"Оюутолгой"-н өрмийг зэс хайлуулах үйлдвэр хүртээнэ

Уул уурхай


Зэс хайлуулах үйлдвэр бол шийдэл эрж буй олон асуултын хариулт нь


Хосуудын байр суурь хоёр туйл адил холджээ. Ханбогдод зэс хайлуулах үйлдвэр барихад Монголын Засгийн газар, Rio Tinto-гийн байр суурь эсрэгцжээ. Сүндэрлэн босоогүй ч нутаг сэлгэн хэдэнтээ нүүсэн энэ үйлдвэр Монголд ашиг, алдагдлын алийг авчрах нь хариулт нэхсэн асуулт болчихоод байна. Зэсийн нөөцөөр дээгүүрт бичигддэг Монгол улсад шаргал металлаа түүхийгээр нь бус нэмүү өртөг шингээн экспортлох хүсэл хэзээнээс байв. Тиймээс зэсийн том орд уурхайгаа түшин хайлуулах үйлдвэр байгуулахаар өнгөрсөн зуунаас судалж эхэлжээ. Монголчуудын зуун дамжсан энэ хүслийг гүйцээхээр ардын Засгийн газарт ч эн тэргүүнд зүтгүүлэх эхний дөрвөн төслийнхөө нэгээр Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг нэрлэсэн нь учиртай. Хүчин чадал нь сая тонноор хэмжигдэх уг мега төслийн тооцоо судалгаа, бэлтгэл ажлууд өдгөө ар араасаа ундарч байна. Гэтэл Rio Tinto-гийн Зэс, Очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат энэ сарын эхээр манай сонинд өгсөн ярилцлагадаа уг үйлдвэрийн тухай эргэлзээ дагуулсан дүгнэлт хэлсэн нь анхаарал татсан юм. Тэрбээр “уг ордыг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар судалж, үр дүнг нь Засгийн газарт өнгөрсөн наймдугаар сард танилцуулсан.

Энэ үйлдвэр ашигтай ажиллах нь эргэлзээтэй байгаа. Монголын газарзүйн байршил үүнд нөлөөлж байна. Тийм учраас уг үйлдвэрт хөрөнгө оруулахаас татгалзсан байр сууриа бид Засгийн газарт илэрхийлсэн. Засгийн газар стратегийн зорилгоор үйлдвэр байгуулж болно. Тэгвэл бид гэрээний дагуу зэсийн баяжмалаа дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлэхэд бэлэн” хэмээн өгүүлжээ. Rio Tinto-гийн удирдах албан тушаалтны хэлснээр энэ үйлдвэр алдагдал хүлээж, ядарсан улсад маань нэмэр бус нэрмээс болж ч мэдэх нь. Ийм төслийг манай бодлого тодорхойлогчид зүтгүүлж байгаа юм биш биз. Эхлээд “зүс”-ээ хэдэнтээ хувиргасан энэ төслийн түүхийг цухас сөхье. Зэсээ хайлуулах монголчуудын мөрөөдөл батжиж, 2010 онд уих-аас Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах тогтоол гаргажээ. Ингээд энэ үйлдвэрийг хаана, ямар хүчин чадалтай барих талаар салбарынхан ухаанаа уралдуулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн 500 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар шийджээ. Энэ үед “Оюутолгой” төсөл дөнгөж гараанаас гарч байв. Ингээд “Эрдэнэт үйлдвэр”-т тулгуурлан ТЭЗҮ боловсруулж эхэлсэн. Гэвч засаг солигдож, 2015 онд уг үйлдвэр Бор-өндөр, 2017 онд Ханбогд руу “нүүсэн”. Нүүдэл цаасан дээр өрнөж, энэ хэрээр холбогдох тооцоо судалгаа нь ч дахин дахин эхэлсэн нь мэдээж.

Ингэж Ханбогд дахь хайлуулах үйлдвэрийн түүх эхэлсэн. Хэрэв энэ суманд зэс хайлуулах үйлдвэр байгуулбал “Оюутолгой” компани холбогдох тооцоо судалгааг нь хийж өгнө хэмээн Rio Tinto 2009 онд амлажээ. Ингээд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн тооцоог “Оюутолгой” компани Канадын Hatch компаниар хийлгүүлсэн. Найман төрлийн технологи харьцуулсан судалгаагаар “Оюутолгой”-г түшиглэн нэг сая тоннын хүчин чадалтай, SKS технологийн үйлдвэр байгуулах боломжтой. Гэхдээ эрчим хүч, дэд бүтэц, усан хангамжийг шийдэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Ялангуяа, дэд бүтцэд анхаарлын тэмдэг тавьсан байх юм. Энэ дүгнэлт уншигч танд танил сонсогдож магадгүй. Rio Tinto-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суаратын үгтэй таарч байгаа биз. Гэхдээ Rio Tinto-гийн амлалтын дагуу, “Оюутолгой”- н захиалгаар хийсэн уг тайлан Монголын Засгийн газар зэс хайлуулах үйлдвэр барих эсэхийг шийдэх үү. “Оюутолгой”-н гэрээнд зааснаар Монгол улсын Засгийн газар гуравдагч талтай хамтран зэс хайлуулах үйлдвэр байгуулж болно. энэ үйлдвэрт “Оюутолгой” зөвхөн түүхий эд нийлүүлэх үүрэгтэй.

Ханбогдод үйлдвэр барих уу, болих уу гэдгээ Монголын Засгийн газар л шийднэ
Тиймээс Ханбогдод үйлдвэр барих уу, болих уу гэдгээ Монголын Засгийн газар л шийднэ. Энэ утгаар үйлдвэр дээр тэгнэчихсэн асуултын тэмдгүүдэд хариулт олохоор Засгийн газар ажиллаж байгаа юм. Дэд бүтцийн хөгжил дутмагаас ашигтай ажиллахгүй гэсэн дүгнэлт гарсан. Тэгвэл Засгийн газар Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг яаралтай урагшлуулахаар зорьж байгаа. Ингэснээр “Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрээс 20 гаруй километр төмөр зам татаж, Тавантолгой-Гашуунсухайтын төв магистральтай холбоно. Ингээд боловсруулсан зэсээ 100 киломерт төмөр замаар тээгээд урд хөршид нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Төслийн нэгжийн мэдээлснээр одоогоор төв магистраль төмөр замтай холбох зөрлөгийг сонгохоор Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллаж байгаа аж. Энэ чиглэл нь Эрдэнэт, Борөндөрт барихаар төлөвлөж байсан үйлдвэрээс ч хямдаар бүтээгдэхүүнээ урд хөршид нийлүүлэх боломж олгоно. Ингэснээр тээврийн саадыг шийднэ. Мөн үйлдвэрийг барихад усны нэмэлт эх үүсвэр шаардлагатай.

Энэ нь бас “Оюутолгой”-н тайлангийн шалтаг байв. Тэгвэл үүний шийдлийг ч Монголчууд олж, хур бороо, цас мөс, үерийн усыг ашиглаж, хэрлэн голд урсацын тохируулга хийн, гадаргын усаар өмнийн говийг хангахаар судалж байгаа. Одоогоор нарийвчилсан ТЭЗҮ болон Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж байгаа юм билээ. Ингэж монголчуудыг түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бус үйлдвэрлэгч болон дэвшихэд саад болж буй асуудлыг шийдэх боломж байхгүй биш бидэнд бий. Үүнийгээ бид “чулуу” болгож чадвал зэс хайлуулах үйлдвэрийн Монголын эдийн засагт авчрах ач тус, өгөөж дэндүү их. Нэгдүгээрт, энэ үйлдвэр 20- 30 хувийн ашигтай ажиллах урьдчилсан тооцоотой. Өмнө хэлсэнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалд түшиглэн тооцоход хайлуулах үйлдвэр ашигтай гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн 20 гаруй хувийн зэсийн агууламжтай баяжмалтай харьцуулахад “Оюутолгой”-нх илүү үнэ цэнэтэй. Зэсийн агууламж өндөртэйн дээр алт, мөнгөний орцтой. Мөн үнэ цэнэ улам өсөж буй ховор элементүүд тус баяжмалд бий. Ингээд тооцоход л ашиг амархан олчих нь хэмээн салбарынхан хэлдэг.

Гэхдээ энэ бол монголчуудын зэс хайлуулах үйлдвэрээс хүртэх өгөөжийн ердөө нэг хэсэг нь гэдгийг танд сануулъя. Хоёрдугаарт, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэртэй болсноор “Оюутолгой”-н өгөөжийг монголчууд илүү хүртэнэ. Гэрээнд заасны дагуу “Оюутолгой” хүссэн хүсээгүй түүхий эд нийлүүлнэ. Далд уурхай ашиглалтад орсноор 2022-2025 онд жилд 1.8-2 сая тонн зэсийн баяжмал олборлоно. Үүний тэн хагасыг ханбогдын үйлдвэрт боловсруулж, 257 мянган тонн катодын зэс, 5.7 тонн цэвэр алт, 57 тонн цалин цагаан мөнгө. Бас 988 мянган тонн хүхрийн хүчил, эсвэл 330 мянган тонн элементийн хүхэр экспортлох боломжтой. Зөвхөн цэвэр зэсийг өнөөгийн ханшаар борлуулна гэж тооцвол хоёр тэрбум ам.доллар Монголын зах зээлд орж ирнэ гэсэн тооцоо гарчээ. Наанадаж л “Оюутолгой”-гоос олборлосон алтаа Монголбанкинд тушаахад тус банкны нөөц огцом өснө гээд бод доо. Өнгөрсөн онд төв банк 20 тонн алт худалдан авсан нь урьд хожид тохиогоогүй түүхэн үзүүлэлт хэмээн бид хэсэгтээ хөөрцөглөсөн. Тэгвэл зөвхөн зэс хайлуулах үйлдвэртэй болсноор төв банкны алтны нөөц “автомат”-аар зургаа орчим тонноор нэмэгдэнэ. Ингээд дураараа чангардаг ам.долларын ханшийг ч бид хазаарлаж чадна. Гуравдугаарт, “Оюутолгой”-н олборлолт, мөнгөн урсгал гарынхаа алган дээр байгаа мэт ил болно.

Үнэндээ энэ ордоос олборлосон баяжмал дахь түүхий эдийн орцын мэдээ Монголын геологи шинжилгээний байгууллагуудын бүртгэлээс зөрдөг. Дэлхийн хэмжээний энэ төслийн мөнгөн урсгал Монголын банкуудаар хүртэл дамждаггүй гээд “Оюутолгой”-н олон зүйл хөшигний цаана. Бүдэг бадаг байдал ч монголчуудад эргэлзээ төрүүлж, хэзээ ч хуучирдаггүй хэрүүлийн сэдэв болчихоод байна. Тэгвэл “Оюутолгой”-н ордын баялгийг бид өөрсдөө боловсруулснаар баялгаа жинхэнэ утгаар ашиглаж, удирдаж чадна. Улс төр, нийгмийн хүрээнд байнга өрнөдөг хэрүүлийн алимд цэг тавина. Монголын нийгэм, эдийн засаг, цаашлаад улс төрийн хүрээнд ус агаар мэт хэрэгтэй олон асуудлыг энэ үйлдвэр байгуулснаар эцэслэж чадна. Цаашлаад “Оюутолгой” дахь Монголын байр суурийг илүү тодотгох том хөзөр юм. Зэс хайлуулах үйлдвэр бол шийдэл эрж буй олон асуултын хариулт, асуудлын зангилаа. өнөөдөр бид “Оюутолгой”-гоос хангалттай өгөөж хүртэж чадахгүй байна, энэ их идэж, би бага идчихлээ гэж дээр, дооргүй орилж, дэвхцэхийн оронд бодит боломжоо ашиглах нь чухал байна. Хэрэв энэ төслийг У.Хүрэлсүхийн Засгийн газар зоригтой урагшлуулж чадвал “Оюутолгой” дахь Монголын байр суурийг ахиулаад зогсохгүй, ард түмэн “Оюутолгой”-н өрмийг хүртэж эхэлнэ. Бид бага хүртэж байна гэж гонгинох бус байгаа боломжоо ашиглаад, байгалийн баялгаасаа хүртэх боломж бидний гарт байна.

ЗГМ: Тодруулга

Арав гаруй компани, санхүүгийн байгууллага албан хүсэлтээ төслийн нэгжид ирүүлсэн

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төслийн нэгжийн ерөнхий менежер Х.Владимираас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд зардлаа хэдэн жилийн хугацаанд нөхөх бол?

-Ийм хэмжээний хүчин чадалтай үйлдвэр 15 жилд хөрөнгө оруулалтаа нөхдөг олон улсын жишиг бий. Тэгвэл “Оюутолгой” компани одоогийн хүчин чадлаараа 95 жил ажиллах тооцоотой. Тэгэхээр аварга ордыг түшиглэн барих хүнд үйлдвэр олон жилийн настай гэсэн үг. Уурхайн ойролцоо баригдах учраас баяжмалаа бага зардлаар үйлдвэр лүү тээвэрлэнэ. Энэ хэрээр зардлаа хэмнэнэ. Уг төсөл 600-800 ажлын байр бий болгоно гэсэн урьдчилсан тооцоо гарсан.

-Хөрөнгө оруулалтыг нь хэрхэн шийдэх вэ?

-Засгийн газар төслийн хөрөнгө оруулалтын 10 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмшинэ. Бас ямар нэг баталгаа гаргахгүй. Харин хөрөнгө оруулагч 90 хувийг эзэмшиж, төслийн хөрөнгө оруулалтыг 100 хувь хариуцах юм. Түүнчлэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс гарах цэвэршүүлсэн катодын зэсийн гол зах зээл нь Хятад болон Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг. Япон улстай манай улс эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан нь маш том боломж гэж харж байна.

-Хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулсан уу?

-УУХҮЯ-ны дэргэд төслийн нэгж байгуулан үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэл буюу гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, бэлтгэл ажлыг хангах ажлыг зохион байгуулж байна. Дэлхийд 0.5-1 сая тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай 30 гаруй томоохон компани бий. Ихэнх нь БНХАУ, Япон, БНСУ, Чили улсынх. Манай төслийн нэгжийн зүгээс эдгээр компанид Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслөө танилцуулж, Засгийн газрын шийдвэрийн талаар мэдээлэл хүргүүлсэн юм. Тэднээс арав гаруй компани, санхүүгийн байгууллага төслийн нэгжид албан хүсэлтээ ирүүлсэн. Бид эдгээр байгууллагатай уулзсан. Гэхдээ хөрөнгө оруулагчийг эцсийн байдлаар сонгон шалгаруулаагүй байгаа. Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тавих шалгуур үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулагчдад үзүүлэх хууль эрх зүйн дэмжлэг зэргийг багтаасан хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах журам боловсруулсан. Эдгээр бичиг баримтыг санал ирүүлсэн хөрөнгө оруулагчдад хүргүүлэн, дахин санал авч, шалгаруулна.

САНАЛ БОЛГОХ