Өсөлттэй зах зээл мэргэжлийн тоглогчоо үгүйлж байна

Монголдоо Бүтээцгээе


Том хөрөнгө оруулалт хийж, эрсдэл даадаг тоглогчид дутагдалтай байна


Их өсөлтийн ээлжит давлагаа Монголын үнэт цаасны зах зээлийг нөмөрч, шил шилээ дарсан шинэ бүтээгдэхүүнүүд биржийн арилжааг аривжуулж, иргэд, хөрөнгө оруулагчид ч хувьцаа руу хошуурцгааж байна. Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцогчдын тоог одоогоос таван жилийн өмнөхтэй харьцуулахад бараг дөрөв дахин нэмэгджээ.


Монголчууд хөгшин, хөвөөгүй хөрөнгийн зах зээлд хөл тавьж, санхүүгийн шинэ эх үүсвэртэй болохоор зориг шулуудаад эхэлжээ. 17-хон настай хүү арилжаанд оролцож, хувьцаанаас олсон ашгаараа их сургуулийн төлбөрөө төлж, үлдсэнээр нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд 1000 ном бэлэглэсэн бахдам мэдээг уншигч та дуулсан байж магадгүй. Монголчууд үнэт цаасны үр ашгийг амталж, өв хөрөнгөө үрдэг бус өсгөж үржүүлдэг үндэстэн болохыг зорьж эхэлсэн нь энэ. Бараг хагас жарны турш үнэт цаасыг үл тоож ирсэн монголчууд энэ зах зээл рүү эргэсэн нь эерэг үзэгдэл болохыг салбарынхан хэлж байна.

Сүүлийн үед шил шилээ даран мэндэлсэн шинэ IPO-уудын хандлагыг харахад ч шинэ хувьцаа худалдан авсан нийт иргэдийн 40-60 хувь нь богино хугацаанд буцаагаад зарж, дараагийн үнэт цаасыг худалдан авчээ. Хөрөнгө оруулах мэдлэг, туршлага, сэтгэлзүй бүрэн төлөвшөөгүй, бага мөнгөөр богино хугацаанд их ашиг олохоор зүтгэдэг хөрөнгө оруулагч нар өөрийн санхүүгийн нөхцөл байдал болон үнэт цаасны зах зээлийг тогтворгүй байдал руу хөтлөх эрсдэлтэй аж.

Тиймээс олон улсад ч хөрөнгийн зах зээлийн ноён нурууг жижиг тоглогчид бус мэргэжлийн хөрөнгө оруулагчид авч яван, санхүүжилтийн дийлэнхийг хийж, арилжааны голыг нугалдаг. Дэлхийн аль ч улсын иргэд хөрөнгийн зах зээлийн нарийн мэдлэг бага байдаг учраас мэргэжлийн хөрөнгө оруулалтын институтүүдээр дамжуулан арилжаанд оролцдог. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, эрсдэл дааж, санхүүгийн зах зээлийн тэнцвэрийг хангадаг мэргэжлийн тоглогчдын тоонд тэтгэвэр, даатгал, хөрөнгө оруулалт, хэдж, баялгийн сан, хөрөнгө оруулалтын банк зэрэг багтана. Бизнес эрхлэгчдэд хэрэгтэй санхүүжилтийн цөмийг бүрдүүлж, аливаа өөрчлөлт, савлагаанд ул суурьтай хандаж, зах зээлийн баттай багана болдог энэ төрлийн оролцогчдыг институционал хөрөнгө оруулагч нар хэмээн нэрлэдэг.

Гэтэл хөрөнгийн зах зээлд оройлон, манлайлах үүрэгтэй гол тоглогчид манайд дутагдаж байна. Ялангуяа, энэ зах зээл илт сэргэж, дотоодын компаниуд урт хугацаатай, хямд өртөгтэй санхүүжилт татахын тулд ар араасаа IPO гаргаж эхэлсэн энэ үед даацтай, түшигтэй, мэргэжлийн хөрөнгө оруулагчид улам үгүйлэгдэх болов. Үнэт цаасны “Бидисек” компанийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн “Дотоодын зах зээлд мэргэжлийн институционал хөрөнгө оруулагчид дутагдаж байна” хэмээн хэлсэн юм.

Бизнес эрхлэгчид урт хугацааны хөрөнгө оруулалт татахын тулд банк санхүүгийн байгууллагууд бус хөрөнгийн зах зээлийг сонгож байна. Тиймээс тэдний хүсэж буй урт хугацааны хөрөнгө оруулалтыг найдвартай, тогтвортой бүрдүүлэх урт хугацаатай хөрөнгө оруулалтын орчин ч хэрэгтэй байгааг Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн хүлээн зөвшөөрч буй.

Уг нь өдрөөс өдөрт өсөн дэвжиж буй хөрөнгийн зах зээлд үгүйлэгдэж эхэлсэн мэргэжлийн тоглогчдын хууль эрхзүйн орчин жилээс жилд улам бүрдсээр байгаа. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль аль таван жилийн өмнө батлагдаж, 10 орчим сан бий болсон. Гэвч санхүүгийн салбарыг сэргээх үүрэгтэй эдгээр сан хөрөнгийн зах зээлийг түүчээлэх нь бүү хэл өөрөө ч бүрэн сэрээгүй байна.

Иймд төр, хувийн хэвшил, холбогдох зохицуулах байгууллагууд аль аль нь ар нуруугаа харуулсаар суух бус “амьгүй” сангуудаа арчлах шаардлага тулгарсаар байгаа юм. Нэгэнт орон зай, чиг үүрэг нь эдийн засагт үгүйлэгдэж эхэлсэн том тоглогчдыг хөрөнгө санхүүжилт, татвар хураамж гээд бодитой дэмжлэгээр багахан өргөхөд л зах зээл нь өөрөө өсгөөд ториниулчих учиртай. Иймд төрийн бизнесийг дэмжихээр байгуулсан төрөл бүрийн сангуудыг хөрөнгө оруулалтын мэргэжлийн сан хэлбэрт оруулах, кастодианы үйлилгээг хөгжүүлж татвар болон бусад зохицуулалтаар дэмжих зэргээр зоригтой бөгөөд тууштай дэмжих шаардлагатай болжээ.

САНАЛ БОЛГОХ