Уул уурхайн нүүдлээс үндсэн түүхий эдүүд хоцрохгүй

Уул уурхай


​Уул уурхайн салбарын худалдан авах, нэгдэн нийлэх хэлцэл идэвхжиж байна​


Эрдсийн үнэ навс унаснаас хэсэгтээ намжаад байсан уул уурхайн салбарынхны нүүдэл өмнөх оноос идэвхжиж эхлэв. Уул уурхайн мөнгөтэй компаниуд ирээдүйд “чулуу” болчих ашигтай уурхай, ордын араас ангуучилж, урт хугацааны өгөөжийн хойноос хошуурцгааж байна. Өнгөрсөн онд энэ салбарын нэгдэн нийлэх болон худалдан авах хэлцэл буюу M&A-ийн нийт мөнгөн дүн дөрвөн жилийн дээд цэгт хүрчээ. Ингэснээр 51 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Тэгвэл энэ оны эхний улиралд уг дүн бараг 90 хувиар өсөж, хэдийнэ 25 тэрбум ам.доллар давжээ. Хэдийгээр эдгээр хэлцэл хэдхэн компанийн дунд өрнөж буй ч ашигтай төслийн төлөөх нүүдэл нь эрдсийн зах зээлийн ирээдүйг заадаг. Өөрөөр хэлбэл, салбарын гол хөрөнгө оруулагчид, элит компаниуд ямар түүхий эд сонирхож, юунд хөрөнгө оруулж буйгаас уул уурхайн салбарын ирээдүйн чиг хандлагын харж болно гэсэн үг. Тэгвэл нүүдэл хааш чиглэж буйг харцгаая. Өнгөрсөн улиралд поташийн орд уурхайг хөрөнгө оруулагчид хамгийн их сонирхжээ.

Харин үүний араас хөнгөн цагаан, алт, нүүрсний төслүүд бичигдсэн байна. Ялангуяа, үнэ нь ёроолын цэгт хүрснээс үнс болно гэгдэж байсан нүүрсний бизнесийг сонирхогчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Өнгөрсөн онд гэхэд л нүүрсний орд авахад зарцуулсан мөнгөн дүн 156 хувиар өсөж, 8.5 тэрбум ам.долларт хүрчээ. Хэдийгээр хүлэмжийн хийг хумихаар дэлхий даяар нүүрсний хэрэглээг бууруулж буй ч өнөө хэр энэ түүхий эд хөрөнгө оруулагчдын сонирхол татсаар байна. Гэхдээ уул уурхайн зарим том компани нүүрсний бизнесээ бүр мөсөн орхихоор зорьж байгаа. Тухайлбал, уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг Rio Tinto групп нүүрсний орд уурхайнуудаа худалдаж эхэлсэн. Өнгөрсөн онд гэхэд Хятадын Yancoal компанид өөрийн охин компани болох Coal & Allied Industries-ийг 2.7 тэрбум ам.доллараар борлуулсан юм. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Glencore компанид нүүрсний хоёр ч уурхайгаа 1.7 тэрбум ам.доллараар худалджээ.

Тус групп 2014 оноос хойш нийт 6.5 тэрбум ам.долларын нүүрсний бизнесээ зарсан байна. Rio Tinto ийнхүү нүүрснээс нүүр буруулж, оронд нь төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагааны бизнест түлхүүтөвлөрч буй. Тэгвэл уул уурхайн салбарын элитүүдийн нэг Glencore компани 2018-2020 он хүртэл шинэ бизнесийн худалдан авалтад нийт 1.2 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдлээ. Тус компани цайр, никель, зэс, нүүрс гэсэн дөрвөн төрлийн түүхий эдийг онилж байгаа аж. Нүүрсний зах зээлд таатай үе ирээд байгаа учир энэ түүхий эдийн бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж буйгаас гадна батарей үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг түүхий эдүүдийн гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ялангуяа, никель, зэс, кобальтын үйлдвэрлэлийг дэмжинэ. 2020 онд кобальтын гарцаа хоёр дахин нэмэгдүүлэхээр төвлөвлөжээ. Харин Rio Tinto, Glencore-ийн гол өрсөлдөгч болох BHP Billiton занарын бизнесээс гарч, нүүрс, газрын тосыг гол түүхий эд хэмээн зарласан бол Anglo American ч нүүрс сонирхож буй аж.

Тэгвэл Бразилын Vale компани төмрийн хүдрээс гадна никель сонирхож байгаа аж. Үүнээс гадна урд хөршийн компаниудын дунд гангийн бизнесийн хэлцэл эрчтэй өрнөж буй бөгөөд мөнгөн дүн нь 13.3 тэрбум ам.доллар хүрчээ. Ерөнхийдөө, Хятадын компаниуд нэгдэж, Латин Америкийн компаниуд хөрөнгөө худалдах хандлагатай буй. Нэгэн цагт үнэ цэнээ алдаж байсан нүүрс эргэн ирж, хөрөнгө оруулагчдын харааг булааж байна. Гэхдээ энэ түүхий эдээс татгалзах компаниуд ч байсаар байгаа. Түүнчлэн зэс, алт зэрэг түүхий эдийн төслүүд анхаарлын төвд хэвээр байна. Харин цахилгаан автомашин болон батарей үйлдвэрлэл үлэмж нэмэгдэж буй нь эдгээр бүтээгдэхүүний түүхий эдүүдийн орд уурхайн эрэлт нэмэгдээд байна. Ernst & Young-ийн тайланд дурдсанаар поташ, хөнгөн цагаан, алт, нүүрсний бизнесийг хөрөнгө оруулагчид сонирхсон хэвээр. Харин лити, кобальт зэрэг шинэ үеийн түүхий эдүүд рүү хөрөнгө оруулагчид хошуурах болов. Байршлын хувьд Өмнөд Африк, Австрали, Хятадыг илүүд үзэж байна. Дэлхийн шилдэг шинжээчдийг эгнээндээ багтаасан элит компаниудын нүүдлээс харахад манай экспортын гол түүхий эд болох алт, зэс, нүүрсний ордуудыг хөрөнгө оруулагчид сонирхсон хэвээр байх нь. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хөрөнгө оруулагчид лити, кобальт зэрэг шинэ таваарууд руу хошуурч байгаа ч нөөц нь жилээс жилд дундарч буй уламжлалт түүхий эдүүд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар байх нь.
САНАЛ БОЛГОХ