“Танилцах үдэшлэг“ талаар болов

СОНГОЛТ


Монголд мэтгэлцээн биш, нэр дэвшигчдийн дунд асуулт хариулт л болдог


Арваад нам, гурван эвсэл, бие даагчид нийлээд УИХ-ын сонгуулийн 500, аймаг, НИТХ- ын 300 орчим нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлын хүрээнд 17 өдрийн турш албан ёсны сурталчилгаагаа хийгээд өчигдөр 24.00 цагаас нэгдсэн журмаар хаалаа.
Монгол Улс олон намын тог толцоонд шилжиж, ардчилсан чөлөөт сонгууль хийдэг болох үед нэр дэвшигчийн сурталчилгааны хугацаа 45 өдөр байв. Уг хугацаа ээлжит сонгууль бүрээр хумигдсаар энэ удаагийнх зургадугаар сарын 11-нээс эхэлж, өчигдрөөр дуусгавар болж байгаа юм. Харин энэ хооронд шинэ, залуу нэр дэвшигчид “танилцах үдэшлэг“ хийдэг бол, хууччуулын хувьд төгсгөлийг нь базах өдрүүд байсан гэхэд болно. Гэхдээ тэдний сурталчилгааны хэлбэр, агуулгын хувьд төдийлэн ялгаатай байж чадсангүй. УИХ-ын сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, тойрог жижгэрсэн. Үүнтэй холбогдуулан УИХ, НИТХ- ын сонгуульд нэр дэвшигчид бодлогын өрсөлдөөн гэхээсээ илүү аж ахуйн чиглэлийн амлалтаар 17 өдрийн ард гарав. Мөн сошиал ертөнц, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийг анхааралтай ажигласан бол 498 нэр дэвшигчийг бүгдийг онилж аваад баахан баалав. Нэг ч сайн хүн үлдсэнгүй. Энэ дундаас П.Анужингийн гэр бүлийн, Л.Эрдэнэчимэгийн архи тамхины хэрүүлээс давсан өрсөлдөөн гарсангүй. Агуулгын хувьд ч, анхаарал татсан байдлаараа ч тэр. МАН-ын хоёр дарга, хэдэн зөвлөхийн хамтаар сонгуулийн мөнгө босгох нууц хуралдаан дээр ярьсан яриатай бичлэг ил болсон ч энэ нь нийгмийг донсолгосон сэдэв бас байсангүй. Эндээс харахад Монголын улс төр, улс төрийн сонгууль бодлогын байхаа больж, улстөрчдийн чадамж мууджээ гэж дүгнэж болохоор.
Мэдээж сонгууль гэдэг сайн хүн сонгох уралдаан биш ч гол өрсөлдөөн бодлогынх байх ёстой. 500 “будда” нэр дэвшээгүй нь үнэн. Гэвч УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид УИХ-ын чуулганы танхимд суугаад хууль батлах чадамжтай, эсэхийг мэдэх боломж сонгогчдод олдсон
уу? Сонгогчдын хэдэн хувь нь өөрийн санал өгөх тойрогт нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, үзэл санаа, хөгжлийн бодлоготой нь танилцаж амжив?
Сонголтоо зөв хийх хэрэгтэй гэж бүгд ярьдаг ч, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг сорьж байж л тарыг нь танина. Гадаадад бол тэр сорилт, шалгуур нь нэр дэвшигчийн баримталж буй бодлого, мөрийн хөтөлбөрийн халз мэтгэлцээн байдаг. Харин 2016 оны УИХ- ын сонгуулийн аль ч тойрогт нэр дэвшигчдийн хооронд мэтгэлцээнийг жинхэнэ утгаар нь зохион байгуулсангүй. Харин сонгуулийн сурталчилгааны хаалтын өдөр буюу өчигдөр орой Олон нийтийн радио, телевизээр улс төрийн нам, эвслийн дарга нарын хооронд халз мэтгэлцээн зохион байгуулах мэдээлэл явж байлаа. Гэхдээ урьд өмнөх улс төрийн сонгууль /Ерөнхийлөгч, УИХ-ын/-иудын туршлагаас харахад Төв телевизийн зохион байгуулдаг энэ арга хэмжээ мэтгэлцээн гэхээс илүү нэр дэвшигчдийн асуулт, хариулт болон өнгөрдөг. Өөрөөр хэлбэл мэтгэлцэгч талуудад яг ижил асуулт тавиад, гурван минутад хариулах боломж олгох нь өөр өөрийнхөө бодсон зүйлийг хэлэх төдий л хэлбэр юм.
Сайн, муу аль нь ч байсан сонгуулийн сурталчилгаа хуулийн хугацаандаа болж өнгөрлөө. Дараагийн анхаарал хандуулах сэдэв бол сонгогчдын санал өгөх идэвхи, сонгуулийн ирц. 2012 оны сонгуулийн ирц 65.24 хувь байсан нь Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойших хугацаанд хамгийн бага үзүүлэлт юм. Ер нь 1992 оны сонгуулиас хойш болсон зургаан удаагийн парламентын сонгуулийн ирц тогтмол буурсаар байсан ч, өнгөрсөн удаагийнх шиг арав гаруй хувиар огцом унаж байгаагүй юм.

Сонгогчдын хэдэн хувь нь нэр дэвшигчдийн хөгжлийн бодлоготой нь танилцаж амжив

Анхны ардчилсан чөлөөт сонгууль буюу 1992 онд нийт сонгогчдын 95.6 хувь нь саналаа өгч байжээ. Харин 1996 онд сонгогчдын 88.4, 2000 он 82.4, 2004 он 81.8, 2008 он 76.5 хувь нь сонгуульд оролцсон юм. Харин 2012 онд 65 гаруй хувь нь л саналаа өгсөн нь сонгуулийн ирцэнд санаа тавих цаг ирснийг гэрчилнэ.
Тэгвэл энэ удаа нийт сонгогчдын хэдэн хувь нь саналаа өгөх бол? Судалгаанаас харахад залуучуудын сонгуульд оролцож, саналаа өгөх идэвх сонгуулиас сонгуулийн хооронд тогтмол буурсаар байна. Сонгуулийн хуульд сонгогчид санал өгөхийг үүрэг болгож заагаагүй. Сонгуульд оролцох, саналаа өгөх, эсэх нь хувь хүний сайн дурын эрх. Гэхдээ ардчилсан орнуудын, тэр дундаа Монголын залуучуудын үл тоож буй энэ эрхийг эдлэхийн төлөөх тэмцэл зарим оронд олон олон золиосоор олддогийг энд дурдах нь зөв. Саудын арабт л гэхэд эмэгтэйчүүддээ сонгуульд санал өгөх эрхийг 2011 онд зөвшөөрөөд, өнгөрсөн жилээс л хэрэгжүүлж эхэлсэн юм.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан тоогоор Монгол Улсад сонгуулийн насны 2 сая, 4048 хүн бий. Эдгээрээс шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа, саатуулагдсан хүмүүсийг хасвал хоёр сая гаруй хүн бий. Өндөр настан, хэвтрийн болон хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг өчигдөр зөөврийн хайрцгаар авсан. Харин үлдэж буй хүмүүс оршин суугаа газрын харьяаллаас хамааран Монгол Улсын хэмжээнд байгуулсан 2091 хэсгийн хороонд очиж саналаа өгөх ёстой.
Хэн ялах нь хамаагүй, харин хүн бүр саналаа өгч, төрөө төвхнүүлэх түүхэн үүргээ биелүүлэх нь чухал.


САНАЛ БОЛГОХ