Цэвдэг нийгмийн золиос болж цэцэг шиг үрс маань хорвоог орхисоор

Үзэл бодол


​“Хариуцлагагүйн зуд” олон хүүхдийн аминд хүрээд байхад хүүхдийн нэртэй олон байгууллага хаана нь явна вэ​


Өглөө инээж сэрсэн үрс үдэш дахин хэзээ ч сэрэхгүйгээр одсон байхыг, цэцэг шиг дэлгэрэх насандаа тэд маань цэвдэг нийгмийн золиос болохыг мэдрэх юутай гаслантай вэ. Дайн дажингүй амар амгалан цагт үр хүүхдээ цаг бусаар алдаж байгаа эцэг, эхийн нулимс цээж зурам гашуун байна. Хөлбөмбөгчин болохоор аавдаа өмсгөл захиж, түүнээ өмсөөд гоолын баяраа тэмдэглэн буйгаар мөрөөдсөн хүү хөлбөмбөгийн хаалгандаа даруулан амиа алдсан мэдээлэл хүмүүсийг халаглуулсан. Хүүгийнхээ сүүлийн амьсгал татсан тэрхэн газарт сөхрөн гашуудах эрийг өрөвдсөн харуусал хэд хоног үргэлжилсэн. Харуусал дуусаагүй, хариуцлага нэхэл цуцаагүй байхад дахин нэг хүүхэд бас л хайхрамжгүйн хар гайгаар цахилгаанд цохиулж халуун амиа алдлаа. Ээждээ үнсүүлж инээд цацруулсаар гарсан хүү нь амь үрэгдсэнийг мэдэх тийм уй гашууг юутай ч зүйрлэлтэй билээ. Ухаан алдсан байхаа гэсэн горьдлогоор үрийнхээ хөрсөн биеийг тэврэх эхийн нулимс, амьсгал хураасныг сонссон цурхираан элэг эмтэлнэ. Ийм л дүр зураг өчигдөр олон хүний зүрхийг дахин зүслээ. Эмийн сангийн үүдэн дэх гэрлийн цахилгааны утас төмөр хаалганд тохогдсон байснаас золгүй явдал болсон талаар ярьж байна.


Өглөө инээж сэрсэн үрс үдэш дахин хэзээ ч сэрэхгүйгээр одсон байхыг, цэцэг шиг дэлгэрэх насандаа тэд маань цэвдэг нийгмийн золиос болохыг мэдрэх юутай гаслантай вэ. Дайн дажингүй амар амгалан цагт үр хүүхдээ цаг бусаар алдаж байгаа эцэг, эхийн нулимс цээж зурам гашуун байна. Хөлбөмбөгчин болохоор аавдаа өмсгөл захиж, түүнээ өмсөөд гоолын баяраа тэмдэглэн буйгаар мөрөөдсөн хүү хөлбөмбөгийн хаалгандаа даруулан амиа алдсан мэдээлэл хүмүүсийг халаглуулсан. Хүүгийнхээ сүүлийн амьсгал татсан тэрхэн газарт сөхрөн гашуудах эрийг өрөвдсөн харуусал хэд хоног үргэлжилсэн. Харуусал дуусаагүй, хариуцлага нэхэл цуцаагүй байхад дахин нэг хүүхэд бас л хайхрамжгүйн хар гайгаар цахилгаанд цохиулж халуун амиа алдлаа. Ээждээ үнсүүлж инээд цацруулсаар гарсан хүү нь амь үрэгдсэнийг мэдэх тийм уй гашууг юутай ч зүйрлэлтэй билээ. Ухаан алдсан байхаа гэсэн горьдлогоор үрийнхээ хөрсөн биеийг тэврэх эхийн нулимс, амьсгал хураасныг сонссон цурхираан элэг эмтэлнэ. Ийм л дүр зураг өчигдөр олон хүний зүрхийг дахин зүслээ. Эмийн сангийн үүдэн дэх гэрлийн цахилгааны утас төмөр хаалганд тохогдсон байснаас золгүй явдал болсон талаар ярьж байна.

Хараал идсэн хариуцлагагүй нийгмийн золиос болгоод өнгөрөөх амархан ч цаашид ийм харамсалтай явдал дахин гарахгүй гэх баталгаа хаана байна вэ. Амьдралын өнгийг бүрэн таниагүй, болох болохгүйгээ ч гүйцэд ухаараагүй нялх үрсийнхээ хайран амийг цурхирсан ээж, цөхөрсөн аав хаанаас хайж, хэнээс нэхэх вэ ! Өнөөдөр тэдэнд тохиож буй уй гашуу маргааш хэнд тохиохыг хэлж мэдэхгүй цэвдэг нийгмийг бид өнгөрсөн хугацаанд бий болгочихжээ. Цөвүүн цаг гээч нь утгаараа энэ буюу. Миний өмнө БСШУС-ын сайдын энэ оны дөрөвдүгээр сард гаргасан албан тоот байна. Тэр тоотоор аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт ЕБС, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарыг үүрэг болгожээ. Сайдын тушаал чиглэлийг дор нь ажил болгодог тогтолцоо үйлчилж байсан бол 11 настай хүү нас барахгүй л байлаа. Буруутгал эрвэл шалтгаан мундахгүй. Хүүхдийн гэх болгоныг зоосны нүхээр харж, устгасны гор хүний алтан амиар төлөгдөх цаг ирсэн нь энэ нийгмийн эмгэнэл. Хүүхдийн тоглож наадах үндсэн эрхэнд халдсан олон зөрчлийг арилгахын төлөө томчууд бид юу хийсэн бэ гээд асуувал бардамнан хариулах, бахархан дурдах зүйл санаанд торохгүй нь гачлантай. Эргэн тойрноо хар даа, хүүхдээ аюулгүй тоглуулах газар байна уу?

Энэ асуултыг олон ээж, аав өөрсдөдөө тавьж, өрх бүрт ярилцаж сууна. Гэрт утсаа маажиж, зурагт үзэж, дэлгэц шагайж суухын оронд гадаа гарч тогло, агаар салхинд зугаац хэмээн шахаж, шаардаж байсан эцэг эхчүүд хэлэх үггүй боллоо. Тэнд тохиолдсон золгүй явдал гэрийнх нь үүдэнд ойрхон байхад хэн хүүхдээ эрсдэлд оруулахыг зөвшөөрөх билээ. Өнөөдөр орон сууцны хороолол дунд аюулгүй байдлыг хангасан стандартад нийцэх тоглоомын талбай хэд байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Мэргэжлийн хяналтынхан бүр ч мэдэхгүй. Хуучин орон сууцны хорооллуудын дунд байсан цэлгэр тоглоомын талбайг шунал нь буцалсан эрх мэдэлтнүүд арилжааны хэрэгсэл болгоод дууссан. СБД-т цахилгаанд цохиулж амиа алдсан хүү түүний золиос боллоо. Эмийн сан байрлах дэлгэр төвийн барилга өмнө нь хүүхдийн тоглоомын талбай байсныг мэдэх хүн олон бий. Хэрэв тэр хүүхдийн тоглоомын талбай байсан бол хөөрхөн хүү цаг бусаар хорвоогоос буцахгүй байсан нь лавтай. Хүүхдийн эрхийг булааж, хүн гишгэх зайгүй барилгажуулснаа хөгжил дэвшил гэж эндүүрэгсэд Монголоор дүүрэн бий. Хүүхдэд тоглох талбай байтугай хүн амьд явах баталгаагүй цэв хүйтэн цементээр дүүрсэн цэвдэг нийгэм санж.

• Өнөөдөр орон сууцны хороолол дунд аюулгүй байдлыг хангасан стандартад нийцэх тоглоомын талбай хэд байгааг хэн ч хэлж мэдэхгүй.
• Хараал идсэн хариуцлагагүй нийгмийн золиос болгоод өнгөрөөх амархан ч цаашид ийм харамсалтай явдал дахин гарахгүй гэх баталгаа хаана байна вэ.
• Гэр хороололд хүн, хүүхэд эрсдэх нөхцөл захаас аван хөглөрөөстэй.

Шинэ баригдаж байгаа орон сууцны заримд нь тоглоомын талбай ч байхгүй. Байгаа хэд нь замтай нийлж, хүүхэд дугуйн “нөхөөс” болмоор байрлалтай. Унах нүх, бэртэх шат, бүдрэх хашлага гээд хаа сайгүй. Орчны аюулгүй байдал бүү хэл орцны цэвэрлэгээнээс хэтэрдэггүй СӨХ-той энэ нөхцөлд аюулгүй байдлыг хэн хангах ёстой юм бол. Өнгөрсөн жилийн яг өдийд байрныхаа гадна тоглож байсан хүү подвалийн шатны хонгилд унаж амиа алдсан хэрэг гарсан. Одонгийн хүүгээ алдсан эхийн сэтгэл одоо ч гашуудалтай байгаа нь ойлгомжтой. Тэр явдалд эцэг, эхийг хараа хяналт алдсан гэж буруутгаад хэргийг хаасан байна лээ. Энэ мэт золгүй явдалд эцэг эхийг буруутгаад, хариуцлагыг өөрсдөөсөө түлхсээр ирсэн төрийн байгууллагууд манай нийгмийн цэвдэг давхаргыг үүсгэгчид юм. Буруутай бүхэн шийтгэлээ амсдаг тийм шударга нийгэмд амьдрахсан. Хүүхдийн аминд халтай орчин орон сууцны хорооллоор хязгаарлагдахгүй. Гэр хороололд хүн, хүүхэд эрсдэх нөхцөл захаас аван хөглөрөөстэй.

Нурах шахсан хашаа, цөмрөх дөхсөн нүх гээд аль эрсдэлийг тоочиж барах вэ. Айл хооронд татсан цахилгааны утас гэхэд л хаа сайгүй ил хэвтэнэ. Газарт далдалж булаагүйгээс автомашины мөрөөр ил гарч шалбарсан байхтай ч олон таардаг. Онцгой байдлын албанд ирж буй галын дуудлагын дийлэнх нь гэр хорооллын цахилгааны утаснаас үүдэлтэйгээс харахад гэр хорооллын цахилгааны аюулгүй байдал ямар хэмжээнд байгааг илтгэчихэж байна. Тэгэхээр тэнд үхэл дараагийн хохирогчийг отон буйг мэргэжлийн хяналт, эрчим хүчнийхэн анхаарч үздэг болов уу. Хүүхэд эндсэний хариуцлагыг хэзээ, хэнд хүлээлгэсэн юм бэ. Орон нутагт гурван ч хүүхэд золгүй байдлаар амиа алдлаа. Энэ бүгдэд хариуцлага тооцсон сураг ч алга. Томчуудын цэнгэлд амиа өргөсөн 27 унаач хүүхдийн төлөө хэдэн уяач, ямар байгууллага хариуцлага хүлээснийг хэлчих хууль хяналтынхан байна уу. Энэ бүгд биднийг “ниргэсэн хойно нь хашгирдаг”, нийгмийн сүлжээгээр шуугиад өнгөрдөг цэвдэг нийгэмд дасчихсан байгааг тодорхой харуулж байна. Бидний цөөхөн монголчуудад ирээдүйг хөтлөх нэг ч гэсэн халуун амь үнэтэй. Түүний тулд монгол хүүхэд аюулгүй орчинд өсөх ёстой.

Гэтэл хүн бүр хүүхдийн эрхийн төлөө дуугардаг мөртлөө санаа нийлээд өрнүүлсэн ажил хаа байна. Хүүхдийн тоглож наадах ганц газар болж байсан үндэсний соёл амралтын хүрээлэн хүүхдэд аюултай орчин болсныг нийтээрээ мэдсэн атлаа шаардлага хангуулах талаар хэл ам хийж яваа нь хэд бол. Энэ олон хүүхдийн амь “хариуцлагагүйн зуд”-ын золиос болчихоод байхад хүүхдийн нэртэй төрийн болон төрийн бус нөгөө олон байгууллагууд хаачив. Хүүхдийн нэр барьж төслийн мөнгө саахаас шидгүй энэ олон байгууллага хариуцлага нэхэж хашгирч жагсдаггүй юм аа гэхэд ядаж уй гашуу хуваалцаж, эмгэнэл илэрхийлэх сэтгэлгүйгээсээ ичих хэрэгтэй. Одоо бид төрийн болон төсөл горьдогч байгууллагуудыг царай алдаж суухаар өөрсдөө орчноо сайжруулах, үр хүүхдээ хамгаалах ажлуудыг сайн дурын үндсэн дээр хийж эхэлмээр. Онгорхой траншейн, ухсан нүхээ таглахаас эхлээд халцарсан, тасарсан цахилгааны утас, унжсан санжсан төмрийг цэгцлэх зэрэг захаас аван засаж сайжруулах ажил эргэн тойронд тань мундахгүй бий. Түүний дараа сэтгэл тайван хүүхдээ гадаа тоглуулах нөхцөл бүрдэх нь. Эс бөгөөс үрсээ хашаад, үглэж загнаад, халаглаж харамсаад, хараал урсгаж суусаар байх уу.

САНАЛ БОЛГОХ