Гольф дагасан аялал жуулчлал мөнгө босгох том боломж

Тансаг


Монголд гольфийн цүнх, багц цохиур дунджаар 480 мянган төгрөгийн үнэтэй


Монголын гольфийн холбооны тооцоогоор зуны саруудад манай улсад 700 гаруй жуулчин гольф тоглох зорилгоор иржээ. Тэд голдуу хоёр өдөр тоглодог бөгөөд тэр хэрээр клубуудын ашиг орлого огцом өссөн байна. Гольф дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг гол хүчин зүйл нь олон улсын төдийгүй тивийн чанартай тэмцээнийг зохион байгуулж, гольф сонирхогчдыг татах явдал. Ялангуяа, зуны улиралд гольфоор хичээллэгсдийн тоо нэмэгдэхийн сацуу аялал жуулчлалын урсгал Монголыг чиглэдэг таатай нөхцөл бүрдэж буй. Сүүлийн хоёр жил БНСУ, Япон болон Зүүн Азид цаг агаар халсантай холбоотойгоор гольф сонирхогчид манай оронд ирж тоглох нь ихэссэн байна. Өнгөрсөн жил манай оронд ирсэн ази, Номхон далайн гольфийн холбооны төлөөлөгчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хийгээд Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах боломжтойг дуулгажээ. Ийнхүү Монголд гольфийн спорт хожуу үүссэн ч хурдацтайгаар хөгжиж буй. Манай оронд гольфийн спортыг үндэслэгчдийн нэг бол Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдорж агсан юм.

Анх 2003 онд “Найрамдал” зусланд цөөн нүхтэй талбай байгуулснаас хойш өдгөө дэлхийн стандартад нийцсэн 18 нүхтэй гурван ч талбайтай, ур чадварын индексээрээ Азид өрсөлдөх дөрвөн ч тамирчинтай болжээ. Гольф сонирхогчдын тоо 1000 давсан судалгаа ч байна. Тэр хэрээр энэ спорт монголчуудад тансаг хэрэглээний болон харилцааны шинэ боломжуудыг нээж өгсөөр байгаа юм. Гольф тоглоход олон км алхах, биеийн бүх хэсгийг ашигласан хөдөлгөөн хийх шаардлагатай байдаг нь эрүүл мэнд, бие галбиртаа анхаарах сайхан боломж юм. Мэдээж ажил хэргийн уулзалтыг амралтын цагаар амжуулах сайхан боломж олгодог нь завшаан гэлтэй. Тиймээс л улстөр, бизнесийн хүрээнийхэн төдийгүй урлагийн алдартнууд гольф тоглох, цохиур хэрэгсэл авах, гишүүнчлэлээр элсэхэд хөрөнгө мөнгө хайрлахгүй зарцуулдаг болжээ. Өнөөдөр Монголд тэрэлж дэх Chinggis khan country club, Скайресортын Мount Bogd, Биокомбинатад байрлах Riverside golf club Mongolia гэх стандартад нийцсэн гурван талбай бий. Дээрх клубүүд дунджаар 60 гишүүнтэй аж. гишүүн болоход 30-40 мянган ам.доллар төлж хязгааргүй тоглох эрхтэй болдог клуб байхад жилийн 500 ам.долларын татвараа төлөөд хөнгөлөлт эдэлдэг ТББ ч бий.

Дээрх клубүүд гишүүндээ талбайд тоглох эрх буюу green fee болон дагалдах үйлчилгээ үнэгүй үзүүлдэг. Харин хамгийн олон 132 гольфчинтой Монголын гольфийн холбооны жилийн татварт 500 мянган төгрөг бөгөөд зарим талбайд хөнгөлттэй тоглох эрх олгодог аж. Харин гишүүнчлэлгүй бол анхлан суралцагсад гольфийн хичээлд хамрагдах бөгөөд нэг цагийн хичээл 90 мянган төгрөгийн төлбөртэй. Үүнээс гадна дасгалын талбайд сургуулилт хийхийн тулд бөмбөг бүрийг худалдаж авна. Ажил хэргийн уулзалт хийх өрсөлдөгчтэйгөө адил түвшинд тоглодог болохын тулд дасгал сургуулилтад чамгүй мөнгө зарцуулах шаардлагатай. Мөн сайн тоглож сурахын тулд өөрт тохирсон сайн чанарын iron, wood, phat, sand wedge, putter гэх арав гаруй төрлийн багц цохиуртай байх хэрэгцээтэй болно. Монголд зарж буй багц цохиурын дундаж үнэ 250 ам.доллар. Харин дэлхийн зах зээлд Choice, тaylormade, DeCade зэрэг чанараараа гайхуулагч цохиурууд 1000 ам.доллар хүрнэ. Түүнчлэн зориулалтын хувцас бээлий, гутал авах гээд багагүй зардал шаардана. Гишүүнчлэлгүй болон анхлан тоглогч нар green fee буюу тоглох эрхийг гадаадад 100-350 ам.доллар, Монголд 150- 295 мянган төгрөгөөр авна.

Мөн өөрийн гэсэн цохиургүй, бээлий, гуталгүй бол түрээсээр авч бөмбөг, бөмбөг тогтоогч зэрэгт багагүй мөнгө зарах болдог. Эндээс харахад жил бүр хүрээгээ тэлж буй гольфын спортоос клубүүд багагүй ашиг олдог гарцаагүй. Өвлийн улиралд 3D танхимд тaylormade spider ухаалаг цохиур ашиглан бэлтгэл хийлгэх анхан шатны сургалт явуулахад ч чамгүй орлого олох боломж бий. Энэ спортыг дээдсийн тоглоом болгож буй гол учиг нь соёлын хэмжүүр өндөр байдагт оршино. Өрсөлдөгчдөө хүндэтгэлтэй ханддагаараа энэ спорт тансаг зэрэглэлд багтдаг. Гольф тоглоход баримталдаг дүрэм журам цөөн ч цаасан дээр бичигдээгүй дэг журам, харилцааны соёл талбайд яг таг үйлчилнэ. Гольфчид болзсон цагтаа ирэхээс эхлээд бөмбөгөө цохих гэж буй тоглогчийн анхаарлыг сарниулах, бөмбөгөө цохихгүй удах, нэгнийхээ өмнүүр орж цохих зэргээр бусдыг үл хүндэтгэвэл ичгүүртэй байдалд орж дараагийн удаад “соёлын гологдол” болдог аж. Шотландийн нэгэн хоньчин малаа хариулж явахдаа хийх зүйлээ олж ядан жижиг бөөрөнхий чулууг модоор цохисонд туулайн нүхэнд орчихжээ.

Түүний тохиолдлоор сэдсэн энэ тоглоомд нөхөд нь ч татагдан орсноор шинэ зугаа олон хүнд таалагдах болж өнөөгийн дээдсийн тоглоом хэмээн нэрлэгддэг гольфийн спорт үүсчээ. Гольф анхандаа Шотланд эрчүүдийн дунд эрчтэй дэлгэрч цэргүүд үндсэн үүрэгт ажил болох байлдааны бэлтгэл сургуулилт хийхээ умартан энэхүү тоглоомд татагдах болсон тул 1457 онд Шотландын парламент цэргүүд, энгийн ардыг гольф тоглохыг хориглосон зарлиг гаргаснаар энэ тоглоом дээдсийн зугаа болсон түүхтэй. Орчин үеийн гольфийн стандартын талбай 18 нүхтэй. Бөмбөг оруулах нүх бүхий тугтай хэсгийг “green” гэж нэрлэнэ. Цохих хэсгээс green хүртэлх зай харилцан адилгүй бөгөөд 100 метрээс хагас километр байж болдог. Бөмбөгийг хамгийн цөөнцохилтоор 18 нүхэнд оруулсан нь хожих дүрэмтэй. Энэ тансаг спортыг Монголд хөгжүүлж, аялал жуулчлалын чиглэлийг нэгээр нэмэх боломжтойг салбарынхан хэлж байна. Түүнчлэн гольфийн олон улсын чанартай тэмцээнүүдийг зохион байгуулснаар дагалдан ирэх ESPN, Fox sports, Golf sports зэрэг дэлхийн том хэвлэл мэдээллээр Монголын клубүүд дэлхийн олон сая гольфчдод танигдах сайхан боломж гарч ирэх юм. Хэдийгээр гольф тоглох орчныг бүрдүүлэхэд хөрөнгө шаардлагатай ч зөв менежментээр хөдөлвөл төр, хувийн хэвшил гэлтгүй мөнгө босгох боломж дүүрэн байна.
САНАЛ БОЛГОХ