Сингапурын нисэх онгоцны буудлын шинэ гайхамшиг "Jewel"

UB Info

Сүүлийн 7 жил тасралтгүй “Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудал” -аар шалгарсан Сингапур Улсын Чанги (Changi) нисэх онгоцны буудал бол Зүүн Өмнөд Азийн хамгийн том дамжин өнгөрөх төв юм. Жил бүр 62.2 сая зорчигч уг онгоцны буудлаар үйлчлүүлдэг бөгөөд улсынхаа эдийн засагт голлох байр суурийг эзэлдэг бүтээн байгуулалт юм.

Зорчигч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг 100% -н гүйцэтгэлтэйгээр хангаж чаддаг Чанги нисэх онгоцны буудалд маш олон төрлийн гайхширмаар үйлчилгээ, өвөрмөц тансаг орчин, шинэ содон зүйлс байдаг. Задгай дээвэр дээрх усан сан, халуун рашаан, чөлөөтэй зугаалах цэцэрлэгт хүрээлэн, наран цэцэг ургаж, эрвээхий нисэлдэж, кой загас сэлдэг бяцхан цөөрөм, сүүлийн үеийн шилдэг кинонуудыг үнэгүй үзүүлэх кино танхим, хүүхэд болон томчууд бүгд тоглож болох багахан хэмжээний disney мэт тоглоомын ертөнц уг нисэх онгоцны буудалд байдаг юм.

Харин хэдхэн хоногийн өмнө буюу 4 сарын 17-ны өдөр Чанги нисэх онгоцны буудал бас нэгэн гайхамшгаа олонд дэлгэсэн бөгөөд энэ бол 1.3 тэрбум долларын өртөгтэй, 10 давхар, 38500 метр2 талбайтай шил болон гангаас тогтсон аварга том цэцэрлэгч хүрээлэн мэт “Jewel” худалдааны төв юм.

Уг байгууламжийн 5 давхар нь газар доор 5 давхар нь газраас дээш байдаг зохион байгуулалттай бөгөөд архитектурын төгс шийдэл болсон нүсэр бүтээн байгуулалт юм. Худалдааны төвийг онгоцны буудлын нэгдүгээр терминалын хуучин машины зогсоол байсан газарт 5 жилийн турш барьж байгуулжээ.

Jewel худалдааны төвийн гол хаалгаар ороход таазанд болор үүлнүүд байрлах бөгөөд шөнийн цагаар тэнгэрт байгаа үүлнүүд гялтганан гэрэлтэж байгаа мэт харагддаг байна.

Байгууламжийн хамгийн том гайхамшиг бол 40 метрийн өндөртэй барилгын таазнаас эгц доошоо урссан, дөрвөн төрлийн цэцэрлэгт хүрээлэнтэй нийлдэг аварга том хүрхрээ юм. Доторх орчны төрөлдөө дэлхийн хамгийн өндөрт тооцогддог уг хүрхрээ нь цуглуулсан борооны усаар ажиллах бөгөөд тэр усаараа цэцэрлэгт хүрээлэнгийн 2000 гаруй мод, 100,000 бут сөөгийг усалдаг юм.

Мөн уг хүрхрээ шөнийн цагт маш гайхалтай гэрлийн шоу болон манангийн үзүүлбэр үзүүлж чадах ба хэдхэн минутын хугацаанд өөрийн үзүүлбэрүүдээ солих чадвартай аж.

Сингапур нь ой дундах хот гэдгээрээ алдартай учир Чанги нисэх онгоцны буудлын “Jewel”-ээр дамжуулан уг утгыг илэрхийлэн хадгалахыг зорьжээ. Худалдааны төв дотор мөн зорчигчдыг тайвшруулж, амраах зориулалттай жижиг хэмжээний хулсан ой хүртэл байдаг байна.

Худалдааны төвийг олон улсын нислэгээр зорчиж байгаа хотыг бүрэн үзэж сонирхох цаг завгүй хүмүүст зориулсан бөгөөд бүтээн байгуулалт нь бүрэн дуусаагүй байгаа хэдий ч энэ жил 50-60 сая орчим зочдыг хүлээж авахаар төлөвлөсөн байна.

Та илүү ихийг доорх бичлэгээс үзээрэй.

САНАЛ БОЛГОХ