Түншлэлээр тэд урагшилж, бид ухрав

Гадаад худалдаа


Японы импортын бүтээгдэхүүнд 17.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ


Монгол, Японы эдийн засгийн түншлэл хэзээ мөдгүй хоёр дахь ойтойгоо золгож байна. Гэсэн ч манай улсын экспорт, эдийн засагт эерэг нөлөө төдий л ажиглагдахгүй байсаар. Уг нь 2016 оны зургадугаар сард батлагдсан энэ түншлэл Монголоос Японыг чиглэсэн экспортыг дээш татна хэмээн бодлого боловсруулагчид амласан. Гэтэл хоёр улсаас худалдааны дүн өөрийг өгүүлж байна. Өнгөрсөн хоёр жилд Монголоос арлын орныг чиглэх худалдаа буурсан бол Японых эсрэгээрээ өсчээ. Тухайлбал, эдийн засгийн түншлэл хэрэгжиж эхэлсэн 2016 онд манай улсын Японыг чиглэсэн экспорт 2015 оныхоос бараг 30 хувиар буурсан байх юм. Ийнхүү ойролцоогоор зургаа гаруй сая ам.доллараар 2016 онд буурчихаад, 2017 онд дорвитой ч өсөөгүй. 14 сая ам.доллараар хэмжигдэж байсан манай экспорт өнгөрсөн онд ч энэ дүндээ хэлбэлзжээ. Мэдэгдэхүйц өсөөгүй экспортын үзүүлэлт Эдийн засгийн түншлэлээс монголчуудын хүлээж байсан үр дүн мөн үү.

Ийнхүү манай улсын нийлүүлэлт урамгүй дүнгээр угтах зуур Японы Монголд хийж буй нийлүүлэлт зогсолтгүй өссөөр. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд тус улсын импорт 60 гаруй сая ам.доллараар өсөж, 330 сая ам.долларт хүрснийг гаалийн мэдээллээс харж болно. Гэтэл энэ нь арлын оронд нийлүүлж буй манай улсын худалдааг ойролцоогоор 20 нугалсан дүн. Хэдийгээр хоёр улсын худалдааны эргэлт хоёр жилийн хугацаанд 72.1 хувиар өссөн ч, үүнээс хүлээх монголчуудын алдагдал нэмэгдсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид зогсч, тэд урагшилсаар байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Япон улсаас импортолсон нийт барааны 40 орчим хувь нь түншлэлийн хүрээнд хөнгөлөлт эдэлж байгаа аж. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Японы 210.1 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнд Монгол Улс 17.2 тэрбум төгрөгийн гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлжээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар гэхэд 3.8 тэрбум төгрөгийн гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлээд байгаа нь 2017 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн дүн.

Харин Монгол Улсаас ноос ноолуур, эсгий бүтээгдэхүүн, хөнгөн цагаан хайлш, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг нь Японы гаалийн албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж буй. Хэлэлцээрийн хүрээнд манай улсын 20 гаруй компани 900 гаруй гарал үүслийн гэрчилгээ авч, Японд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүний 30 орчим хувийг нь ноос ноолууран бүтээгдэхүүн, 10 хувийг адууны хөлдөөсөн дайвар бүтээгдэхүүн эзэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 14 сая ам.доллараар хэмжигдэж буй Японыг чиглэсэн манай экспортын ойролцоогоор 5-6 сая ам.долларыг зөвхөн ноолууран бүтээгдэхүүн эзэлж буй. Үлдсэн нь цөөн нэр төрлийн багахан хэмжээний бүтээгдэхүүнд хамаарч байгаа аж. 


• Манай улсын 20 гаруй компани 900 гаруй гарал үүслийн гэрчилгээ авч, Японд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн.
• Японыг чиглэсэн нийт экспортын 30 орчим хувийг нь ноос ноолууран бүтээгдэхүүн бүрдүүлэв.
• Арлын орны ахуйн бүтээгдэхүүний импорт нэмэгдэж байна.


Гэтэл энэ хугацаанд машин тоног төхөөрөмж голлосоор ирсэн Японы экспорт улам төрөлжиж эхэллээ. Ялангуяа, манай улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд арлын орны нийлүүлэлт хүч түрэх болсон. Сүүлийн 1-2 жилд Японы бараа бүтээгдэхүүн багтаасан, сүлжээ дэлгүүр олон болсон. Хот суурин газруудад хүрээгээ тэлээд буй, нэг үнийн систем бүхий дэлгүүрүүд үүний баталгаа. Эдгээр дэлгүүр нь өдөр тутмын гэр ахуйн бараа бүтээгдэхүүн борлуулж байна. Түүнчлэн тус улсын хувцас хэрэглэл болон гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдээд байна. Тоон үзүүлэлтүүд ч үүнийг батална. Тодруулбал, Японд автомашин, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээс бусад төрлийн барааны импорт сүүлийн хоёр жилд 20 гаруй сая ам.доллараар өсчээ. Өөрөөр хэлбэл, найдлага төрүүлж байсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Монголын эдийн засагт дагуулж буй эерэг үр дүн тун ховор байна.

Үүнд хэд хэдэн шалтгаан бий гэдгийг судлаачид хэлж байгаа. Хамгийн гол нь тухайн зах зээлийн стандарт шаардлага, хүн амын онцлогт тохируулан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухлыг мэргэжилтнүүд онцолж буй. Японы Эдийн засгийн их сургуулийн профессор багш Кожи Томита “Аль нэг улсын зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ зарахын тулд тэр улсын хүн ам, онцлог зах зээлийг судлах хэрэгтэй. Мэдээж Монголд одоо борлуулж буй бараа бүтээгдэхүүнийг шууд япон хүнд зарах боломжгүй. Япон хүн ямар өнгө сонирхдог, юунд дуртай, юу хэрэгтэй байгаа вэ гээд олон зүйлийг судлах хэрэгтэй” гэв. Тэгвэл МУИС- ийн Бизнесийн сургуулийн “Худалдаа” хөтөлбөрийн ахлах багш Ц.Цолмон “Бие биенээ нөхөх шинж чанартай улсууд яг зөв цагтаа Эдийн засгийн түншлэл байгуулаагүй бол тийм ч амархан өгөөж хүртэхгүй” гэлээ. “Японы техник технологи, үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Тиймээс тэр түвшинд нь хүрэхийн тулд бидэнд хугацаа хэрэгтэй. Түншлэлийн хэлэлцээр бидэнд үр ашиггүй юм шиг харагдаж буйн гол шалтгаан нь Монгол Улс үүнд бэлэн биш байсныг харуулж байгаа юм” хэмээн тэрбээр тайлбарлав.

Түүнчлэн эсгий бүтээгдэхүүн болон хивс үйлдвэрлэдэг нэгэн компани туршилтаар арлын орон руу бүтээгдэхүүнээ нийлүүлээд, одоогоор экспортоо зогсоогоод байгаа аж. Учир нь дотоодод нийлүүлдэг бүтээгдэхүүнээ япон хэрэглэгчдийн хүсэлд нийцүүлэхээр ажиллаж буйгаа холбогдох эх сурвалж нь хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, бидэнд зах зээлээ судлах шаардлага байсаар байна. Дэлхийд тэргүүлж буй Японы ноу хау Монголд нэвтэрч, бодитоор хэрэгжиж, бид тус улсын стандартад нийцэж байж, худалдаа эрчимжинэ гэдгийг судлаачид ч хэлж байгаа. Гэхдээ бэлэн биш байна гээд гараа хумхиад суух бус алдаж, оноод ч болов урагшилсан нь Эдийн засгийн түншлэлийн гол үр дүн, Монголын хүртэж буй өгөөж болохыг ч эрдэмтэн, судлаачид онцолсон юм. Тиймээс Монгол анхны, Японы 11 дэх түншлэлийн хэлэлцээрээс монголчуудын сурах зүйл их болохыг тодотголоо. Үүнээс өмнө Мексик болон Малайз улс Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан ч эхний жилүүдэд нь дорвитой өөрчлөлт гараагүй түүх байдаг аж. Энэ нь түншлэлийн хэлэлцээрээ сайн ойлгоогүй холбоотой байсныг хожим тогтоожээ. Түүнчлэн Японы зах зээлд орохын тулд заавал тус улсын аль нэг компанитай түншлэх нь чухал болохыг арлын орны мэргэжилтнүүд зөвлөж байна.






САНАЛ БОЛГОХ