Сүрьеэг эрүүл мэндийн салбар дангаараа дийлэхгүй

Нийтлэлчийн булан


Сүрьеэтэй өвчтөнүүдийн 70 хувь нь санхүүгийн дарамтад өртсөн​


Үе үе бөгшүүлэн ханиаж буй турж эцсэн нэгнээс ойр орчмынхон нь үл мэдэг дөлнө. Гудамжинд, автобусанд, ажлын байранд, тэр бүү хэл гэр бүлийнхэн нь хүртэл сүрьеэ туссан нэгнийг илт ялгаварлан, зай барьдаг хандлага монголчуудад бий. Үүнийгээ “цагаан тахал” гэж нэрлэгдэх хүртлээ гаарч, олон хүний амь насыг авч одсоор байгаа сүрьеэ өвчнөөс сэрэмжилж буй гэж ойлгодог. Харин эсрэг өнцөгөөр харвал, өвчтөнд сэтгэл санааны маш хүнд дарамт учруулдаг араншин. Монголд жил бүр 4000 гаруй хүн энэ өвчнөөр шинээр өвчилж байна. Одоогоор 22 мянга гаруй хүн сүрьеэгийн халдвар тээж яваа гэсэн ноцтой мэдээлэл бий. Сүрьеэгийн вирус нь олон төрлийн эмэнд дасал болсон, хүнд шатандаа орсон иргэдийн хувьд ажил, хөдөлмөр эрхэлнэ гэдэг амаргүй. Хэдийгээр улсаас эмчилгээний зардлыг даадаг ч эмнэлэг явах унаа, эмийн гаж нөлөөг бууруулах эм авах гэх мэт шууд зардлууд эмчилгээнийхээс хоёр дахин их гардаг байна. Энэ хугацаанд ажил хийж орлого олох боломжоо иргэд хэдэн сар, жилээр алддаг.

ДЭМБ-аас Монголд сүрьеэгээр өвчилсөн иргэдийн 45.5 хувь буюу бараг тал нь ажилгүй болсон гэсэн судалгаа гаргажээ. Өвчтөнүүдийн 39 хувь нь тогтмол орлогогүй болсон, эмчилгээний бусад зардлаа олохын тулд банкнаас зээл авсан байна. Өөрөөр хэлбэл, сүрьеэгээр өвдсөн гурван хүн тутмын нэг нь зөвхөн энэ өвчнөөс салахын тулд өр, зээлтэй амьдарч байгаа юм. Хүндээр өвчлөх нь зөвхөн тухайн хүний бэрхшээл биш. Гэр бүлийнхэнд нь ч эдийн засаг болон сэтгэл санааны дарамт болдог. ДЭМБ-ын дээрх судалгаанд сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлийнхний 70 хувь нь ямар нэг байдлаар санхүүгийн дарамтад ордог гэсэн дүн гарчээ. Тус байгууллагаас уг өвчний улмаас учирч буй зардал өрхийн жилийн орлогоос 20 хувь хэтэрсэн бол санхүүгийн дарамтад өртсөн гэж үздэг. Монголын хувьд бусад оронтой харьцуулбал өрхөд учрах санхүүгийн дарамт харьцангуй өндөр үзүүлэлттэй. Тухайлбал, манай улс багтдаг Номхон далайн баруун бүсийн орнуудад уг үзүүлэлт 30-60 хувьтай байдаг юм байна.

Монголд сүрьеэгийн гурван тохиолдлын дөнгөж нэгийг нь илрүүлдэг
Ер нь буурай хөгжилтэй орнуудад сүрьеэгийн тархалт их. ийм орнуудад эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй, иргэдийн эрүүл мэнддээ тавих анхаарал сул, санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг зэргээс болоод эмчилгээгээ таслах, зогсоох, эсвэл бүр эмчлүүлэхгүйгээр вирус тээсээр байх явдал байсаар байна. Манай улсад гэхэд сүрьеэгээр өвчлөгсдийн 10 хувь нь эмчилгээгээ тасалдуулдаг аж. Унаа, эмийн мөнгөгүйгээс эмчилгээ таслах эсвэл бүр мөсөн орхих тохиолдол маш олон байна. Ялангуяа, эмзэг бүлгийн болон архинд донтсон иргэдэд бүрэн эмчилгээ хийнэ гэдэг хамгийн том бэрхшээл гэдгийг эмч нар хэлж байна. Гэтэл халдвартай хэлбэрийн сүрьеэтэй нэг өвчтөн жилд дунджаар 10-15 хүнд өвчний вирусээ халдаадаг аж. “Уг нь энэ өвчнийг анхан шатанд нь, сахилга баттайгаар эмчлүүлж чадвал 200-300 мянган төгрөг л шаардлагатай. Харин хамгийн хүнд шатандаа буюу вирус нь бүх эмэнд дасалтай болчихвол 20-30 сая төгрөг зарцуулдаг. Өвчнөө даамжруулах тусам эмчилгээний бусад зардлууд өсдөг. Анхан шатанд эмчлүүлсэн өвчтөний зардлын 39 хувийг эмчлгээний бус зардал эзэлнэ.

Харин эмэнд тэсвэртэй болсон бол энэ зардал 45 хувь болж нэмэгддэг” гэж ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны дарга Д.Энхмандах тайлбарлалаа. Сүрьеэ бол XIX зуунд дэлхийг нөмөрч байсан “тахал”. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн тархалт буурч байгаа ч жилд олон сая хүн хорвоог орхисоор буй. 2017 онд дэлхий даяар 10 сая хүн өвчилж, 1.6 сая нь нас барсан. Номхон далайн баруун эргийн орнуудад л гэхэд өнгөрсөн онд 1.8 сая хүн ийм төрлийн вирусээр өвджээ. Харин энэ дунд манай улс шинэ өвчлөлийн тохиолдол болон ирээдүйд өвчлөх магадлалтай хүний тоогоор дээгүүрт бичигдэж буй. Дэлхий нийт сүрьеэ өвчинтэй зуун дамжин тэмцэж байгаа. НҮБ-аас 2030 он гэхэд сүрьеэгийн өвчлөлийг тэг болгож, вирусийн тархалтыг бүрэн зогсоох зорилт тавьсан. Гэвч Монголд сүрьеэгийн гурван тохиолдлын дөнгөж нэгийг нь л илрүүлж чадаж байгаа нь харамсалтай гэхээс илүү аюулын харанга дэлдэж буй. Тэгвэл сүрьеэгийн вирус тээж яваа гурван хүн тутмын хоёр нь өөрийгөө ийм өвчин туссан гэдгээ ч мэдэхгүй, мэдсэн ч эмчид очдоггүй гэсэн үг.

Тиймээс энэ “цагаан тахал”-ын вирусийг устгахын тулд бодлогоо шинэчлэх цаг ирснийг мэргэжилтнүүд хэлж байна. Олон улсад энэ бэрхшээлийг нийгмийн халамжийн бодлогоор дамжуулан арилгахыг хамгийн тохиромжтой арга гэж үзэж байна. Тухайбал, сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийг ажлын байртай болгох, бага ч гэсэн эмчилгээгээ таслахгүй байхаар зардлыг нь халамж хэлбэрээр өгдөг жишээ байдаг аж. Түүнчлэн, орчин үеийн оношилгооны аргууд, дэвшилтэт технологийг ашиглан, эрүүл мэндийн тогтолцооны чадавх, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгааг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн сүрьеэ, лепрозын хэлтсийн зохицуулагч таухид ислам онцолсон юм. Ийнхүү сүрьеэ араасаа ядуурлыг дагуулсаар байгаа бол иргэд ядуурлаас үүдэн өвчнөө эмчлэхгүй, бусдад халдаах тохиолдол улам даамжирсаар байна. Тиймээс Монголд сүрьеэгийн тархалтыг бууруулахын тулд хүч хаях цаг хэдийн болжээ. Үүний тулд ганцхан төлөвшиж амжаагүй эрүүл мэндийн салбарт даатгаад орхих биш, нийгмийн халамж, хууль, санхүү, иргэний нийгэм зэрэг бусад салбаруудтай хамтрах шаардлагтай байна. Наад зах нь ядуугийн улмаас үхэлд хүргэх халдварт өвчин тээж байгаа иргэдийг илрүүлж, эмчлүүлэхэд ганц эрүүл мэндийн салбарын хүч хүрэхгүй нь.
Сэтгэгдэл
Зочин
197.234.221.193
САНАЛ БОЛГОХ