Авбал ав, боливол боль

ЗГМ: Тодруулга


Ченжүүдийн дамжлага буурсан ч мах, ногооны үнэ хямдарсангүй


Авбал ав, боливол боль гэдэг хэрэглэгчийг дорд үзсэн хандлага манай мах, ногооны худалдаанд өнөөг хүртэл үйлчилсээр. Уг нь дотоодоосоо махны 96.1, төмсний 99.6, бусад хүнсний ногооны хэрэгцээний 63 хувийг хангаж байна. Гэвч зах зээлд бодит бус үнэ тогтоод буй нь иргэдийн нуруун дээрх ачааг улам нэмж буй. Хавар, зуны улиралд мах, ногоо ховордож, иргэдийн худалдан авалт тодорхой хэмжээгээр буурдаг байдал мах, хүнсний ногооны салбарт олон жил үргэлжилсээр. Нийслэлийн худалдааны төвүүдэд шинэ ургацын хүнсний ногоо худалдаанд гарч эхэлжээ. Монгол үрийн жижгэвтэр хэмжээтэй байцаа, сонгино “Хүчит шонхор”, “Барс”, “Нарантуул”, “Далай ээж миний зах” зэрэг бөөний худалдааны төвүүдээр элбэг байна. Харин шинэхэн лууван, манжин нэг, хоёр лангуун дээр л харагдаж буй бол өнгөрсөн намар тарьсан төмс худалдаанд гарч эхлээгүй байлаа. Хүнсний ногоо, махны үнэ сонирхохоор “Хүчит шонхор” худалдааны төвийг зорин очвол өнгөрсөн намар хураасан ургацын нөөц хомсдож эхэлжээ. Ногооны үнийг сонсоод толгой сэгсэрч байгаа худалдан авагчтай ч олон таарлаа.


Хэдийгээр иргэдэд шинэ ногоо авах хүсэл байвч үнэ ханш өндөр, олдоц муу байгаагаас шалтгаалж хуучин ногоо авах нь их аж.

Хүнсний ногооны 60 хувийг л зооринд хадгалах боломжтой

Жилийн жилд үндэсний их баяр наадмын өмнө зах зээл дээр бодит бус үнэтэй мах, ногоо гардаг нь энэ жил ч давтагдаж буй. Хүнсний бүтээгдэхүүн хамгийн хямд байдаг захуудын нэг “Хүчит шонхор”-т өнгөрсөн намар хураасан төмс нэг кг нь 2000, байцаа 1500-1800, лууван 2500 төгрөгт хүрчээ. Харин шинэ ургацын байцаа 3000 төгрөг бол лууван 2500 төгрөг. Мөн “Барс” худалдааны төвд шинэ ургацын лууванг 3000, байцааг 4000, манжинг 8000 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Монголчууд жилд 129 мянган тонн төмс хэрэглэдгийн 99.6 хувийг дотоодын тариаланчид хангадаг. Харин бусад хүнсний ногооны жилийн хэрэглээ 184.2 мянган тонн бөгөөд дотооддоо 63 хувийг нь хангаж байгаа. Нэг үеэ бодвол нийслэлийн худалдааны төвүүд хүнсний ногоогоо ченжүүдээс авах нь эрс багасжээ. Тариаланчид өөрсдөө тээвэрлэж ирээд томоохон хүнсний захуудад нийлүүлэх нь түгээмэл болж байгаа юм байна. Уг нь ийнхүү ченжүүдийн гараар дамжих шат үгүй болсноор хүнсний ногооны үнэ хямдармаар. Гэвч өрхийн орлого болон бусад барааны үнэ өртөгтэй харьцуулбал дотоодын төмс, хүнсний ногооны үнэ бодит бус байсаар ирлээ. “Хүчит шонхор” захад худалдаа эрхэлдэг Т.Батбаяр “Бид ногоочдоос бөөнөөр нь худалдаж аваад кг тутамд нь 50-100 төгрөг нэмж зардаг. Цаанаасаа ямар үнэтэй нийлүүлнэ, түүгээр л үнэ тогтдог.

Сүүлийн үед төмс, ногооны нөөц багассан гээд тариаланчид, ченжүүд хүссэн үнээ хэлдэг боллоо. Ав, авахгүй бол боль гэсэн хандлагатай. Өөрсдөө тээврийн зардлаа гаргаад очиж авах ч тохиолдол бий. Жилийн жилд л ийм байх юм” хэмээн бухимдангуй өгүүлэв. Уг нь шинэ ургацаас өмнө иргэдийг хүнсний ногоогоор таслахгүй байхын тулд зоорь нэн шаардлагатай байдаг. Одоогоор улсын хэмжээнд зоорийн хүрэлцээ нийт хүнсний ногооны 60 хувийг л хадгалах хэмжээнд бий. Ялангуяа, орон нутагт зоорьтой тариаланч тун ховор. Тариаланчид хураасан ургацаа агуулахынхаа багтаамжаар хадгалж, үлдсэнийг нь хямд үнээр бушуухан зарахыг боддог. “Салбарын яам энэ асуудлыг байнга ярьдаг ч одоогоор яг дорвитой хийсэн ажил байхгүй” хэмээн нэгэн тариаланч хэлэв. Харин ХХААХҮЯ-ны мэргэжилтэн “удахгүй хүнсний ногооны бөөний, том хэмжээтэй агуулахтай болох төсөл хэрэгжүүлнэ” гэсэн улигт бөгөөд уламжлалт хариулт өгч байх юм. Тус яамнаас улаанбаатар хотод борлуулалтын зориулалттай цогцолбор байгуулахад, орон нутагт 10 мянган тоннын багтаамжтай зоорь барихад 2020 он хүртэл 64 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Үнэхээр ажил хэрэг болвол ард иргэдэд төмс, хүнсний ногооны үнэ тогтворжиход тун чухал санаа. Гэхдээ одоогоор ажил хэрэг болж эхлээгүй байгаа. Дахиад хэдэн жил хүлээхийг хэлэх арга алга.

Махны худалдаанд дамжлага багасжээ

Нийслэлчүүдийн махны хэрэгцээний багагүй хувийг нийлүүлдэг “Хүчит шонхор” захаар махны үнэ сонирхоход мөн л дээрхтэй адил дүр зураг угтлаа. Хэдийгээр ченжүүдийн шат дамжлаг багассан ч хонины мах нэг кг нь 6500-6800, үхрийн мах 8000-13000 төгрөгийн үнэтэй байгаа “гол буруутан” нь малчид. Тэд мэдээлэл сайтай болсон бөгөөд дэд бүтэц сайжирсан тул мах үнэд орох үеэр нийслэлд ирж зардаг болсон нь махны нийлүүлэлт, үнэ тогтворгүй байгаагийн шалтгаан болж байгааг худалдаачид учирлаж байна. Мэдээж, зуны дунд сар бол мал тарга тэвээрэг тааруу үе. Малчид малаа таргалж, илүү өндөр үнэд хүрэх намар цагийг хүлээх зуур нийслэл хотод махны үнэ өсдөг. “Малчид өмнө нь амьдын жингээр нь үнэлж, тогтмол үнээр зардаг байсан бол одоо хотод яг хэдэн төгрөгт хүрэхээр байгааг “тооцоолж” үнээ хэлдэг болсон” гэж “Барс” худалдааны төвийн худалдагч Г.Цэцэгсүрэн хэллээ. Харин “Хүчин шонхор”-т арав орчим жил мах зарж буй худалдагч эмэгтэй “хуучин социализмын үе шиг малыг амьдын жингээр нь худалдаж аваад хөлөөр нь тууж ирвэл махны үнэ тодорхой хэмжээгээр буурах боломжтой. Бид нэг кг тутмаас 500 төгрөгийн л ашиг хардаг. Үүнээсээ сарын түрээсээ өгдөг. Цаанаасаа хямд ирвэл бид ч хямд зарахыг бодно. Одоо Улаанбаатар хотын хоёр захад мах боловсруулах үйлдвэр барина гэж ярьж байна.

Хэрэв тэгвэл үйлдвэрийн өртөг нэмэгдэх байх. Түүнээс биш буурна гэж хэлэхэд хэцүү л юм” гэв. Засгийн газраас хавар, зуны улиралд махны үнийг тогтворжуулахын тулд нөөцийн махны хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ талаар ХХААХҮЯ-ны хүнсний үйлдвэрийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтохоос тодруулахад “Энэ хөтөлбөр дөрөвдүгээр сараас энэ сарын 29-н хүртэлх хэрэгжинэ. Одоогоор гүйцэтгэл 91 хувьтай байгаа. Нөөцийн махны хөтөлбөр хэрэгжсэнээр махны үнэ 10-30 хувиар буурсан гэсэн судалгаа гарсан” гэсэн хариулт өглөө. Харин худалдаачид үүнээс эсрэг байр суурьтай байлаа. Нөөцийн мах худалдаанд гарснаар үнийг нь тогтворжуулж чадаагүй, тэгээд ч зарим үйлдвэрүүд орон нутгаас биш хотын бөөний төвөөс махаа бэлдэж байгаа учраас харин ч үнэ өсөхөд нөлөөлдөг хэмээн шүүмжилсэн юм. Мөн нэмж хэлэхэд, Улаанбаатар хотын захад байгуулахаар төлөвлөж буй мах боловсруулах үйлдвэрүүд малын эрүүл мэнд, чанар, гарал үүслийн баталгааг хангахаас биш үнэ ханшийг онилоогүй гэдгийг мэргэжилтэн онцолсон. Ийнхүү монголчууд мах, хүнсний ногоогоо дотооддоо бараг 100 хувь хангаж байгаа ч зохицуулалт сул учраас өнөөдөр өрхийн төсөвт мах, ногооны үнэ хүндээр тусч байна. Уг нь бараа, бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмаар тогтох ёстой. Гэвч малчид, тариаланчид, ченжүүд илүү ашиг олох гэж, үнэ хөөргөддөг энэ байдлыг намжаах зохицуулалт зайлшгүй шаардлагатай болжээ. Тухайлбал үр, тариа буудайг улс худалдан авч, тариаланчдад урамшуулал олгодог. Энэ нь гурилын үнийг тогтворжуулахад дам хэлбэрээр тун чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ мэт бодлого, зохицуулалт мах, хүнсний ногооны салбарт үгүйлэгдэж байна.

САНАЛ БОЛГОХ