УИХ-ын 43 гишүүний саналаар М.Энхболдыг чөлөөллөө

Улс төр


УИХ-ын тухай хуулийн нэмэлтийг сонгуулиас өмнө цуцлахыг сануулав


Монголын парламент түүхэндээ хоёр дахь даргаа хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. 12 жилийн тэртээ УИХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Нямдоржийг “орондоо хууль зассан” гэдгээр чөлөөлж байсан билээ.

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх чуулганы хуралдаанд 65 гишүүн иржээ. Сүүлийн хоёр долоо хоногт парламентын ирц өндөр байсан хоёр хуралдааны нэг нь энэ байв. Нөгөөх нь Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэн батлахад жар гаруй гишүүн оролцсон юм.

М.ЭНХБОЛД ХҮЧИНГҮЙ САНАЛ ӨГСӨН ҮҮ

Чуулганы хуралдааны өмнө дэгийн дагуу хуралдсан төрийн байгуулалтын байнгын хорооны хурал олны анхаарлыг багагүй татсан. Тэр дундаа УИХ-ын даргыг чөлөөлөх санал хураалт тэнцсэн нь огцрох асуудал тодорхой боллоо хэмээж байсан жагсагчдын хүлээлтэд эргэлзээ төрүүлсэн гэж болно. Тус байнгын хороонд 19 гишүүн харьяалагдаг бөгөөд 17 нь М.Энхболдыг чөлөөлөх асуудлаар санал өгөхөөр цуглажээ. Санал тоолох комисст АН-ыг төлөөлж Д.Эрдэнэбат, бие даагчийг төлөөлж О.Баасанхүү гишүүнийг оруулах санал гарсан боловч дээрх хоёр гишүүн “МАН зуурсан бантангаа өөрсдөө шүүцгээ” хэмээн татгалзсан юм. Нууц санал хураалтыг уламжлалын дагуу цаасаар явуулах нь зүйтэй гэсэн горимын санал гарч дэмжигдсэнээр цаасаар санал авсан юм. Санал найм наймаар тэнцэж нэг санал хүчингүй болсон. Хоёрыг дугуйлснаас хүчингүй болсон санал нь М.Энхболдынх байх магадлалтай. Тэрбээр байнгын хорооны гишүүдийн байр суурь ямар байгааг тандах зорилгоор өөрийн саналыг хүчингүй болгож өгсөн гэх таамаг бий. Нөгөөтэйгүүр өөртөө санал өгсөн гэх ёс зүйгүй үйлдлээс зайлсхийсэн гэж ч тайлбарлаж болох.

“ДАЙНЫ ХАЖУУГААР ДАЖИН"

Байнгын хорооноос М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг хорооны гишүүд дэмжээгүй гэсэн санал, дүгнэлт гарав. Үргэлжлүүлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцэж эхлэхэд О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, С.Эрдэнэ нар асуулт асуусан юм. О.Баасанхүү “Т.Аюурсайхан гишүүн сүүлийн үед өөрт нь эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр захиалга өгсөн гэж яриад байгаа. Хэн тийм захиалга өгсөн юм бэ? М.Энхболд гэдэг хүн захиалга өгсөн гэсэн үг үү, хүнийг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн хэрэг болох юм биш үү” гэж асуусан. Тайлбар өгсөн Т.Аюурсайханы хариулт харин ноцтой байж болох гурван ч мэдээллийг агуулсан байлаа. Тэрбээр “М.Энхболдыг огцруулах тэмцлийн тэргүүн эгнээнд яваа гишүүдэд ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэж харлуулах захиалга өгсөн нь үнэн. Тэр ч бүү хэл гэрт нь чагнах төхөөрөмж тавьж гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Мөн хуулийн байгууллагын ажилтнууд машин дүүрэн нотлох баримтыг жалганд аваачиж шатаасан хэрэг саяхан гарсан шүү” хэмээсэн юм. Түүний хариултад УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэнд халдсан гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байгаагаас гадна хуулийн ажилтнуудын хууль бус үйлдэл дурдагдсан нь ноцтой байлаа. Мөн тэрбээр дээрх мэдээллийг дараагийн УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж шалгах зорилготой байгаагаа зарлав.

• Санал тоолох комисст АН-аас Д.Эрдэнэбат, бие даагчийг төлөөлж О.Баасанхүү гишүүнийг оруулах санал гарсан ч “МАН зуурсан бантангаа өөрсдөө шүүцгээ” хэмээн татгалзав.

• Чөлөөлөгдөх хүн нь аядуу зөөлөн зантайгаас тэр үү, гишүүдийн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж хэлсэн үг ч “аядуу зөөлөн” байлаа.

• Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгч нь ч байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартай хүн гэв.

Харин “Дайны хажуугаар дажин” гэгчээр Ё.Баатарбилэг гишүүний асуултынхаа өмнө ярьсан “оршил” Д.Сарангэрэл сайдыг хилэгнүүлж, хэрүүлгүй чуулган чуулган биш болдгийг дахин батлав. Ё.Баатарбилэг ард түмэн ядруу, амьдрал ахуй хэцүү байгааг жишээ болгохдоо ханиад томуугаар олон хүн нас барж байгаа талаар ярьсан нь салбарын сайдыг “эрүүл мэндийн салбарыг улс төр болгон ашиглалаа” хэмээн уурлахад хүргэсэн. Д.Сарангэрэл “Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байж яагаад худлаа ярьж байгаа юм бэ. Чи битгий эрүүл мэндийн салбараар улс төр хий, чиний мэддэг гэж юу байсан юм” гэж ундууцсан. Сүүлдээ хоёр гишүүн нэгнийхээ муу муухайг дуудалцаж эхлэв. Ё.Баатарбилэг гишүүн “сайд юм бол ажлаа сайн хий” гэсэн бол шар нь хөдөлсөн сайд араас нь “Чи ч гэсэн нэг их сайн сайхан биш шүү” гэж үг чулуудна лээ.

ГИШҮҮДИЙН "АЯДУУ ЗӨӨЛӨН" БАЙР СУУРЬ

Чөлөөлөгдөх хүн нь аядуу зөөлөн зантайгаас тэр үү, гишүүдийн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж хэлсэн үг ч “аядуу зөөлөн” байлаа. Тэмцэгч талуудын гол дүр болж явсан Ж.Мөнхбат гишүүн дараагийн УИХ-ын даргаар МАНАН дэглэмд оролцоогүй хүнийг олж томилох “захиас” өгч, Х.Болорчулуун санал нэг байгаагаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нар М.Энхболдыг огцруулах нь тодорхой боллоо, харин цаашдаа энэ хуулиа өөрчлөхгүй бол дургүй хүргэсэн албан тушаалтнаа хууль баталж огцруулдаг жишиг тогтохыг анхааруулсан бол Д.Лүндээжанцан М.Энхболдыг чөлөөлөхийн тулд баталсан хуулиа сонгуулиас өмнө цуцалж, УИХ-ын тухай хуулиа ч засахыг сануулсан юм. Өмнө нь МАН-ын гишүүдийг чуулганы танхимаас хөөн омогшиж байсан С.Жавхлан гишүүн хүртэл “аядуу зөөлөн” байсан гэхэд хэтийдсэн болохгүй болов уу. Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хууль парламентаар анх удаа батлагдсанд баяр хүргэе. Нэг нэвтрүүлэгчийг солихын тулд яасан их юм болов оо. Хүмүүсийн бэлдэж өгсөн бичгийг л уншдаг албан тушаал юм байна лээ, наад суудал чинь. Энэ хүнийг огцруулсан ч, эс огцруулсан ч дараагийн нэвтрүүлэгч нь цэвэр хүн байх ёстой шүү” гэсэн юм. Харин Ц.Мөнх-Оргил “Олон жил бугшсан болж бүтэхгүй бүхнийг, алдаа дутагдлыг нэг хүнд овоолдог уламжлалыг одоогийн МАН-ын залуу гишүүд үргэлжлүүлж байгаа нь харамсалтай. Нэг хүнийг огцруулснаар бүх зүйл сайхан болчихно гэвэл худлаа. Хамгийн гол нь М.Энхболдыг огцруулах санал гаргасан гишүүд энэ хуулиа цуцлах шаардлага байгаа шүү” гэсэн юм.

ГИШҮҮДИЙН 77.2 ХУВЬ НЬ М.ЭНХБОЛДЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗЭВ

УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа хурал даргалагч УИХ-ын дэд дарга Л.Энхамгалан төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналаар нууц санал хураалт явуулах болсон. Ингэхдээ байнгын хорооных шиг цаас ашиглах санал гаргасан боловч гишүүд цахимаар санал хураах санал гаргаснаар горимын санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь цахимаар санал хураахыг дэмжсэн. Санал хураалт нэг удаа цуцлагдсаныг энд дурдах хэрэгтэй. Дэгийн дагуу ТББХ-ны санал дүгнэлтийг дэмжих эсэхээр санал хураалгах ёстой байсан ч Л.Энх-Амгалан эсрэгээр нь санал хураалт зарлаж алх тогшсон. Байдал бишидсэнийг анзаарсан гишүүд болон тамгын газраас зааварчилсны дагуу тэрбээр алдаагаа залруулж, дахин санал хураалт явуулсан юм.

УИХ-ын даргыг чөлөөлөх санал хураалтад 65 гишүүн оролцож 66.2 хувь буюу 43 гишүүн татгалзсан кноп дарснаар М.Энхболд “огцров”. Мөн түүнийг чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг 47 гишүүн баталснаар албан тушаалаа өгөх нь тодорхой болсон юм.

М.ЭНХБОЛД: МОНГОЛЫН ТӨРД ЗАХИРАХ, ДАРАНГУЙЛАХ ЁС ЖАЯГ ТОГТЧИХ ВИЙ

УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн даруйд М.Энхболд гишүүдэд хандаж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд өөрийг нь чөлөөлсөн хуулийн зүйл, заалтаар хэн нэгнийг өөрчлөх, солих үйл явдал битгий болоосой гэж хүсэв. Мөн жагсаал зохион байгуулсан гишүүдэд хандан “хорь гаруй жилийн хугацаанд Монголын нийгэмд үүссэн бүх буруу, муу муухайг нэг хүнд тохож, нэг хүнд хаяглаж болдог юм байна гэдгийг та бүхэн сайн харууллаа. Миний УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд шударга ёс тогтоно, нийгмийн тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ, монголчуудад гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх мэт амлалтуудаа биелүүлэхийг иргэд олон түмэн та бүхнээс шаардах болно шүү. Эдгээр нь та нарт даалгавар болон үлдэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Мөн тодорхой нэр бүхий хүмүүст хандсан үгс ч байна. Энэ талаар “Монголын төрд захирах, дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчих вий гэж санаа их зовж байна. Энэ үгийг би парламентын танхимд зориуд, хариуцлагатайгаар хэлж байгаа юм шүү. Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгч нь ч байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартай хүн. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан сайдуудын нэг Л.Болд жагсаал цуглаан удирдаж явна. Хууль батлагдсан даруйд буюу УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төсөл өргөн барьсан өдөр нэгдүгээр сарын 25 байв. Яг 13 жилийн өмнөх энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “үндэсний эв нэгдлийн” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, Засгийн газартаа өнөөгийн шадар сайд Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Гэвч тэд маань 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тодруулж, намайг огцруулах бичигт гарын үсэг зурсанд харамсаж байна” хэмээсэн. Үгийнхээ төгсгөлд өөрийг нь дэмжиж байсан УИХ-ын гишүүд хийгээд тамгын газрын хамт олон, хэвлэл мэдээллийнхэнд талархал илэрхийлэв.

Тэрбээр үг хэлснийхээ дараа УИХ-ын тамгыг дэд дарга Л.Энхамгаланд хүлээлгэн өгч, төрийн сүлдэнд хүндэтгэл үзүүлснээр чуулганы танхимыг орхиж гарсан юм.


САНАЛ БОЛГОХ