Э.Бат-Үүл: Би хариуцлага хүлээж, нийслэлийн АН-ын даргаас огцорно

СОНГОЛТ


“Сонгуулийн дүн бидний хувьд цунами байлаа”


НИТХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, нийслэлийн Ардчилсан намын даргын албан тушаалаас огцрох хүсэлтээ гаргахаа Э.Бат-Үүл мэдэгдлээ.
Тэрбээр пүрэв гарагт мэдээлэл хийсэн бөгөөд НИТХ-ын сонгуулийн үр дүн нийслэлийн Ардчилсан намын хувьд “цунами” байлаа хэмээн тодотгосон юм. Мөн “НИТХ-ын сонгуулийн дүн гарч, нийслэлийн Ардчилсан нам 11 суудал авч, МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Юуны өмнө нийслэлийн сонгуулийн хороо маш зохион байгуулалттай ажилласанд талархал илэрхийлье. Дараа нь биднийг дэмжсэн сонгогчдодоо талархаж байна. Өнгөрсөн дөрвөн жил нийслэл хотод ид шидтэй мэт бүтээн байгуулалт хийхэд дэмжиж оролцсон нийт иргэддээ талархаж байна. Нийслэлийн амьдрал өөр болсон гэдэгт санал нэгтэй байгаа биз ээ. Иргэдийн зүгээс дараа дараагийн хотын удирдлагуудад тавих шаардлага өндөр болсон гэж найдаж байна. Сонгуулийн үр дүн Нийслэлийн Ардчилсан намын хувьд улс төрийн “цунами” байлаа. Бид ялна гэдэгт итгэлтэй байсан ч ийм үр дүн гарлаа. Дүн гарсны дараа мэдэмхийрдэг мэргэн түргэн хүн олширдог. Гэхдээ энэ сонгуулиар бүтээн байгуулалтаас илүү харлуулсан хүнийг олон түмэн дэмжлээ. Утга учиргүй хүнийг гүжирдэж, харлуулах замаар сонгуульд амжилт олж болдог гэдгийг харууллаа” гэсэн юм.
Түүнчлэн тэрбээр энэ сонгуульд МАН-аас л дэвшсэн бол “Бор халзан хонь” ч сонгогдохоор байсан гэв.Э.Бат- Үүл нийслэл хотыг цаашид удирдах МАН-д хандан гурван зүйлийг захиж байлаа.
Нэгдүгээрт, Гэр хорооллын дахин төлөвлөлт буюу “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Хашааны газар дээр тохилог орон сууц барих замаар Улаанбаатарын утаанаас салах, эдийн засгийн хямралаас гарах өөр арга зам байхгүй. Тийм учраас эрх баригчид үүнийг ойлгож, бидний эхлүүлсэн “Сайн хашаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, Төрийн үйлчилгээний “супер маркет”- ийг бид эхлүүлсэн. Энэ нь дарга нарын ширээний доор нуудаг эрх мэдлийг төрийн үйлчилгээний “супер маркет- ийн лангуун дээр тавьж ард иргэддээ үйлчилдэг засаг захиргаа бий болгох ажил эрчимтэй эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 400 мянган хүн үйлчилгээ авсан тоо бий. Ер нь ард иргэдээ далайлгаж, дарамталсан, дарга нарын захиргааг бий болгож болохгүй. Манай нийслэлийн ард иргэд төрийн үйлчилгээг хүртэж, эрх чөлөөтэй амьдрах эрхтэй хүмүүс.
Гуравдугаарт, “Найрсаг Улаанбаатар хөтөлбөр”-ийг гацааж, зогсоож болохгүй. Энэ хөтөлбөр бол нийслэлийн соёл урлагт бодитой дэмжлэг үзүүлсэн зүйл. Нэн ялангуяа даншиг наадмыг улстөржүүлж зогсоож болохгүй. Даншиг наадам эхэлж байхад ардын хувьсгалын наадамтай өрсөлдүүлж ийм юм хийж байна гэх буруу ташаа ойлголтыг тарааж байсан. Би зориуд хэлье, тийм санаа бодол байгаагүй. Ер нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг татах боломж нэмэгдсэн юм шүү. Мэдээж хэрэг газрын наймаа, газрын авлига зогссон” гэлээ. Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Ардчилсан намын дарга З.Энхболд намаа ялуулж чадаагүйн хариуцлагыг хүлээж, албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн. Харин та яах уу?
-Хүлээнэ. Өөрөөр хэлбэл, би нийслэлийн намын даргын хувьд нийслэлийн Ардчилсан намын зөвлөх хорооны хурлыг хуралдуулаад чөлөөлөгдөх хүсэлтээ тавина.
-Нийслэлийн Ардчилсан нам ялагдал хүлээсэн нь том намын нэр хүнд муу байсантай холбоотой гэдэг дүгнэлтийг зарим нь хэлж байна. Үүнтэй та санал нийлж байна уу?
-Санал нийлэхгүй байна. Нэгэнт гарсан үр дүнг мэргэн түргэн тайлбарлах хүмүүс захаас авахуулаад гарна. Гэхдээ хэнч зөв тайлбар өгч чадахгүй. Би өмнө нь хэлсэн, МАН-аас нэр дэвшсэн бол бор халзан хонь ч гарахаар сонгууль гэж. Түүнээс бол янз янзын хүчин зүйлүүд, янз янзын тойрог дээр янз янзаар үйлчилсэн. Хэрэв Ардчилсан намын нэр хүндээс болж ялагдал хүлээсэн гэвэл бид аль ч тойрог дээр суудал авахгүй байсан.


САНАЛ БОЛГОХ