Газарт буудаггүй жигүүртэн гэж байдаггүй

Нийтлэлчийн булан


Доодсыг дорд үзэх дээдсийн доромжлол дуусахгүй нь. Муу дээр муухай, мулзан дээр нь улцан гэгчээр ёс зүйгүй, хариуцлагагүй улстөрчид ядарсан иргэдээ басамжилж, тавлахдаа хэнийг ч дагуулахгүй. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир УИХ-ын чуулганы тавдугаар сарын 25-ны хуралдааны үеэр олон мянган эцэг эхийг арчаагүй, залхуугаар дуудаж, тачигнав. Түүний хэлсэн үгийг элдэв хачиргүй танд хүргэе. “Таван хүүхэдтэй айлын эцэг эх хоёр ажил хийхийг хүсэхээ больсон. Нээлттэй ажлын байранд шалгалт өгөөд зориудаар унаж байна. Таван хүүхдийнхээ 100 мянган төгрөгөөр сардаа амьдарчихаж байхад хар бор ажил хийхгүй хэмээн ярьдаг бас боддог боллоо” хэмээн баахан зандрав. Л.Элдэв-Очирын ихэрхэл тэр дороо олон нийтэд түгж, иргэдийн эгдүүг хүргэж, уур бухимдлыг нь барсан. Ялангуяа, нийгмийн сүлжээгээр энэ үгэнд эгдүүцсэн, бас доог тохуу, мааз болгосон иргэд цөөнгүй. 100-хан мянган төгрөгөөр долоон хүн нэг сар яаж хангалуун амьдрахыг эрхэм гишүүнээр заалгах хүсэлтэй иргэд байхад MN25 телевизийн “21000” шоунд Л.Элдэв-Очирыг оролцуул гэсэн хэсэг ч байв. Зарим нь бүр 100 мянган төгрөгийг таван хүнд хувааж, нэг өдөрт 460 төгрөг ногдоно гэсэн тооцоог ч хийгээд амжсан байх юм. Л.Элдэв-Очирын энэ лут дүгнэлт эгэл бор амьдралаа эрхэм гишүүдийн дарамтгүйгээр авч яваа олон түмнийг ихэд эмзэглүүлсэн. Харин үүнд нь эрхэм гишүүн учиргүй гомджээ. 100 мянган төгрөгөөр амьдарч байгаа айл “Улаанбаатар хотын захаар дүүрэн байна. Миний хэлсэн буруу зүйл биш” хэмээн өөрийгөө өмөөрч, хэвлэлээр нэг гомдлоо тайлан, гонгинож байна.

Л.Элдэв-Очир мэтийн дээдэс энгийн иргэдийг залхуу, хойргоор нь дуудаж, гуйлгачин, түүлгэчин хэмээн доромжилж болдог. Харин бид эмзэглэлээ илэрхийлж ч болдоггүй байх нь. Нэгэнт Л.Элдэв-Очир мэтийг бид л сонгосон хойно хүртэх ёстойгоо хүртээд, элдвээр хэлүүлээд л сууж байхаас яалтай. Хоёр чихэндээ хүртэл итгэхэд бэрх, амьдралаас хэт тасарсан үгс хэлдэг төрийн түшээ зөвхөн энэ гишүүнээр дуусахгүй. Иргэд яаж амьдарч байгааг мэддэггүй сансарын “амьтад” ордноор дүүрэн. Өнөөдөр ширхэг талх, килограмм мах хэдэн төгрөгийн үнэтэйг мэддэг улстөрч хэр олон байгаа бол. Тэгсэн атлаа том том ярьж цэцэрхэгчид цөөнгүй. Бараг талхны үнэ асуувал би угаасаа мэдэх албагүй гээд Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг шиг өөрийгөө өмөөрөх биз. Манай улстөрчид баахан том төсөл хөтөлбөр, хоосон тоо ярихаас өөрийг хийж, харж чадахаа больсон. 2016 онд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Монгол Улсын иргэд хэт их тансаг амьдраад ирсэн байна. Тиймээс ард иргэдийг хэмнэлтийн горимоор амьдруулж сургана” хэмээн “заналхийлсэн”. Бас УИХ-ын гишүүн М.Билэгт 300-400 мянган төгрөгийн цалинтай эмч сувилагч нар цалингаа голох хэрэггүй хэмээн саяхан цамнасан. Үнэндээ сувилагч нарын цалин эдгээр эрхмийн нэг өдрийн хоолны үнэнд ч хүрэхгүй. Гэтэл энхийн манаанд хоёр нарны хооронд сунаж унатлаа ажилладаг албан хаагчдад энэ цалин хангалттай хэмээн тэрбээр дүгнэж байна. Махны үнэ 10 мянган төгрөг шүргэж, иргэд зүсэм мах арайхийн авч байсан хаврын тарчиг цагт парламентын туршлагатай “бурхи” нарын нэг, Шадар сайд Ө.Энхтүвшин махны үнэ зах дээр 1200 төгрөг байна хэмээн хадуурч байсан удаатай.

Ер нь эрх мэдэл, эд баялагт хүрэхийн цагт бусдыг ойлгох хүний нинжин сэтгэл буурдаг гэсэн судалгааг Калифорнийн их сургуулийн сэтгэл судлалын профессор хийсэн байна. Эрх мэдэл, хөрөнгө ихтэй хүмүүс дүрмээс гадуур, ёс зүйгүй үйлдэл хийдэг гэдгийг баталж, эрх мэдэл нь нийгэмд бүдүүлэг ааш авир, бусдыг үл хүндэтгэдэг байдлыг бий болгодог гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өөрсдийгөө кибер ертөнцөд аваачсан өнөөгийн улстөрчид хий хоосон цэцэрхэхээс өөр, ард иргэд нь яаж амьдарч, олсон хэдэн төгрөгөөрөө амьдралаа хэрхэн залгуулж байгааг мэдэж байгаа ч юм алга. Цонхны цаанаас амьдрал тэдэнд сайхан харагддаг байж болох. Эгэл жирийн амьдрал тэднээс ямар хол байна вэ. Тийм атлаа монгол төрийн бодлогыг тодорхойлох гэж зүтгэнэ. Өнөөдөр иргэдийн амьдралыг газар дээр нь очиж, бодит байдалтай танилцаж буй улстөрч хэр олон байна вэ. Ер нь монгол төрийн босго бэл бэнчинтэй л бол хэнбугай ч алхаад орчихоор намхан болоо юу даа. Төрийн ордон, тансаг харшаасаа холддоггүй, саарал ордон, үнэтэй машин, тансаг сууцны зөөлөн суудлаас ховхордоггүй улстөрчид өөрийгөө голж, өөрөөсөө ичиж байгаа ч юм алга. Мэддэг, мэддэггүй, заримдаа бүр мэдрэлгүй юм ярьж, өмнөөс нь ичихэд хүртэл хүргээд байгаа нь үнэн. Ийм амьдралаас хол тасарсан “тэнгэрийн амьтад”-ын баталсан хууль газрын бидэнд яаж ч нийцэх билээ. Төрийн түшээд хууль үйлдвэрлээд л байдаг, тэр нь бодитой, амьдралд хэрэгждэггүйн шалтгаан нь энд оршдог.

Ийм байхад монгол төрийн мэргэн, оновчтой бодлогын талаар яриад ч нэмэр алга. Тэнгэрийн амьтад тэндээ хуулиа баталж, газрын бид эндээ л үлдэхээс өөр аргагүйд хүрчихээд байна. Жигүүртэн хүртэл газардаж, хөрсөндөө буудаг. Гэтэл манайд хоёр туйл адил холдон салсан энэ ялгаа ойртох бус улам холдсоор. Уг нь иргэдээ ажилтай орлоготой болгох нь төрийн үүрэг. Улс орнууд иргэдээ сая саяар нь ажлын байраар хангаж, ядуурлаас гаргаж буйгаа улстөрчид бахархалтай зарлаж байна. Гэтэл манайхан ингэж бахдам амжилт гаргадаггүй юм гэхэд дайрч, доромжлохгүй баймаар. Хэрээсээ хэтэрч өндөрт салах аваас хэтэрхий чанга унадаг гэмтэйг эрхэм түшээд санаж л байдаг байлгүй дээ.


САНАЛ БОЛГОХ