Эмэгтэйчүүд гэртээ хамгийн их айдастай байна
Нийтлэлчийн булан
Амиа алдсан эмэгтэйчүүдийн талаас илүү нь гэртээ, дотнын хүнийхээ гарт үрэгддэг
Монгол эмэгтэйчүүдийн тал хувь нь амьдралдаа ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэсэн НҮБ-ын хүн амын сан, ҮСХ-ны хамтарсан судалгааг танилцуулахад олон хүн үнэн эсэхэд нь эргэлзэж байлаа. Түүнчлэн хүчирхийлэлд өртөж байсан эдгээр эмэгтэйчүүдийн 71.6 хувь нь хүнд хэлбэрийн бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртөж байсан гэдэг судалгаа нийгмийг цочирдуулсан. Гэхдээ энэ бол зөвхөн монголд байгаа үзэгдэл биш. Дэлхийн аль ч улс оронд эмэгтэйчүүд эмэгтэй хүн болж төрснийхөө үрээр бусдын хүчинд автаж, амиа алдсаар байна.
Уг нь дэлхийд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 72 байдаг бол эрчүүдийнх 68 жил. Эрчүүд гэнэтийн осолд өртөх, дайнд амь үрэгдэх зэргээр хорвоогоос эрт буцах шалтгаан олон. НҮБ-ын судалгаагаар аллагын хохирогчдын 80 хувь нь эрчүүд бөгөөд ихэнхдээ танихгүй хүний гарт гэнэтийн байдлаар амиа алддаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд байдал өөр. Ихэнх нь өөрийн танил, дотно хүнийхээ, тэр тусмаа хамтран амьдрагч, гэр бүлийнхнийхээ гарт амь үрэгдэж буй нь харамсалтай.
НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газраас гаргасан саяхны судалгаагаар бусдын гарт амиа алдсан эмэгтэйчүүдийн 64 хувийг гэр бүл, дотнын хүн нь хөнөөсөн гэсэн дүн гарчээ. Цаашлаад эдгээр эмэгтэйчүүдийн 82 хувь нь хамтран амьдрагч, нөхрийнхөө гарт амиа алдсан байна. Түүгээр ч үл барам, ийм байдлаар амиа алдсан 10 эмэгтэй тутмын зургаа нь гэртээ ийнхүү дотнын хүнийхээ гарт егүүтгэгдсэн нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, орон гэр гэдэг хүний хамгийн аюулгүй, тайван орчин байх ёстой атал олон мянган эмэгтэйчүүдийн хувьд айдас, түгшүүртэй газар болон хувираад байна. Гэтэл гэр бүл, дотнын хүнийхээ гарт амиа алдана гэдэг хүчирхийлэл өмнө нь олон дахин давтагдсан гэсэн үг, ихэнх тохиолдолд. Олон улсын судалгаагаар мэдээлэгдсэн дуудлага болгоны цаана гэр бүлийн хүчирхийлэл өмнө нь 20-25 удаа үйлдэгдсэн гэж үздэг.
Ямар ч соёлтой, өндөр хөгжсөн оронд амьдардаг байлаа ч гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бусдын нүднээс далд, хаалттай хаалганы цаана үйлдэгддэг бөгөөд хохирогч эмэгтэйчүүд гэр бүлийнхээ нэр хүндийг бодоод энэ тухай бусдад мэдээлдэггүй.
Дэлхийд жилд 50 мянган эмэгтэй гэртээ амиа алддаг
Дээрх судалгаанд дэлхийд өдөрт 137 эмэгтэй гэртээ амиа алдаж буй, энэ тоо цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байгааг дурджээ. Ялангуяа, Ази тивд ийм хандлага маш өндөр байгаа аж. Тоон мэдээллээс харвал, гэр бүл, дотнын хүнийхээ гарч амиа алдсан эмэгтэйчүүдийн тоогоор Ази тив Африкийн өмнө орж, нэгдүгээрт бичигдэж байна. Энэ нь жендэрт суурилсан хүчирхийлэл нь хөгжилгүй, ядуу орчин нөхцөл гэхээс илүү эцгийн эрхт ёс ноёлсон сэтгэхүйтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дотнын хүн нь эхнэр, ээж, охин дүү, найз эмэгтэйнхээ аминд хүрсэн тохиолдол Азид жилд дунджаар 20 мянга гардаг бол Европт үүнээс зургаа дахин бага буюу 3000 тохиолдол бүртгэгддэг байна.
Гэхдээ НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын гүйцэтгэх захирал Юрий Федетов “Сүүлийн жилүүдэд дэлхий даяар баян, ядуу ялгаагүй аль ч бүсэд эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг өсөх хандлага ажиглагдах боллоо. Жилд 50 мянган эмэгтэй гэр бүлийнхэн болон хамтран амьдрагчийнхаа гарт амиа алдаж байна шүү дээ” хэмээн анхааруулжээ.
Монголд ч гэр бүлийн орчин охид, эмэгтэйчүүдэд халтай, тайван бус байна. Монголд ямар эмэгтэй хүчирхийлэлд өртөж байна вэ гэвэл, салсан эсвэл одоо хэн нэгэнтэй хамтран амьдарч байгаа эмэгтэйчүүд (64 хувь) гэж хэлж болохоор байна. Эсрэгээрээ ганц бие эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь 12-15 хувь байгаа нь бараг л ганцаараа амьдарвал аюулгүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гэвч үүгээр эмэгтэйчүүдийг амьдралыг ганцаараа туулсан нь дээр гэж уриалах гэсэнгүй. Гагцхүү олон мянган эмэгтэйн хувьд гэр бүлийн харилцаа ямар аюултай түвшинд хүрснийг анхааруулахыг зорилоо. ХИС-ийн оюутан Н.Энхтэнгэрийн “Бурханаас гуйсан нүгэлтэй хүсэл” нийтлэлд архи уудаг аав нь тэнгэрийн оронд очиж байж л хүссэнээрээ амьдрах боломжтой болсон тухай өгүүлснийг олон хүн уншсан байх. Яг ийм хүнд, хэцүү амьдралыг маш олон эмэгтэйчүүд, хүүхдүүд туулсан, туулсаар ч байгаа.
“Мэдээж, манай улс хүн ам цөөтэй учир бусад оронтой харьцуулахад гэр бүлийнхнийхээ гарт амиа алдсан эмэгтэйчүүдийн тоогоор сүүлд жагсана. Харин 100 мянган хүн амд ногдох тоогоор дээгүүрт орох байх. Гэхдээ ийм судалгаа одоогоор алга” хэмээн гэр бүл судлаач Б.Нямцэцэг өгүүлсэн.
Эмэгтэйчүүдэд аюул заналхийлсэн гэр бүлийн орчин хүүхдийн хувьд ч ээлтэй байна гэж үгүй. Тиймээс хүүхдээ хамгаалахын тулд юуны өмнө гэр бүлийг, эмэгтэйчүүдээ онцгой анхаарч, хамгаалах нь юу юунаас илүү чухал болоод байна.
Монголд сүүлийн гурван жилд гэр бүлийн хүчирхийллийн талаар шат шатандаа анхаардаг болж байна. Гэхдээ л гэр бүлүүд болон гэрлэсэн шинэхэн хосуудын сэтгэхүй, зан хандлагыг өөрчлөхгүйгээр, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, боловсролын болоод хамгаалах системээ сайжруулахгүйгээр гэртээ амар тайван, аюулгүй амьдарна гэдэг хэзээ ч биелэшгүй зүйл болж хувирах нь. Олон мянган эмэгтэйчүүд, хүүхдийн хувьд гэртээ харих нь хамгийн зөв зам байж чадахгүй байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй