Ипотекийн ирээдүйг ОУВС шийднэ

ХАМТЫН АЖИЛЛАГАА


Ипотекийн зээлийн шинэ журам бэлэн болсон​


Өвлөөс өмнө байртай болохыг Бат хүсэж буй. Орон сууцтай болохоор мөнгө хурааж байсан түүнд саяхан нэг чихэнд чимэгтэй мэдээ дуулдсан нь байрны зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах тухай байв. Салбарын сайдын мэдэгдсэнээр орон сууцны урьдчилгаа төлбөрийг таван хувиар багасгаж, 25 хувь болговол Батынх энэ өвөлдөө багтаад халуун ус, халаалттай байранд орох боломж бий. Гэвч ирэх оноос ипотекийн жолоо атгахаа амалсан Засгийн газар өнөөг хүртэл шийдлээ танилцуулаагүй байгаа нь Батад эргэлзээ төрүүлсээр. Ер нь зөвхөн Бат ч гэлтгүй олон иргэн ипотекийг үргэлжлүүлэх Засгийн газрын зоримог шийдлийг найдвар тээсэн харцаар хүлээж байна. Бас иргэдийн амьдралд нэн чухал энэ хөтөлбөрийг Засгийн газар нэр төртэй авч явна хэмээн олон олон монгол өрх горьдож суугаа. Уг нь ипотекийн хөтөлбөрийн шинэ журмыг Барилга, хот байгуулалтын яам боловсруулжээ.

Харин энэ зураглалаар ипотекийн зээл олгох санхүүжилтийг эцэслэн шийдээгүй байна. Өөрөөр хэлбэл, ирэх сараас энэ хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхэд Барилга, хот байгуулалтын яам бэлэн. Харин сангийн яамны шийдэх ажил болох санхүүжилт л хүлээгдэж байна. Ипотекийн зээлийг хэд хэдэн эх үүсвэрээр санхүүжүүлж буй. Үүний нэг нь төсвийн хөрөнгө оруулалт. Энэ онд бол ипотекийн зээлд төсвөөс 120 тэрбум төгрөг олгохоор тусгасан. Харин Засгийн газрын бие даан энэ хөтөлбөр хэрэгжүүлэх эхний жил буюу 2019 онд төсвөөс хэдий хэмжээ санхүүжилт олгох нь тодорхойгүй байна. Энэ талаар ОУВС-тай ид хэлэлцэж байгаа аж. ОУВС-гийн Ж.Готтлийбээр ахлуулсан ажлын хэсэг ирэх долоо хоног дуустал Монгол улсад ажиллаж, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тавдахь шатыг үнэлэх эхний уулзалтууд хийж байгаа.

Мөн цалин, ипотекийн хөтөлбөр зэрэг нийгэм, эдийн засгийн чухал сэдвээр Монголын талтай хэлэлцэж байгаа аж. Тэгвэл энэ талаар сангийн яамнаас тодруулахад эцсийн шийдвэр гараагүй тул мэдээлэл өгөх боломжгүй гэв. ОУВС-тай хийж буй хэлэлцээгээр ирэх онд ипотекийн зээл хэрхэн үргэлжлэх нь тодорхой болно. Энэ оны есдүгээр сарын сүүл гэхэд ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлнэ. Үүнээс өмнө Засгийн газар уг хөтөлбөрийн төлөвлөгөөг бэлэн болгохоор ажиллаж байгаа. Учир нь уг төлөвлөгөөний дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн хөтөлбөр Засгийн газрын удирдлага дор хэрэгжиж эхлэх юм. Энэ хүрээнд төв банкны тайлан балансад туссан ипотекийн зээлээр баталгаажсан 2.2 их наяд төгрөгийн үнэт цаасыг Засгийн газарт үе шаттай шилжүүлэх юм байна. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы мэдээлснээр ипотекийн шинэ журмаар анх удаа орон сууцтай болж буй иргэдийн зээлийн урьдчилгаа төлбөрийг таван хувиар бууруулж 25 хувьд хүргэхээр тохирсон.

Ингэж буурснаар ипотекийн зээл төлөх чадвартай өрхийн тоо 31 мянга болж нэмэгдэх тооцоо гарчээ. Ер нь ипотекийг үргэлжлүүлэх төлөвлөгөөг иргэд төдийгүй хувийн хэвшил чих тавин хүлээж байгаа. Сүүлийн үед арилжааны банкуудад ипотекийн зээл авахаар хандах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Үүнээс гадна барилгын компаниуд, үл хөдлөх хөрөнгийн зуучид, банк, дотоодын үйлдвэрлэгчид орон сууцны зээлийн бодлого тодорхой болохыг хүлээж байна. Учир нь Засгийн зурсан зураглалаар ипотекийн зээл үргэлжлэх аж. Энэ оны зургадугаар сард 1100 гаруй иргэнд 82 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Үүний 42 хувийг хөтөлбөрийн, 58 хувийг банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлж байна.

Монголбанкнаас сар бүр ипотекийн санхүүжилтэд 16, сангийн яамнаас улирал бүр 30 тэрбум буюу сард 10 тэрбум төгрөгийг ипотект олгож байна. Энэ оны хагас жилийн байдлаар сангийн яамнаас нийт 60, Монголбанкнаас 96 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд олгожээ. Улаанбаатар хотын 152 хооронд орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа явуулахад 252 мянган өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Үүнээс арилжааны банкны шалгуурыг 13 мянга өрх хангаж байгаа аж. Мөн нийслэлийн хэмжээнд 33 мянга гаруй орон сууц эзнээ хүлээж буйг БХБЯ-наас мэдээлсэн. Эдгээр тоон дүнг нэгтгээд үзвэл ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хэрэгцээ хийгээд хүлээлт өндөр байсаар. Монголын нийгэм, эдийн засагт нэн чухал энэ хөтөлбөрийг эрчимжүүлэхийг иргэд төдийгүй хувийн хэвшил хүлээсээр.
САНАЛ БОЛГОХ