Майдар эко хотод кино үйлдвэрлэл цэцэглэнэ
Бүтээн байгуулалт
50 га талбайг хамарсан есөн студитэй кино үйлдвэрийн ажлыг зунаас эхэлнэ
Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өчигдөр Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолыг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр “Аль ч улс орон өөрийн гэсэн кино урлаг, кино үйлдвэрлэлтэй байдаг. Үүгээрээ дамжуулж эх орон, түүхээ сурталчлах, залуу үеэ эх орончоор хүмүүжүүлэх гэх мэт соёлыг түгээдэг. Монгол Улс 1937 онд анхны хар цагаан “Монгол хүү” нэртэй уран сайхны кино хийж, Нью-Йоркийн кино театрт гаргаж байсан. 1990 оноос өмнө монгол кино тодорхой байр суурь эзэлдэг томоохон бүтэцтэй болсон. Үүнээс хойш энэ салбар хувийн уран бүтээлчдийн хөдөлмөр, уран бүтээл дээр тогтож ирлээ. Одоо төр засаг дэмжих цаг нь болсон” хэмээв. Ерөнхийлөгч үг хэлснийхээ дараа Ардын жүжигчин Н.Сувд, монгол кино үйлдвэрийн захирал Ж.Солонго, найруулагч Г.Жигжидсүрэн болон Монгол Улсад ирсэн Холливудын жүжигчин, найруулагч нарын хамтаар уг цогцолборын шавыг тавив.
Энд “Майдар эко хот” төслийн хүрээнд 50 га талбайг хамарсан есөн студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффисоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах юм. Энэхүү цогцолборыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, гадаад дотоодын кино урлагийн мэргэжилтнүүдийн уулзаж, хамтран ажилладаг гол төв байх ба дуу оруулалттай болон оруулалтгүй кино зураг авч, зураг авалтын дараах бүх төрлийн борлуулалтын ажлуудыг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор гүйцэтгэнэ. Түүнчлэн зураг авалтын үед задгай болон дотоод талбайд ашиглагдах бүх төрлийн эдлэл хэрэгслийг үйлдвэрлэх цех, мөн эдгээрийг хадгалах стандартын шаардлагад нийцсэн орчинд хадгалах агуулахтай байх аж.
Монголын үндэсний кино үйлдвэр Майдар бурхны зүүн талын аманд байрлана
Кино студи нь дөрвөн улирлын байгалийн онцлог төрхийг харуулсан зураг авах, хотын болон байгалийн, уламжлалт соёл ахуйг харуулсан гэх мэт бүх төрлийн зураг авалт хийх боломжтой. Манай орон нь байгалийн өвөрмөц олон сонирхолтой газруудтайгаас гадна жилийн 300 гаруй өдөр нартай байдаг тул байгалийн энэ давуу талыг ашиглах боломжтой аж.
“Зургаан жилийн хугацаанд баригдах кино үйлдвэрт шаардлагатай зургийн ажил хийж, ТЭЗҮ баталсан. Ер нь киноны хууль баталж, олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран экспортын жинхэнэ бүтээгдэхүүн бүтээх нөхцөл боломж бүрдэх аж. Зунаас эхний бүтээн байгуулалтын ажил эхлэх ба шат дараатай байгууламжийг өргөжүүлэх юм. Кино үйлдвэр экспортлох бүтээгдэхүүн хэдий хэр эрэлттэй байна түүнтэй хамт хөгжөөд явна” хэмээн “Майдар эко хот” төслийн удирдагч Л.Баяртуул ярив.
Монголын үндэсний кино үйлдвэр нь майдар бурхны зүүн талын аманд баригдах юм. Мөн энэ газарт ШУТИС-ийн технологийн төв барих гэж байгаа учраас энэ байршлыг сонгожээ. Учир нь кино урлагийн салбарт технологи маш их шаардлагатай байдаг аж. “Майдар эко хот” төсөл нь дөрвөн үе шаттай бөгөөд эхнийх нь 2030 он хүртэл хэрэгжиж 100 мянган оршин суугчтай байхаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар эхний үе шатанд баригдах хөрөнгө оруулалтын ихэнх нь шийдэгдсэн байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй