Ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлж, 100 ам метр болгов

Үл хөдлөх хөрөнгө

Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны талбайн дээд хязгаар 80 ам метр байсныг өөрчилж, дээд хязгаарыг 100 ам метр, зээлийн хүүг найман хувь байхаар тогтоолоо. Түүнчлэн 100 ам метрээс илүү талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах боломжтой аж. Зээлдэгч 100 ам метрээс илүү талбай бүхий орон сууц худалдан авбал урьдчилгаа 30 хувь дээрээ тогтоосон хязгаараас давсан талбайнхаа төлбөрийг бүрэн төлж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой юм. Тодруулбал 140 ам метр талбай бүхий орон сууц худалдаж авах бол 100 ам метр талбайн төлбөрөө ипотекийн найман хувийн зээлд хамруулж, илүү гарсан 40 ам метр талбайн төлбөрөө бүрэн төлөх ёстой ажээ.

Ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыг зохицуулсан Засгийн газрын тогтоолд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх, шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөлөө. Монголбанк гуравдугаар сараас эхлэн ипотекийн зээлийн өмчлөлийг Засгийн газарт шилжүүлсэн бөгөөд санхүүжилт талаас нь оролцож байгаа юм. Арилжааны банкуудын нийт зээлд эзлэх ипотекийн зээлийн хэмжээ 30 хувьд хүрээд байгаа ажээ. Энэ он дуустал шинээр ипотекээр баталгаажсан үнэт цаасыг санхүүжүүлэх замаар 120 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломж байгааг Төв банкны дэд Ерөнхийлөгч өмнө нь мэдээлж байсан юм.



САНАЛ БОЛГОХ