Дэлхий дархлаагаа тэтгэж, бид эрсдэлээ нэмэв

Нийтлэлчийн булан


Худалдааны дайн хүрээгээ тэлснээр дэлхийн эдийн засагт харангын дохио хангинаж эхэллээ


Эдийн засгийн сэргэлт, импортын өсөлтийг сөрсөн төв банкны ханшийн хамгаалалт өнгөрсөн саруудад чимээгүй эрчимжжээ. 2019 он талдаа ч ороогүй байхад Монголбанк хэдийн 850 сая ам.долларын интервенц хийгээд байна. Энэ оны эхний хэдэн сарын уг үзүүлэлт 2018 оны бүтэн жилийн нийт интервенцийн дүнд дөхөж буйг албаныхан онцолж буй юм.


Өнгөрсөн онд ханш нь шинэ дээд цэгт хүрч, Монголын эдийн засгийг багагүй дарласан ам.долларын ханш он гарснаас хойш харьцангуй “томоотой” байгаа. Өнгөрсөн онд ам.доллар төгрөгийн эсрэг есөн хувиар чангарсан бол энэ оны нэгдүгээр сарын эхээр 2648 төгрөгтэй тэнцэж байсан “ногоон”-ы ханш өнөө хэр энэ түвшинд хэлбэлзэж буй. Жилийн жилд хавартай уралдан ханш нь өсдөг “ногоон”-ыг өнгөрсөн саруудад “номхруулсан” нэг ногт нь яах аргагүй төв банкны тэрбум ам.долларт дөхөх интервенц юм. Эдийн засаг сэргэж, хилийн чанадыг чиглэсэн худалдааны урсгал эрчимжиж буй энэ үед дотоодод ам.доллар ховордож, үнэ ханш нь тэнгэрт тулахаас сэргийлж чадсан Монголбанк зах зээлд валют нийлүүлж, ам.долларын ангасан эрэлтийг хангаж байгаа аж. Гэхдээ төв банк төгрөгийн ханшийг хамгаалахаас гадна Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг зузаатгахаар зорьжээ. Хэдийгээр сүүлийн гурван жилд гадаад валютын албан нөөц 3-4 дахин өссөн ч дахин 1-2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж байж Монгол Улс хүндрэлийн үед гал алдахгүй болох хэрэгтэйг олон улсын байгууллагууд хэлж байгаа юм. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрээд буй гадаад валютын албан нөөцийг ойрын жилүүдэд хамгийн багадаа 5.5 тэрбум ам.долларт хүргэх шаардлага тулгарсан. Гэтэл авдар дахь валютаа зузаатгана хэмээн зүтгэж ам.долларын ханшийг алдахыг хүссэнгүй. Төгрөгийн өмнө үүрэг хүлээсэн, ам.долларын ханш өсөхөөр хамгийн түрүүнд чичлүүлдэг Монголбанк гараа хумхиад суулгүй, хурааж хуримтлуулсан нөөцөөсөө хумслан, ханшийг барихын тулд зах зээлд валют нийлүүлж буй нь энэ. Сүүлийн тавхан сарын хугацаанд гадаад валютын одоогийн нөөцийнхөө 20 хувьтай тэнцэх хэмжээний валютын интервенц хийчихээд байна.


Зах зээлд ийн ам.доллар цутгаад зогсохгүй томоохон экспортлогчдоос валют худалдан авч, “цус”-аа сэлбэж байгаа аж. Энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компаниас нийт 660 гаруй сая ам.доллар худалдаж авсныг Монголбанк мэдээлсэн.


Төв банк, дотоодын компани зэрэг эдийн засгийн тоглогчид ийнхүү дотоодын валютын нөөцийг зузаатгаж, төгрөгийн ханшийг хамгаалахын тулд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Уул уурхайн түүхий эдээс өөр орлого олох бүтээгдэхүүнгүй, байнга ам.доллараар гачигддаг Монгол Улсад хилийн чанадаас валют авчрах нь Монголын эдийн засаг, монгол хүн бүрт өгөөж өгөх томоохон гавьяа. Тиймээс үндэсний хувийн хэвшлийн төлөөллүүд олон улсын зах зээлд бонд босгож, дотоодын санхүүгийн зах зээлийг ундаалахаар өнгөрсөн саруудад ажилласан.


• Өнгөрсөн онд ам.доллар төгрөгийн эсрэг есөн хувиар чангарсан бол энэ оны нэгдүгээр сарын эхээр 2648 төгрөгтэй тэнцэж байсан “ногоон”-ы ханш өнөө хэр энэ түвшинд хэлбэлзэж байна.
• 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрээд буй гадаад валютын албан нөөцийг ойрын жилүүдэд хамгийн багадаа 5.5 тэрбум ам.долларт хүргэх шаардлага тулгарсан юм.
• Шинэ мөнгөний урсгал Монголыг чиглэсэн бол багаар бодоход 600 сая ам.доллараар Монгол Улс “цус” сэлбэж, төгрөгийн төвшитгөх үндэсний бодлого энэ хэрээр батжих байв.


Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулагчдаас валют авчирсан анхны хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болох Худалдаа хөгжлийн банк олон улсын зах зээлд 300-400 сая ам.долларын бонд босгохоор зорьж байсан. Мөн үйл ажиллагаагаа солонго адил олон салбарт цацруулж чадсан “Таван богд” групп мөн 150 сая ам.доллар төвлөрүүлэхээр төлөвлөж байсныг зарим мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн. Гэтэл дотоодын улс төрийн эрсдэл, цаашлаад увайгүй худал цуурхлын уршгаар үндэсний хувийн хэвшлийн олон улсын зах зээлд гаргах гэж байсан хагас тэрбум ам.доллараас их хэмжээний валютын хугацаа хойшилсныг та дуулсан байх.


Хэрэв энэ шинэ мөнгөний урсгал Монголыг чиглэсэн бол багаар бодоход 600 сая ам.доллараар Монгол Улс “цус” сэлбэж, төгрөгийн төвшитгөх үндэсний бодлого энэ хэрээр батжих байв. Наанадаж л, төв банкны валютын нөөцийг дорвитой өсгөж, ам.долларын ханшид анхааруулга өгөөд зогсохгүй “ногоон”-ы ноёрхлоор өндөлздөг шатахуун өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд сануулга болох байв. Цаашлаад дотоодын бизнес эрхлэгчдийг чиглэх зээлийн хүртээмж ч сайжрахаар байлаа.


Гэвч үндэсний компаниудаа дэмжих бус дайрах хандлага, өмч хөрөнгийг нь булаадаг Монголын улс төрийн бохир популист шинжтэй шийдвэрүүд гадаад зах зээлд эрсдэл дагуулсан нь энэ. Олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улс авлигад идэгдсэн, бизнес эрхлээд амжилт олдоггүй, улс төрийн тогтворгүй орчин нь “маш тогтворгүй” гэж дүгнэгдсэн хэмээн хөрөнгө татахаар зорьж байсан хувийн хэвшлийн төлөөлөл онцолж байсан. Дотооддоо бие биеэ хэмлэж байгаа нь гадаад зах зээлд маш муухай харагдуулж, зөвхөн үндэсний компаниуд бус Монгол Улс, монголчууд нийтээрээ их, бага хэмжээгээр боломжоо алдахад хүрчээ.

Бид тамын тогооны үлгэрээр бүтээгч нэгнийхээ хилийн чанадаас авчрах гэсэн санхүүжилтийг нь саатуулж байх зуур дэлхий өнгөрсөн долоо хоногийн турш “дайнд” бэлдэж, эрсдэлээ бууруулж эхэллээ. Худалдааны дайн зөвхөн АНУ, БНХАУ-ын маргаан байхаа больсон өнгөрсөн долоо хоногт олон улсын хэвлэлүүд шинэ хямралын тухай шаагих болов. Дэлхийн эдийн засгийн байдлын индикатор болдог тоон үзүүлэлтүүд уруудаж, 2009 оны санхүүгийн хямралаас хойших доод цэгт хүрлээ. АНУ-ын Засгийн газрын бондууд 2007 оноос хойших доод үзүүлэлт дагуулсан бол Герман, Их Британи, Канад гээд хүчирхэг орнуудын үнэт цаас ч хямралаас хойших доод цэгтээ туллаа. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн гол индексийн нэг Dow Jones индекс гурван сарын доод цэгт хүрээд амжив. Худалдааны дайн хүрээгээ тэлснээр ирэх онд нүүр тулах магадлалтай шинэ хямралын хугацаа наашилж, дэлхийн эдийн засагт харангын дохио хангинаж эхлээд байна.

Дэлхийд хямрал боллоо гэхэд хамгийн түрүүнд хэн барьц алдаж, унах бол. Үнэндээ, хямралд хүч нэмсэн худалдааны дайн өдөөсөн хүчирхэг орнууд хямралыг туулах эдийн засгийн дархлаатай. Худалдааны алдагдал талийлаа хэмээн хашхирч, Америкийн эдийн засаг хохирч байна хэмээн гомдолсоор буй АНУ гэхэд аль хэдийнэ алтны нөөцөө 8133 тоннд хүртэл зузаатгаж, дэлхийн хамгийн их алттай улс болихоод байна. Худалдааны дайнаас үүдэн тарифын хоригт өртсөн БНХАУ ч ялгаагүй гадаад валютын нөөцөөр дэлхийд хол тасархай тэргүүлж, өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар 3.2 их наяд ам.долларт хүргэснийг ОУВС мэдээллээ. Санхүүгийн зах зээлийн ийм дархлаатай орнууд худалдаагаа хумиулж, хямралтай нүүр тулсан ч барц алдаж, бүдрэхгүйгээр тогтоод үлдчих нь ойлгомжтой.

Харин ханшаа байнга алддаг, өр зээлд баригдсан, ирэх жилүүдэд их хэмжээний эргэн төлөлт хийх хүлээлттэй байгаа бид л их гүрнүүдийн тавьсан сумд өртөж, хөлд нь чирэгдэж болзошгүй. Сүүлийн хоёр жил манай улсын төсөв болон төлбөрийн тэнцлийг угжсан ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа он гараад дуусах гэж байна. Гэтэл Монгол Улс өнөө хэр гадаад валютын албан нөөцөө хангалттай зузаатгаж чадаагүй, бизнесийн орчин нь дөнгөж сэхээ авах гэж байхад хүндрэл үүсвэл өдөөх гэж байсан эдийн засаг элгээрээ дахиад хэвтэх нь эргэлзээгүй. Энэ үед улстөржсөн мэдэгдэл хийж, үндэсний баялаг бүтээгчид рүүгээ дайрч, нийгмийн тархийг угааж, олон улсад Монголыг муухай харагдуулсан улстөрчид хариуцлага хүлээж, зовлонг нь үүрэх болов уу. Тэд сурснаараа төсөв хүндэрлээ хэмээн татвар, хураамж шимтгэлээр дарлахад, ядарсан ард түмэн, дотоодын аж ахуйн нэгж, санхүүгийн систем хамаг хүндрэлийг үүрнэ.
САНАЛ БОЛГОХ