Оффисын түрээсийн үнэ 6-9 хувиар буурчээ

Үл хөдлөх хөрөнгө

Импортын бүтээгдэхүүнтэй үнээр өрсөлдөх бодлого баримталж байна

Орон сууц, оффисын түрээсийн зах зээл ирэх 1-2 жилдээ сэргэх төлөв ажиглагдахгүй байгааг эдийн засагчид хэлж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Mongolian Growth Group” 2016 он гарсаар оффисын түрээсийн зах зээлийн үнэлгээ бараг тал хувиа алдаад байгааг тайландаа онцолжээ. Энэхүү зах зээлд одоо хэрэгжиж байгаа болон ашиглалтад орсон төслүүдийг харвал түрээсийн дундаж үнэ өмнөх оноос бага хэмжээгээр буурсан байна.

Barilga.mn-ийн мэдээлснээр зах зээлд нийт 938 мянган ам метр оффисын цэвэр талбай ашиглагдаж байгаа бөгөөд ирэх хоёр жилийн хугацаанд 301 мянган ам метр оффисын талбай нийлүүлэгдэх төлөвтэй байгаа юм. Оффисын түрээсийн үнэ Улаанбаатар хотын А бүсэд хамаарах байршлуудад өмнөх оноос дунджаар 6-9 хувиар буурсан байна. Харин B бүсэд хамаарах оффисын талбайн түрээсийн дундаж үнэ үүнээс харьцангуй бага буюу 3-4 хувиар буурчээ. Баянгол, Чингэлтэй дүүрэгт хамаарах уг бүсийн үнэ өмнөх оноос бага зэрэг буюу гурван хувиар өссөн гэж barilga. mn-ээс мэдээлсэн байна.

Харин оффисын талбайн худалдах үнэ бүсчлэл болон зэрэглэлээсээ хамааран харилцан адилгүй өөрчлөгдөж байна. Сүүлийн жилүүдэд баригдаж байгаа оффисын барилгууд нь орон сууц, худалдаа үйлчилгээний хэсэг зэрэг холимог хэлбэрээр баригдах нь түгээмэл болжээ. Мөн компаниуд оффисын түрээсийн шилжилт хөдөлгөөн их хийж байгаа нь үүнд нөлөөлж буй аж.


САНАЛ БОЛГОХ