“60 тэрбум”-ын шинэчилсэн хувилбараар Эрдэнэт үйлдвэрийг онилжээ

Байр суурь


Үйлдвэрийн ажилчид шинэ захирлуудаа огцруулах бичигт гарын үсэг зуржээ


Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг хууль бусаар хуралдуулж, үйлдвэр эрхэлсэн захирал, Нийгмийн асуудал хариуцсан захирлыг хүчээр томилсны уршиг тус үйлдвэрийн ажилчдын эрх ашигт сөргөөр нөлөөлж эхэлжээ. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооноос өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд хандсан юм. Тус үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны дарга П.Баттөрийн мэдээлснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчид, тэдний байгуулсан үйлдвэрчний эвлэлийн зүгээс Стандарт банкинд өр төлөх болсныг эсэргүүцэж хэдэн сарын өмнөөс тэмцэл өрнүүлсэн аж. Тэд нэр бүхий тодорхой улстөрч, эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдлийн төлөө гадаадын банкинд өр төлөхийн оронд ажилчдынхаа цалинг үе шаттай нэмэгдүүлэх ёстой гэсэн шаардлагыг үйлдвэрийнхээ өнөөгийн удирдлагуудад хүргүүлээд байсан юм. Гэтэл тэдний үзэж байгаагаар Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт хууль бусаар томилогдсон захирлууд эрх зүйн чадамжгүйн улмаас хамтын маргаан үүсгэх эрхгүйдээ ороогдон шаардлага хүргүүлсэн хүмүүсийг хоморголон халж эхэлсэн юм байна. Эрдэнэт үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг бүтцийн өөрчлөлт нэрийдлээр халах оролдлогыг сүүлийн үед эрчимжүүлж эхэлжээ. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс ажилчидтайгаа хамтын гэрээ байгуулж ажилладаг бөгөөд гэрээнийх нь хугацаа дуусгавар болж байгаа юм байна.

Иймд уурхайчид болон ҮЭ-ийн зүгээс шинээр хийх хамтын гэрээндээ ажиллагсдын цалинг хоёр жилийн хугацаанд үе шаттай нэмэгдүүлэх, үр дүнгийн урамшууллын хэмжээг хоёр сараар олгодог болгох саналыг тавьсан нь маргаан үүсгэсэн аж. Харин хууль бусаар томилогдсон захирлууд үйлдвэрийнхээ гол хөдөлгөгч хүч болсон ажилчдынхаа цалинг нэмэх боломжийг судлахын оронд эрх зүйн чадамжгүй байдлаа нуухын тулд үйлдвэрчний эвлэлийн удирдлагад өөрсдийн үгээр хөдлөх “чих зөөлөн” хүмүүсийг тавихаар улайрч эхэлсэн байна. Энэ үйлдлээ хүчээр гүйцэтгэх тактикийг ч боловсруулжээ. Тухайлбал, 14 хоногийн өмнөөс үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудыг Эрдэнэт үйлдвэрт орохыг хориглож уурхайчдыг тэдний эсрэг турхиран урвуулах ажиллагааг хийж эхэлсэн гэнэ. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дийлэнх нь өөрсдийн эрх ашгийг хамгаалдаг ҮЭ-ийн талд зогсож байгааг мэдэрсэн удирдлагууд ҮЭ-ийн дарга П.Баттөрийн албан тасалгааны цоожийг эвдэн орж, сэйф, шүүгээг нь хэмхчин, ҮЭ-ийн тамгыг хулгайлахаар оролджээ. Тэрхүү хууль бус үйл ажиллагааг ҮЭ-ийн холбооны зүгээс шалгуулахаар шүүх, цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж. Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийнхэн Засгийн газраас томилогдсон өнөөгийн ТУЗ-ийн хууль бус захирлуудын эсрэг зогсох болсон өөр бодит шалтгаан бас бий. Тус үйлдвэрийн ажиллагсад, уурхайчдын дунд ч шинээр томилогдсон захирлуудын нэр хүнд таагүй байгаа нь эсэргүүцлийн бас нэг шалтгаан болсон аж.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК 2017 онд түүхэнд байгаагүй их хэмжээний татвар төлсөн бөгөөд үүний гол шалтгаан нь үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч хувийн хэвшлийн хяналт тогтож компанийн зөв засаглалтай болсноос гадна, шилэн дансны хуулийг нээлттэй хэрэгжүүлсний үр дүн байсан гэж тус үйлдвэрийн ҮЭ-ийн холбоо дүгнэснийг дарга П.Баттөр мэдэгдсэн юм. Хувийн хэвшлийн хяналт, шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор улстөрчдийн шахаа зогсож, өртөг өндөр тендерийн мэдээлэл нээлттэй болж, цэвэр ашгийн хэмжээ эрс нэмэгдснийг үйлдвэрийн удирдлагууд ч хүлээн зөвшөөрчээ. Гэтэл хувийн хэвшлийн 49 хувийг булаан авч, Эрдэнэт үйлдвэрт төр дангаар ноёрхож эхэлснээс хойш байдал бишдэж нээлттэй байсан шилэн дансанд хөшиг татаж, улс төрийн шинжтэй хууль бус томилгоонууд шил даран хийгдсэн нь үйлдвэрийн ажилчдын зэвүү, дургүйг зэрэг хүргэсэн байна. Ялангуяа, МАН-ын угшилтай төрийн өмчийн хорооны даргын зааварчилгаагаар үйлдвэрийн ТУЗ-ийг хууль бусаар хуралдуулж, улс төрийн томилгоо хийснээс хойш үйлдвэрийн ажиллагсдын дунд “60 тэрбумын схем”-ийн оронд Эрдэнэтийг ониллоо гэсэн хардлага ч газар аваад байгаа юм. Тэднийг ажилчид эрх баригч намын томилгоогоор очсон болохоор тийн хүндлэлгүй хүлээн авч байгаагаа ч нуухгүй байна. Үүн дээр хууль бус томилогооны эзэд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр тансаглаж эхэлсэн нь нэрмээс болж буй.


Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийг эрх зүйн чадамжгүйг шүүхээр тогтоож, хууль бусаар хийсэн томилгоог хүчингүй болгох шүүхийн шийдвэр байсаар атал хууль бусаар томилогдсон Д.Дэлгэрбаяр, Д.Эрдэнэцогт нарт үйлдвэрийн хөрөнгөөр 231 сая төгрөгийн “Ланд круйзер” автомашин худалдан авч өгчээ. Мөн тэр хоёрт зориулан нутаг буцсан орос мэргэжилтнүүдийн гурван өрөө байрыг хоёр хоёроор нь нийлүүлэн 200 сая төгрөгөөр засварлаж, орд харш бэлдэж байгаа нь жирийн ажиллагсдад шударга бус хандаж байгаагийн илрэл хэмээн Эрдэнэт даяар дургүйцэн эсэргүүцэж хэллээ. Эрдэнэт үйлдвэр хоногт 5.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж байдаг. Энэ бүхнийг бүтээгч нь нам дамжсан захирал, дам томилогдсон дарга биш үйлдвэрийн олон мянган ажилчин, уурхайчдын хөлс хүч, үнэ цэнэ. Харин тэр баялгаас ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх сэтгэл гаргахын оронд намын даалгавраа чухалчилж, өвөр зуурын эрх ашгаа эрхэмлэх болсон хүмүүсийн эсрэг тэмцэл өрнүүлж яваагаа ҮЭ-ийн дарга нь өчигдөр учирлаж байна билээ. Мөн тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалтай, 60 тэрбум төгрөгөөр баригдаж Японы техник, технологиор бүрэн хангагдсан “Эрдэнэт Медикал” эмнэлгийг одоогийн удирдлагууд нь хувийн компанид 30 жилийн хугацаатай өгөхөөр болсныг АТГ-аар шалгуулахаар хандсан байна.


САНАЛ БОЛГОХ