сүүлийн хоёр жил олон нийтийн анхааралд орсон. Гэхдээ энэ асуудал бүр 2007 оноос үүдэлтэй. 2013 онд хэлцлийн нөгөө тал болох БНХАУ-ын хамгийн том банкны эзэмшлийн ICBC Standard Bank гэх Өмнөд Африкийн банк олон улсын арбитрын шүүхийн асуудалд орж ирсэн. Бидний зүгээс энэ өрийг “Эрдэнэт” үйлдвэр бус буруутай этгээдүүд төлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үйлдвэр энэ өрийг төлснөөрөө ирээдүйд орох хөрөнгө оруулалтын хэмжээ хасагдана. Мөн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд зориулах хангамж байхгүй болно гэх мэт асуудлууд бий болно. Үүнээс болж татвар төлөгчид хохирч болохгүй. Энэ үндсэн дээр зарим нэгэн чухал бичиг баримт хуулийн хэлтсийн дарга М.Мөнхжаргалын гэрээс олдсон гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явсан. Тиймээс үүнд анхаарал хандуулах хүсэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан ёсоор тавьсан.

-“Эрдэнэт” үйлдвэрт хувийн хэвшлийн оролцоо бий болсноор үйл ажиллагаа нь хэр сайжрав?

-Жишээ нь 2016 онд худалдан авах ажиллагаа буюу тендер ганцыг л зарлаж байсан бол өнгөрсөн онд 500 гаруй тендер зарлалаа. энэ хүрээнд бид 23 тэрбум төгрөг хэмнэж чадсан. Үүгээр өнгөрсөн оны эцэст ажилчдынхаа цалинг нэмж, урамшуулал, шагнал олгосон. “Эрдэнэт” үйлдвэр маань өнөөдөр 40 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин одоо үйлдвэр цаашид яах ёстой вэ гэсэн асуудалтай тулгараад байна. Хэдийгээр байгалийн баялгаа харвал цаашид үйлдвэрлэл явуулах тодорхой хугацаа байгаа ч, 40 жил ажилласан үйлдвэр гэдэг нь тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Дээрээс нь нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай тулгарч байна. Яагаад нөөцөд анхаарч байна гэхээр хүдэр дэх зэсийн агууламж жил ирэх тусам буурч байгаа. Тэгэхээр ирээдүйд нэгжийн өртөг зардал нэмэгдэх бэрхшээл тулгарна. Үүнээс зайлсхийхийн тулд орчин үеийн шинэ технологийг үйлдвэртээ нэвтрүүлэхээс өөр арга замгүй. Мөн геологийн хайгуул судалгааг илүү нарийвчлалтай хийж байж өөрийн нөөцийг зөв ашиглах шаардлага бий болж байгаа юм.

-Хэдий маргаантай ч Эрдэнэт үйлдвэр 100 хувь монголын үйлдвэр болсон шүү дээ?

-Өмнө нь Орос-Монголын хамтарсан үйлдвэр байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр Монголын компани болж, Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. 2017 онд гэхэд өнгөрсөн 40 жилд төлж байгаагүй их хэмжээний татвар анх удаа төллөө. Мэдээж манай компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан үргэлжилж байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээс дуулгахад гурван долоо хоногийн өмнө Захиргааны хэргийн шүүхээс манай компанийн талд шийдвэр гарсан. Бид бүхэн энэ маргаан удахгүй дуусах байх гэж итгэж байгаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд санаа тавьж анхаарлаа байнга хандуулж ирсэн. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал, Эрдэнэт хотын гэрэлт гудамж байна. Энэ арга хэмжээний хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид болон Эрдэнэтчүүддээ жижигхэн хэмжээний бэлэг барих зорилгоор хоёр өдрийн турш ОХУ-ын “Үлгэр” театр, Улаанбаатар хотод тоглож байгаа хүүхдийн тоглолтуудыг авчирч үнэ төл- бөргүйгээр 2000 гаруй хүүхдэд үзүүллээ.

-Хувийн хэвшилтэй холбоотой өөр сайн мэдээ юу байгаа вэ. Миний ойлгож буйгаар танайх худалдан авалтын бодлого, журмаа өөрчилснөөр шударга өрсөлдөөн бий болсон?

-2017 оны хоёрдугаар сард болсон ТУЗ-ийн хурлаар манай талаас тендерийн журам санаачилснаа танилцуулж, улмаар зургадугаар сард баталсан. Түүнээс хойш уг журмын дагуу 500 гаруй худалдан авалтын үйл ажиллагаа зохион байгуулаад байна. Уг журмын давуу тал нь манай үйлдвэрт хэмнэлт бий болгосноос гадна өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй харилцаж чаддаггүй байсан аж ахуйн нэгжүүд харилцдаг болсон нь хамгийн том давуу тал юм. Удаах нь дотоодын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ эрдэнэт үйлдвэрт нийлүүлэх боломж олгосноороо давуу талтай. энэ давуу тал олгосон журам нь цаашдаа эрдэнэт хот нь өөрөө өөрийгөө зөвхөн эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрээс хамааралгүйгээр аваад явах боломжийг ирээдүйд олгоё гэсэн бодлогын шинж чанартай юм.

-Эрдэнэт хотод үйлдвэрлэл хөгжүүлэхийг зорьсон гэж үү?

-Яг үнэн. Засгийн газраас аж үйлдвэрийг кластерийн зарчмаар хөгжүүлэхийг бодлогодоо тусгасан. Тиймээс ч бид хувийн хэвшлийн зүгээс төртэй хамтарч “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн энд кластер хөгжүүлэх боломж нь бий гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ жижигхэн журам бол үүнийг урт хугацаандаа хөгжүүлнэ гэсэн бодлого юм. Гэхдээ энэ бол бидний богино хугацаанд хийж чадсан нэг зүйл. Мэдээж ажил хийх боломж илүү олгосон бол, 2017 оны гуравдугаар сараас эхэлж, жил гаруй хугацаанд үргэлжилж буй хувьцаа эзэмшигчдийн маргаан анхнаасаа байгаагүй бол, эсвэл богино хугацаанд шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг төр засаг Үндсэн хуульд зааснаар дээдэлсэн бол үүнээс ч ихийг хийх боломж байсан юм. Гэхдээ бид үйлдвэрийн үйл ажиллагааг маш болгоомжтой ажиглаж, анхаарч байгаа. 51 хувийн маргаанаас үүдсэн төлбөр тооцоог үйлдвэр болоод төр буюу татвар төлөгчид төлөх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Үүнийг буруутай этгээдүүд төлөх ёстой. Одоохондоо буруутай этгээд гэдэгт 1-2 хүнийг зааж байгаа боловч цаана нь тэднийг дэмждэг улс төрийн болон хувийн сонирхолдоо хөтлөгдсөн маш олон хүн бий. Тиймээс буруутай гэдэгт тэр хүмүүсийг бүгдийг нь хамруулж хэлж байгаа юм. Бидний өнөөдөр санаа зовж буй хамгийн гол зүйл бол эрүүгийн ангилалд орох энэ хэрэгтэй холбоотой баримт, материалуудыг устгачих вий, мөрдөн шалгах үйл ажиллагаанд ямар нэг байдлаар саад болох вий гэдэг үүднээс ихээхэн анхаарч байгаа юм. Бидэнд хувьцаа эзэмшигчдийн маргаантай асуудал байгаа хэдий ч нийгмийн хариуцлагаа мартаагүй. Эрдэнэт хот, орхон аймагт нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авсан. Үйлдвэрийн 40 жилийн ой болон хүүхдийн баяр болж буй ч бид асуудлуудаа орхигдуулж болохгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд цаашдаа хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах бодолтой байгаа. Тухайлбал, энэ зун сурлага, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн, эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдийг олон улсын найрамдал зусланд амраах бодолтой байна. Гэхдээ үүнийг эрдэнэт үйлдвэртэй зөвлөлдөж, аймгийн Засаг даргатай хамтарч шалгаруулаад зундаа багтаана. Энэ арга хэмжээний гол зорилго бол тэд маань Монгол Улс, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй тул сурлага, боловсрол, эрүүл энх байх явдал маш чухал юм. 2018-2019 оны хичээлийн жилд сурлага хөдөлмөрөөр тэргүүлэх боломжийг бий болгохын тулд сайхан амарчихаад ирвэл арай илүү сурах болов уу гэж бодож байна. Пионерийн зуслан бол хүүхдийг бие даалгаж, нийгэмшүүлдэг давуу талтай.

-Үйлдвэрийн 6000 гаруй ажилчид ямар ашиг хүртэв, та бүхэн тэдний нөхцөлийг хэрхэн анхаарч байгаа вэ?

-Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр өмнөх 40 жилийн түүхэнд байгаагүй их татварыг улсад төллөө л дөө. Үйлдвэрт бий болсон энэ ашиг бол захирлаас эхлээд үйлчлэгч хийж байгаа бүхий л хүний оруулсан хувь нэмэр, амжилт юм.

• Бидний санааг хамгийн их зовоож буй зүйл нь мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэг байдлаар саад болохвий гэдэг байна.
• Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн маргаанаас болж сард 2.5 тэрбум төгрөгийн хүү торгууль төлж байгаа.
• 2017 онд Эрдэнэт үйлдвэр өмнөх 40 жилийн хугацаанд төлж байгаагүй их татварын орлогыг улсад бүрдүүлсэн.

2017 он болон энэ жил зэсийн ханш өндөр байгаа нь компани ашигтай ажиллаж, өндөр татвар үзүүлэхэд нөлөөлсөн нь үнэн. Энэ хүрээнд бид 2017 онд ажилчдын цалинг тодорхой хэмжээгээр нэмсэн, ирээдүйд ч нэмэх боломж бололцоо байгаа гэж харж байгаа. Урамшуулалт цалин мөн олгосон. Гэхдээ энэ бүхэн жижигхэн зүйл л дээ. Хүн бүрт шударга, сайн хөдөлмөрлөснийхөө үр ашгийг авах, хүртэх эрх бий. Өөрөөр хэлбэл, манай ажилчид авах ёстойгоо авсан, хүртсэн гэж бид харж байна. Түүнээс биш үүнийг бид өөрсдөө хийсэн мэтээр хамаатуулж ярих нь зохимжгүй, бас илүүц байх л даа. Идэр насандаа хүрсэн энэ үйлдвэрт маань цаашдаа хийх зүйл их байна. Дэд бүтэц, тоног төхөөрөмж нь элэгдэж, хаягдлын аж ахуйд шийдэх хэрэгтэй бэрхшээл их бий. Энэ бүхэнд бид бүхэн өөр өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллах ёстой. Үүний тулд ТУЗ-ийн гишүүн би өөрөө, компанийн гүйцэтгэх удирдлага, инженер техникийн болон энгийн ажилчид бүгд ажилдаа чин сэтгэлээр хандаж байж үр дүнд хүрнэ. ТУЗ дээр жил бүр ярьдаг асуудал бол хүдрийн агуулга буурч байгаа тул геологийн нэмэлт хайгуул хийх шаардлагатай байна, өмнөх мэдээлэл нь хуучирсан, шаардлагад нийцэхээ больсон тул шинэ стандартад оруулж, тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай болсон тухай асуудал. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайжруулахад их ажил хийсэн ч ажилчдынхаа аюулгүй байдлыг улам их анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Олон улсын стандартын дагуу аюулгүй байдлыг анхаарч ажиллах зайлшгүй шаардлага үнэхээр их байгаа. Үүнтэй холбоотойгоор хамгийн энгийн жишээ хэлэхэд, үйлдвэрийн бутлах цехийн ажилчид өнөөдөр нүдний шил, амны хаалт, чихний хамгаалалтгүй ажиллаж байна. Үүнээс болж сонсох чадвар муудах, тоосонцор ихтэй орчин тул амьсгалын системд сөргөөр нөлөөлөх гэх мэт мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсгэх уршигтай юм. Энэ бүх эрсдэлийг хөдөлмөрийн аюулгүй байдал хааж өгдөг. Тиймээс л үүнд олон улсын стандарт нэвтрүүлэх шаардлагатай гэж үзээд байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр үйлдвэр маань олон жил өрсөлдөх чадвараа хадгалахын тулд хэдхэн зүйлээр тодорхойлогддог. Бүтээгдэхүүний өртгөөс гадна үйлдвэрийн үйл ажиллагаа, гарч байгаа бүтээгдэхүүн олон улсын стандартад нийцэх ёстой. Тухайлбал, манайхтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Чилийн зэсийн үйлдвэрүүд 30 гаруй хувийн агууламжтай баяжмал олон улсын зах зээл дээр гаргадаг бол манайх 23-24 хувийн агууламжтай байдаг. Чилийн зэсийн агууламж манайхаас өдий хэмжээгээр их байна гэдэг тээврийн зардал тэр хэмжээгээр хэмнэгдэж байна гэсэн үг.

-Кластерын зарчмаар хөгжихөд ямар давуу тал Эрдэнэт хотод байна вэ?

-Эрдэнэтийн хамгийн том давуу тал нь дэд бүтцийн хөгжил гэж би боддог. Мөн боловсон хүчин сайтай. 100 гаруй мянган хүн амтай энэ хотод маш чадварлаг инженер техникийн ажилчдаас гадна оросын соёл хамгийн их нэвтэрсэн гэж би ойлгодог. Өнөөдөр мөнгө олохоос илүү чадварлаг боловсон хүчин олоход хэцүү болсон цаг үе байна шүү дээ. Чадварлаг ажилчин, боловсон хүчин гэдэг мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй болсон, тэр бүхэн нь Эрдэнэт хотод байна. Тиймээс энэ давуу талаа ашиглаад Эрдэнэт хотод нэг жижигхэн цех, үйлдвэр нэмүү өртөг шингээсэн баялаг бүтээж байвал түүнийг нь худалдаж авах боломж “Эрдэнэт үйлдвэр”-т байгаа юм. Хамгийн гол нь олон улсын стандартад нийцсэн, өрсөлдөх чадвартай, зах зээлийн үнэд нийцсэн бараа бүтээгдэхүүн байх ёстой л гэдэг шалгуур тавьж байгаа. Цаашид ч “Монгол зэс” корпорацийн зүгээс давуу тал олгоход дэмжиж ажиллана.

-Олон улсын арбитрын шүүхэд үүссэн маргаан, түүний шийдвэр үйлдвэрийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа бол?

-Энэ шийдвэр манай компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа эзэмшигч болохоос өмнө гарсан шүү дээ. 2016 оны тавдугаар сард арбитрын хурал болж, шийдвэр гарсан. Харин цаасан дээр буух үйл явц нь 2016 оны есдүгээр сар хүртэл үргэлжилсэн юм. Шийдвэр компанийн үйл ажиллагаанд шууд ба шууд бусаар нөлөөлж байгаа. Нөлөөлөх ч байх. Хамгийн энгийнээр хэлэхэд, бид сар бүр нэг сая ам.доллар буюу 2.5 тэрбум төгрөгийн хүү, торгууль төлөөд явж байна. энэ бол монгол Улсад хүүхдийн хоёр цэцэрлэг, 800 хүүхдийн нэг сургууль барих мөнгө. Ийм хэмжээний мөнгө бид сар бүр алдаж байна. Ярианы эхэнд 500 орчим тендерээс 23-24 тэрбум төгрөг хэмнэсэн тухай дурдсан. Гэтэл зөвхөн энэ онд гэхэд 12 сая ам.доллар буюу 30 тэрбум төгрөг энэ асуудалтай холбоотойгоор алдаж байна. Мөн компанийн олон улс дахь нэр хүнд зөөлнөөр хэлэхэд маш тааруу нөхцөл байдалтай байна. Дуудах нэрийг эцэг, эх, дуурсах алдрыг өөрөө олж авдаг гэдэг шиг үүнийг даруй засахгүй бол олон улсад бидэнтэй харьцдаг компаниуд харьцаж чадахаа больж байна. мөн биднийг хувьцаа эзэмшигч болохоос өмнө MRI компанитай холбоотой бас нэг маргаан байсан. Үйлдвэр маань мөн л энэ маргаанд ялагдаж, олон сая ам.долларын өрөнд орсон. Үүнээс болж гадаадын харилцагчаас орж ирэх ёстой компанийн мөнгийг авч чадахгүйдээ хүрч байсан. 30 гаруй сая ам.долларыг гаднын банкны дансанд царцаасан байсан юм. Үйлдвэрийн хуулийн хэлтэс маш сайн ажилласны хүчинд найман сая ам.долларын алдангийг долоон сая болгож бууруулж, 30 сая ам.доллараа авсан. Энэ үйл явдал 2017 оны гуравдугаар сард болсон. Тэгэхээр үүнтэй адилхан нөхцөл байдал одоо үүсэх эрсдэл өндөр байна.

-51 хувьтай холбоотойгоор зарим хүнийг шалгаж байна. Таны харж буйгаар хяналт шалгалт хэр зэрэг урагштай байна вэ?

-Шударгаар шүүж, тогтоох байх гэж найдаж байна. Харамсалтай нь 51 хувьтай холбоотой хүмүүс улс төрийн зорилгоор янз бүрийн зүйл хийж байна. Тухайлбал, Д.Сугар гэхэд Үндсэн хуулийн цэцийн гишүүн байхдаа Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг шүүн хэлэлцэж байсан нь ашиг сонирхлын маш том зөрчилтэй юм. Хувь хүн, хуульч хүн, мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүний хувьд мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл гэж бодож байна. Монголд шударга шүүх байгаа. Үнэн зөвийг нь тогтоох байх. энэ хэрэг 2013 онд арбитрт очсон. Түүнээс хойш таван жил өнгөрөхөд буруутай этгээдийг өнөөдөр болтол тогтоогоогүй байна. Шүүхээр ямар нэг байдлаар таслан шийдэгдээгүй байгаа. Тиймээс ямар удаан явж байгаа нь тодорхой байна.

-Засгийн газар хувийн хэвшлийг дэмжинэ гэдгээ хурал зөвлөгөөн, уулзалт бүр дээр хэлж байна. Үнэхээр дэмжиж байна, орчин бий болгож чадаж байна гэж та хувийн хэвшлийн зүгээс харж байна уу?

-Манайх хөгжиж байгаа улс. Хөгжихөд маш их бэрхшээл бий. Гэхдээ хөгжсөн орнуудын түүхийг харахад хууль эрх зүйн орчин тогтвортой, гаргасан шийдвэрийг нь дараагийн Засгийн газар өөрчилдөггүй л байх хэрэгтэй. Тогтвортой орчинд ажиллах юмсан гэж хүсэж байна. Ерөнхий сайд ч мөн эдийн засгийн чуулган дээр хувийн хэвшлээ дэмжинэ гэж сайхан үг хэлсэн. Хэлсэндээ хүрээсэй л гэж бодож байна.

-Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл буурдаг. Гэтэл төр итгэл нь буурдаггүй юм шиг, тооцохгүй мэт л аашилдаг. Уг нь бол эдийн засаг, төсөв, хувийн хэвшлийн аль аль нь хөрөнгө оруулалт дээр л тогтож байна. Тэдний итгэл буурсан тохиолдолд ямар сөрөг үр дагавар авчирдаг вэ?

-Мэдээж тухайн нөхцөл байдал бүрт шийдвэр бий. Гэхдээ том дүр зургаар нь харвал өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчид байхгүй болчихлоо. Гадаадын гэдэг нь барууны, хөгжингүй орнуудыг хэлж байна. Монголд үлдсэн хөрөнгө оруулагчид нь урд хөршийнхөн л байна. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд хувийн бодлоо хэлэхэд манай улсын эдийн засаг нэг улсаас хэт хараат байна. Экспортынх нь 80 хувь, хөрөнгө оруулалтынх нь 40-өөд хувь БНХАУ-ынх байна. Үүнийг би гэхдээ шууд буруутгаж байгаа юм биш. Хөрөнгө оруулагчийн зүгээс харахад манай улсад боломж байгаа учраас тэд эрсдэл хүлээж, мөнгөө оруулаад байна шүү дээ. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын бодлого хэрэгждэг бол нэг улсаас хэтэрхий их орж байгаа хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд хязгаарладаг л байх ёстой. Үүнд зөвхөн БНХАУ гэхгүй ОХУ ч хамааралтай. Мөн БНСУ, Япон, АНУ, Европын холбооны бүх улсад хамааралтай.

-Засгийн газар хувьчлал эрчимжүүлэхээр хэд хэдэн ТӨХК-ийн нэр орууллаа. Өмнөх хувьчлалын түүх таагүй байхад энэ удаагийнх яах бол. Та үүнд юу гэж хариулах вэ?

-Саяхан МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлах гэж байгаа тухай мэдээ сониноос уншсан. Энэ асуудал өнгөрсөн 4-5 жилд яригдаж байсан ч одоо хүртэл хийгдээгүй л байна. Шалтгааныг нь би мэдэхгүй. Гэхдээ хувьчлахдаа дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжээсэй л гэж хүсэж байна.


САНАЛ БОЛГОХ