Бэлчээр ашигласны татвар авдаг болъё

Нийтлэлчийн булан


Татвар тогтоохдоо малын тоо толгойг харгалзан үзэх шаардлагатай


Хөдөө тал минь малаар дүүрэн гэдэг дуу эдүгээ цагт биеллээ олжээ. Манай улсын мал сүргийн тоо 2018 оны эцсийн байдлаар 66.5 саяд хүрээд байна. Энэ нь 28 жилийн өмнөх үетэй харьцуулахад барагцаагаар 40 сая толгойгоор өссөн үзүүлэлт.


Малаа өсгөх сайхан ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол улам асуудал дагуулах боллоо. Уул уурхай, цөлжилтөөс шалтгаалан малын бэлчээрийн талбай жил ирэх тусам хумигдаж буйг эрдэмтэн, судлаачид тэмдэглэх болов. Тодруулбал, 1964 онд 122 сая га байсан бэлчээрийн хэмжээ одоо 112 сая га болж, найман сая га-гаар багасчээ. Бэлчээрийн талбай хүрэлцээтэй байхад 100 га газарт 40 хонь ногдож байсан бол өдгөө 100 га-д 100 хонь ногдох болжээ. Мал сүргийн тоо жил ирэх тусам өсөж, ялангуяа ямаа харьцангуй олон болж буй нь цөлжилт үүсгэх нөхцөл бүрдүүлж байна гэж байгаль орчны мэргэжилтнүүд хэлдэг.


Олон малаараа түрий барьж цөөн тооны малтайгаа хавчиж, шахах үзэгдэл ч хөдөөд ажиглагдах болов. Ер нь баян, ядуугийн ялгаа улам газар авсаар байна. Манай улс 230.9 мянган малчин өрхтэй. Тэдгээрийн ердөө 8300 өрх буюу таван хувь нь нийт малын 22 хувийг эзэмшдэг аж. Бүр тодруулбал, ердөө 12 сая толгой мал эдгээр 8300 айлынх гэсэн үг


Нөгөөтэйгүүр, нийт малчин өрхийн 45 хувь нь 200 хүрэхгүй толгой малтай, ам бүлийн тоо олонтой учраас амьжиргаагаа дөнгөн данган залгуулдаг байна. Тиймээс тэгш бус байдал дэндүү газар авч, бэлчээрийн даац хэтэрсэн тул малын хөлийн татвар авах цаг болжээ. Малын хөлийн татвар авахдаа 300-гаас дээш малтай өрхөөс авна гэдэг ч юм уу, зааг ялгаатай тогтоож өгөх ёстой байх. Татварын механизмаар хөдөөд үүссэн нөхцөл байдлыг зохицуулахгүй бол хэт олон малтай өрхүүдээс болоод экологийн сүйрэлд өртөж болзошгүй байна.

НЭГ ХОНЬ ЖИЛД 512 КИЛОГРАММ ӨВС ИДДЭГ

Өнөөгийн малчид тооны хойноос хөөцөлдөж, малаа мянга хүргэж, баяжих “өвчин” тусчихаад байна. Угтаа бол чанаргүй мянган малтай байснаас цөөн тооны үржил сайтай малтай байх нь өрхийн эдийн засагт ашигтай. Ер нь бол сүү бага гардаг таван үхэртэй байснаас сүүний чиглэлийн хоёр үнээтэй байвал малчинд ашигтай гэсэн үг л дээ. Гэтэл манай малчид малынхаа үүлдэр угсааг сайжруулах, үр ашгийг нь тооцох мэдлэг чадвар дутмаг байдаг бололтой. Тэдний олон малтай байх гэсэн аминч хандлага байгаль орчныг доройтуулж буйг ухаарах сэхээ алга. Судлаачдын тооцоолсноор нэг хонь жилд 512 килограмм өвс, ямаа үүнээс нэг, үхэр дөрөв, адуу найм, тэмээ гурав дахин илүү өвс иддэг аж. Энэ эрчээрээ жил бүр малын тоо нэмэгдээд байвал дэлхийн дулааралд ч сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь мал аж ахуй метан хий ялгаруулалт ихтэй. Цаашдаа малын тоо толгойг цөөлж, үүлдэр сайтай ашиг шим ихтэй болгох арга хэмжээ авахгүй бол зарим нутаг дэвсгэрийн бэлчээр дахин нөхөн сэргэхгүйгээр доройтож болзошгүй гэсэн судалгааны дүн гарчээ. Ялангуяа адуу, ямаа хоёрын тоог цөөлөх шаардлага тулгараад байна. Бэлчээр доройтож, ургац муудах нь малаас гарах ашиг шим, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж мал аж ахуйн мэргэжилтнүүд онцлов. Харин бэлчээрийн ачааллыг дунд зэргийн түвшинд барьж, ашиглалтыг зохицуулах бодлого баривал ургац сайжирч, бүтээмжит чадвар нь нэмэгдэх, үүнийг дагаад үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашиг өсөх өгөөжтэй аж. Жишээлбэл, бэлчээрийн ачааллыг найман хувиар бууруулахад малчдын орлого 10 хувиар нэмэгдэх боломжтойг судлаач А.ЭнхАмгалан тогтоожээ. Бэлчээрийн ачааллыг бууруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх туршилтыг өвөрмонголчууд туршиж үр дүнд хүрсэн байна.

• Цаашдаа малын тоо толгойг цөөлөх арга хэмжээ авахгүй бол зарим нутаг дэвсгэрийн бэлчээр дахин нөхөн сэргэхгүйгээр доройтож болзошгүй гэсэн судалгааны дүн гарчээ.

• Уг нь мал өсөхийн хэрээр хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үнэ хямдрах учиртай. Гэвч махны үнэ эсрэгээрээ жил ирэх тусам өсөж, хот суурин газрыхан туйлдаж байна.

• Манай улс 230.9 мянган малчин өрхтэй. Тэдгээрийн ердөө 8300 өрх буюу таван хувь нь нийт малын 22 хувийг эзэмшдэг аж. Бүр тодруулбал, 12 сая толгой мал эдгээр 8300 айлынх гэсэн үг.

БЭЛЧЭЭР САЙЖРУУЛЖ, МАЛЫГ ЧАНАРЖУУЛАХ ЗӨВ ШИЙДЭЛ НЬ ТАТВАР


Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс бэлчээрийн биомассын талаар судалгаа хийхэд 71 сумын бэлчээрийн даац 6.8 дахин хэтэрсэн байжээ. Эдгээр сумын нийт малын тоог хонин толгойд шилжүүлэхэд 30.5 сая болсон байна. Иймд малчдаас малын хөлийн татвар авах нь хамгийн зөв шийдэл гэж тус хүрээлэнгийн судлаач Д.Өнөржаргал дүгнэжээ. Тэрбээр бэлчээрийн зохицуулалт хийхгүй бол бэлчээрийн доройтол улам ихсэж малын тоо аажимдаа буурна. Гэвч тэр үед бэлчээр бүрэн цөлжсөн байна. Харин бэлчээр ашигласны татвар оногдуулснаар малын тоо, бэлчээрийн доройтол буурч, тодорхой хугацааны дараа бэлчээрийн даац хэвийн хэмжээндээ орж, сэргэнэ. Татварын хэмжээ өндөр байх тусам бэлчээр сэргэх хугацаа богиносно. Гэхдээ татварыг тогтоохдоо малын тоо толгойн тэгш бус байдлыг харгалзан үзэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Мал хэдийгээр төрийн хамгаалалтад байдаг ч гэсэн малчдын толгойг илж татвар авахгүй өөгшүүлээд байж боломгүй. Малчид төрд татвар төлдөггүй хэрнээ малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байгаа нь шударга бус гэдэгтэй санал нийлэх хүн олон 
байх.

Уг нь мал өсөхийн хэрээр хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үнэ хямдрах учиртай. Гэвч махны үнэ эсрэгээрээ жил ирэх тусам өсөж, хот суурин газрын амьжиргааны түвшин доогуур иргэд хоногийн хоолныхоо махыг авч хүчрэхүйд хүрлээ. Цагаан идээ ч гэсэн улам үнэтэй болсоор. Энэ улсад хамгийн билиг танхай нөхдүүд малчид гэхэд хилсдэхгүй буй за. Бэлчээр ашигласны татвар авдаг болчихвол малчдын баян, ядуугийн ялгаа ч тэгшрэх учиртай.

Малчдаас бэлчээр ашигласны татвар авдаг болъё гэсэн саналыг салбарын яам байсхийгээд сөхдөг ч төрийн ордонд очоод гацчихдаг аж.

“Монгол мал” үндэсний хөтөлбөр, төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого зэрэгт малын тоо толгойг, бэлчээрийн даацад тохируулж, бэлчээрийг зөв зохистой ашиглах талаар тодорхой тусгасан хэдий ч амьдралд огт хэрэгжихгүй байгаа юм. Малчид өөрсдөө ч татвар төлөхөөс цааргалахгүй гэдгээ хэлдэг. Гэтэл сонгуулиар малчдаас оноо авах гэж худал амлаж, хуурч мэлзэхээс буцахгүй болсон популист улстөрчид ийн тал засаж татвараас чөлөөлөөд байгааг хэнэггүй малчид ойлгохгүй шүү дээ. Тиймээс ижил тэгш эрхтэйгээр үйлдвэрлэгчид болон иргэдтэй адил татвар төлдөг болмоор байна.
САНАЛ БОЛГОХ