Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д айлчлахыг урив

АЙЛЧЛАЛ


​Уул уурхайгаас бусад салбарын хөрөнгө оруулалтыг нэмнэ​


Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ГХ-ийн сайд Д.Цогтбаатар БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын төрийн Зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И-г Монгол улсад тааламжтай үедээ айлчлахыг урьсан билээ. Түүний дагуу энэ өдрүүдэд БНХАУ-ын гадаад хэргийн сайд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ван И өмнө нь манай оронд 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жинь Пиний хамт ирж байсан юм. Түүний энэ удаагийн айлчлалын гол зорилго нь ирэх жил тохиох хоёр улс хооронд дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг хангах, манайхаас тавьсан махан бүтээгдэхүүний экспортын асуудлыг шийдэх явдал юм. Үүнээс гадна Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх орондоо урьсан БНХАУ-ын удирдлагуудын урилгыг гардуулахаар ирсэн нь энэ. Манай улсаас сүүлийн хоёр жилд Ерөнхий сайдын түвшинд хоёр ч айлчлал хийгээд байгаа. 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хятадын Ерөнхий сайд Ли Көцяний урилгаар Бээжинд төрийн айлчлал хийсэн бол өнгөрсөн хавар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын урилгаар айлчлаад ирсэн юм.

Харин төрийн тэргүүний хувиар Х.Баттулга ирэх жил анх удаа тус улсад айлчлах болж байна. Өнгөрсөн хавар Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ыг зорьсон боловч тэр айлчлал ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох зорилгыг агуулж байсан юм. Сүүлийн үед манай улсын төрийн тэргүүн хоёр хөрштэйгөө харилцаагаа сайжруулахад ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Үүнийг ч өмнөд хөрш нааштайгаар хүлээн авч Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь лавтай. БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И хэлсэн үгэндээ ч “Хятад улс Монгол улсын гадаад харилцааны маш чухал байрт орсонд баяртай байна” гэж онцолсон. Өчигдөр хоёр орны гадаад хэргийн сайдууд Монгол улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол улсын гадаад харилцааны яам БНХАУ-ын гадаад хэргийн яам хоорондын 2019-2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолд оролцсон. тэд санамж бичигт гарын үсэг зурсны дараа хэвлэлийнхэнд дараах мэдээлэл өгөв.

Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд болно
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Талууд хоёр талын хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, томоохон төслүүдээ эхлүүлэх талаар санал солилцлоо. Мөн бүс нутаг олон улсын харилцааны өөрсдийн сонирхсон асуудлаар үзэл бодлоо хуваалцсан. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх онд БНХАУ-д айлчлах урилгыг дахин нотоллоо. Манай эдийн засгийг зээл тусламжаас хамааралтай байдлыг халж тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг баталгаажуулахын тулд хоёр талын худалдааг нэмэгдүүлж 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж ажиллахаар хэлэлцэв. Ирэх жил Монгол улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. БНХАУ-тай 70 жилийн дипломат харилцаатай 10-аад орон байдгийн нэг нь Монгол улс юм. Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхэлж байгаа бөгөөд нээлтийн ажиллагааг энэ сарын 25-нд хамтран зохион байгуулна. Мөн уулзалтаар хөндсөн чухал асуудал бол манай улсад БНХАУ-аас оруулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ноён Ван И-тэй санал нийллээ.

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И:

-Монгол улс шинэ Засгийн газар байгуулсны дараа хятад улстай найрсаг харилцаатай байх бодлого баримталж ирсэн. Энэ удаагийн айлчлалаар Монголын талтай дөрвөн талаар санал солилцсон. Нэгдүгээрт, улс төрийн харилцан итгэлцэл, харилцан дэмжлэгээ улам нэмэгдүүлж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах. Хоёрдугаарт, энэ харилцаанд гарсан боломжийг ашиглаж хоёрт талын харилцааг хурдацтай хөгжих замд оруулна. Гуравдугаарт, “Бүс ба зам”-ыг хамтран байгуулахын тулд хоёр талын хөгжилд шинэ хүч нэмэгдүүлнэ. Дөрөвт, ирэх онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ашиглаж хоёр талын харилцааг шинэ шатанд гаргана. Мөн хоёр орны өндөр, дээд төвшний айлчлалын давтамжийг хадгалах хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх онд Хятад улсад төрийн айлчлал хийхийг урьж байна. Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэхээр зарласан. 2020 он хүртэл хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ. Хятад улсын дэмжлэгээр барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төсөл дээр чухал ахиц гарган ажиллаж байна. Хоёр улсын боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байгаа. Мөн Монгол улсаас санал болгосон мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг хятадын тал нааштай хүлээж авахад бэлэн байна.

Мэдээллийн дараа сайд нар хэвлэлийнхний сонирхсон асуултад хариуллаа.

-БНХАУ-ын зүгээс үзүүлсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын эдийн засагт ямар үр өгөөж үзүүлж байгаа вэ. Цаашид хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлж, үргэлжлүүлэх вэ? Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-БНХАУ-аас үзүүлж ирсэн зээл тусламж Монголын нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Спорт, эрүүл мэндийн байгууллага, боловсролын салбар дахь хамтын ажиллагаа бүгд манай улсын иргэдэд хүрсэн. Одоо харилцааны шинэ зарчмуудаа ярьж байна. Монгол улсын экспортыг нэмэгдүүлэх болон бүтцийн чанарыг сайжруулах талаар ярилаа. Ул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санал тавьсан. Үүнийг Ван И сайд хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүнийг экспортлохоор ярилаа. Бид Хятад руу хийх экспортоо нэмэгдүүлж, тэндээс олох орлогоо нэмэгдүүлбэл Монголын эдийн засагт бодит хувь нэмэр болох юм. БНХАУ бол Монголын хоёр дахь том хөрөнгө оруулагч юм.

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И:

Монгол улсад буцалтгүй тусламж үзүүлж, монгол иргэдийн аж амьдралд тус дэм болж байгаадаа баяртай байна. Хятад улс мөн ядуу, хүнд байх үед Монгол улс тусалж байсан. Монголын талд хөнгөлөлттэй зээл үзүүлсэн нь шинжлэх ухааны болон техник эдийн засгийн үндэслэлтэй. Бидний зүгээс өрийн дарамт үзүүлэхгүй гэж найдаж байна. Түүнчлэн БНХАУ руу экспорт хийх боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Бүх Монголын ард түмэн цаашид улам сайхан амьдарна гэж бид итгэж байна. Мөн та бүхнийг хятадын хурдацтай хөгжих хурдан галт тэргэнд суухыг урьж байна.
САНАЛ БОЛГОХ