Хамгийн том сурталчилгаа дам яриа байдаг

Зөвлөгөө


Нэр хүнд бүхий аялагч блоггеруудын сэтгэгдэл, бичлэг шийдвэр гаргахад хүчтэй нөлөөлдөг


Нэг сая жуулчин татахад агаарын тээвэр, дэд бүтцээс гадна монголчуудын дотооддоо аялах соёл нөлөөлдгийг мэргэжилтнүүд хэлж байна. “Аялал хийх маршрут их олон. Дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэхийн хэрээр жуулчид ч бас манай улсад жил бүр ирэх, удаан хугацаагаар аялах хүсэл нь нэмэгдэнэ” хэмээн Монголын аялал жуулчлалын холбооны мэргэжилтэн онцоллоо. Аяллын захиалгаа өгөх гэж байгаа жуулчдад тухайн орны аялал жуулчлалын маркетингаас гадна олон нийтийн сүлжээнд олон дагагчтай аяллын хорхойтнууд болон нэр хүнд бүхий аялагч блоггеруудын сэтгэгдэл, бичлэг шийдвэр гаргахад хүчтэй нөлөөлдөг аж. Тиймээс тухайн орны иргэд нь дотооддоо хэр зэрэг соёлтой аялна төдий хэрээр гаднын жуулчдад эх орныхоо талаар эерэг сэтгэгдэл төрүүлдэг тухай Аялал жуулчлалын холбооны мэргэжилтэн М.Дархижав хэллээ. Харамсалтай нь сүүлийн хэдэн жилд эрчээ авч буй дотоодын аялагчдын соёл төлөвшин тогтох яагаа ч үгүй байна. Гэхдээ бид энэ удаад үүний бурууг хэн нэгнээс хайх гэсэнгүй. Харин энэ салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан компаниуд дотоодын аялал жуулчлалыг соёлтой төлөвшүүлэхэд хэр зэрэг хувь нэмэр оруулж буй талаар хөндлөө. Монголын зочид буудлын холбооны тэргүүн С.Мөнхбат “Монголчуудаа соёлтой аялж сургахад жуулчны компаниудын хувь нэмэр их. Нэг үеэ бодвол дотоодын жуулчдыг татах, тэдэнд чиглэсэн үйлчилгээтэй компаниуд олширч байна” гэсэн юм. Гэвч дотоодын жуулчдад зориулсан үйлчилгээтэй компанийн тоо тун цөөхөн. Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг 500 орчим компани, жуулчны газар бий. Харин “Аялал жуулчлалын холбоо”-ноос дотоодын аялал явуулах албан ёсны гэрчилгээ авсан арав гаруй компани л байдаг аж.

• Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, эрх зүйн орчинг бүрдүүлснээр гаднын жуулчид Монгол оронд илүү урт хугацаагаар аялах нөхцөл бүрдэнэ.
• “Монголчуудаа соёлтой аялж сургахад жуулчны компаниудын хувь нэмэр их.
• Дотоодын аялал явуулах албан ёсны гэрчилгээ авсан арав гаруй компани л байдаг аж.

Эдгээр газрын заримтай нь холбогдоход “дотоодын аялал явуулахаа больсон”, “Монгол хүмүүсийг Монголд аялуулах үйлчилгээ хараахан явуулж үзээгүй байна” гэсэн хариулт өгч байлаа. Хэдийгээр дотоодын жуулчдын урсгал их байгаа ч мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлдэггүй нь жуулчлах соёл төлөвшөөгүй, бас өөрсдөө хувиараа аялбал зардал нь хямд тусдагтай холбоотой аж. Гэхдээ аялал тав тухтай, аюулгүй, бас сонирхолтой байх тусмаа мартагдашгүй, бас давтагдашгүй. Juulchin World Tours компанийн захирал Ш.Нэргүй “Монголд дотоодын аялал сайн хөгжөөгүй байгаа ч цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс ая тухтай, эрүүл мэндийн болоод аюулгүй байдлаа хангаж чадахуйц үйлчилгээг илүүд үзэх болно. Аяллын мэргэжлийн үйлчилгээ авах нь тухтай аялж амрах, явсан газар бүрийнхээ түүх, соёлтой танилцсанаар эх орноо илүү сайн мэддэг болох гэх зэрэг олон давуу талтай. Энэ бүх давуу талыг энэ зун мэдэрч яагаад болохгүй гэж. Доорх багц мэдээллийг аваад та санаа амар аялаарай. “Монгол аялал” компанийн Хангай-Далайн болон говьхангайн гэсэн дөрвөн шөнө таван өдрийн аялал 820 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд үүнд унаа, хоол, хөтөч, жолоочийн төлбөр багтаж байгаа юм. Харин зөвхөн Хангайн, Говийн, Далайн гэсэн аяллууд нь 510 мянган төгрөгийн үнэтэй. Үүнээс гадна Хэнтийн, Хөвсгөл далайн таван шөнө болон дөрвөн шөнийн, Буйр нуурын, Тэрэлж-Цонжинболдогийн, Халх голын, Замын үүдийн аялал гэх мэт маршрутууд бий. Давуу тал нь найз нөхөд гэр бүлээрээ групп үүсгэн жижиг тэрэг болон том автобусаар хөтөч, жолоочийн хамт аялах боломжтой юм байна. Аялагчид даатгуулахыг хүсвэл нэг өдрийн 1000 төгрөг нэмж төлөх юм.

Шүлхийн хорио цээр аялал жуулчлалд саад болж байна

“Зуун зам трэвэл” ХХК-ийн нь Цонжинболдогийн, горхи Тэрэлжийн цогцолбор газрын, хустайн нурууны аялал нь 25 мянган төгрөг. өгийн нуурт загасчлах, хар зүрхний хөх нуурын, хамарын хийдийн зэрэг аяллын чиглэлүүд 40- 65 мянган төгрөгийн үнэтэй байна. Дотоодын жуулчдад зориулсан эдгээр аяллууд нь нэгээс долоон хоногийн хугацаатай. Мөн монгол ахуй, таван хошуу мал, зэрлэг ан амьтантай танилцуулах бага насны хүүхдүүдэд зориулсан экскурс аялал хийдэг аж. “Зуун зам трэвэл” ХХК-ийн захирал Ц.Цогтгэрэл “шүлхийн хорио цээрийн улмаас зарим газар хийх аялал маань хэд хэдэн удаа цуцлагдсан. Мөн дэд бүтэц муутайгаас болоод аялал хийхэд хүндрэл учирдаг. Хамгийн энгийн жишээ нь хог болон ариун цэврийн байгууламжийн асуудал байна” гэв. Тэгвэл дотооддоо аяллуулдаг “Жуулчин” компанийн үйлчилгээ хүүхэд багачуудад зориулснаараа онцлог. Сурагчдыг зуны амралтаараа нүүдэлчин ахуйтай танилцах, нийслэл хотоо таньж мэдэх, Аглаг бүтээлийн хийд, амьтны хүрээлэнгээр аялах, Чингисийн хөшөө – Тэрэлж гэсэн маршрутаар аялал хийдэг. Эдгээр аяллууд тус бүрдээ 28 мянган төгрөгийн өртөгтэй юм байна. Харин Хөвсгөл, Эрхүү чиглэлийн аяллын багц сонговол 1.2 сая төгрөг болох юм. Аль ч аяллын компани олон хүн үйлчлүүлэх тусам үнийн хөнгөлөлт үзүүлдэг гэлээ. Монгол улс нэг сая жуулчин хүлээж авна гэсэн зорилттой ч дотооддоо аялал жуулчлалын орчин нөхцлөө сайжруулахгүйгээр жуулчид татаж, ашиг орлого олно гэдэг нэг талаараа хүндрэлтэй юм.

САНАЛ БОЛГОХ