Хятадын хязгаарлалт $300-450 саяыг гацаана

Түүхий эд


Хятад нүүрсний импортоо энэ оны эцэс хүртэл хязгаарлана


Нүүрснээс олох орлогоо энэ онд бүх цаг үеийн дээд цэгт хүргэнэ хэмээн хөөрцөглөж суусан бидний санаархал он дуусахаас ганцхан сарын өмнө талаар өнгөрч мэдэх нь. БНХАУ-ын хөгжил, шинэтгэлийн хороо эх газрын боомтуудаар авдаг нүүрсний импортоо энэ оны эцэс хүртэл хязгаарлах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасныг ойрын эх сурвалжууд мэдээлэв. Ингэснээр Монгол Улсын нийт экспортын орлогын бараг тэн хагасыг дангаараа бүрдүүлж буй нүүрсний борлуулалтад эрсдэл учрах нь. БНХАУ-ын эдийн засгийн бодлогын жанжин шугамыг тодорхойлдог хөгжил, шинэтгэлийн хорооны төлөөлөгчид өнгөрсөн лхагва гарагт Жянсү мужид тус улсын гаалийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, зарим боомтын нүүрсний импортыг хязгаарлах үүрэг өгсөн байна.

Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцээд манай нүүрсний экспортын 50 орчим хувийг нийлүүлдэг Гашуунсухайт-Ганцмодны боомтын тээвэрлэлт өнгөрсөн долоо хоногоос эхлэн саарч, баасан гарагт хэсэг хугацаанд бүрэн зогсчээ. Энэ үеэр нүүрсний тээвэрлэлт гацсанаас гадна “Оюутолгой”-н нийлүүлэлт хийгдээгүй байна. Албанынхны мэдээлж буйгаар боомтын татан авалт одоогоор сэргэсэн бөгөөд бямба гарагийн 17.00 цагийн байдлаар нүүрсний 10 хүрэхгүй автомашин Гашуунсухайт-Ганцмодоор нэвтэрчээ. Ер нь ганцмод боомтын татан авалт энэ сараас эхлэн саарч эхэлсэн бөгөөд боомтоор нэвтэрч буй автомашины тоо энгийн үеийнхээс хоёр дахин буурсныг “Гашуунсухайт авто зам” компаниас мэдээлэв.

Монгол Улс энэ оны аравдугаар сарын байдлаар 31 сая тонн нүүрс экспортолж, 2.4 тэрбум ам.доллар олсныг үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Монгол Улс сард дунджаар 3-4 сая тонн нүүрсийг 300 сая ам.доллараар борлуулдаг. Хэрэв Хятадын импортын хязгаарлалттай Монгол Улс нүүр тулбал манай 300-450 сая ам.долларын төлөвлөгөөт орлого тасарч, улсын болон уул уурхайн компаниудын төсөв санхүүд хүндрэл учирч болзошгүй байна. Ингэснээр энэ оныг тун өөдрөгөөр эхлүүлсэн манай нүүрсний нийлүүлэлт оны эцсийг бүүдгэр дуусгаж мэдэх нь.

“Нүүрсний экспорт буурсан нь худалдан авагч тал буюу БНХАУ-тай холбоотой. Хятад Улс гаалийн программдаа өөрчлөлт оруулж, тээврийн хэрэгсэл болон жолооч нарт олгодог картаа шинэчилсэн гэх шалтгаанаар нүүрсний экспорт буурлаа. Мөн тус улсын гаалийн хяналт шалгалт чангарсан. Үүнээс улбаалан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам дээр урт дараалал үүссэн” хэмээн “Гашуунсухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирал Ц.Болд мэдээллээ. Тэгвэл “Монгол тээвэр нэгдэл” компанийн ерөнхийлөгч С.Ганболд “БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмодны боомтын үйл ажиллагааг зогсоосон шалтгаан тодорхойгүй. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг албан ёсны мэдээллээр хангамаар байна” хэмээн хэлж байна.

Хятад Улс энэ оны аравдугаар сарын байдлаар 252 сая тонн нүүрс хилийн чанадаас худалдан авсан. Оны эцэс хүртэл тус улс 20 сая тонн импортын нүүрс худалдан авна гэж шинжээчид дүгнэж буй. Одоогоор БНХАУ-ын хамгийн том зургаан цахилгаан станцын агуулах дахь нөөц 17 сая тоннд хүрээд байгаа. Дулааны цахилгаан станцууд нүүрс шаардлагатай болсон тохиолдолд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч байж нүүрс импортлохоор болжээ. Хэдийгээр энэ хязгаарлалт нь дулааны нүүрсний импортыг илүү чиглэж буй ч тус улсын гаалийн байгууллагын хяналт коксжих нүүрсний зах зээлийг доргиохоор байна. Импортыг хязгаарласнаар тус улсын дотоодын эрчим хүчний болон дулааны нүүрсний үнийг дэмжинэ гэж тус улсын бизнес эрхлэгчид үзэж байна. Энэ мэдээллийн дараа Далянь түүхий эдийн биржид тус улсын дотоодын коксжих нүүрсний фьючерс ханш 2.4 хувиар өсөж, 1382 юаньд хүрчээ. Ийнхүү тус улсын дотоодын нүүрсний үнэ өссөн бол импортынх буурч буй.

Үүнээс улбаалан Австралид дулааны нүүрсний ханш 30 гаруй хувиар огцом уналаа. БНХАУ-д нийлүүлэлт хийх ханш хоёрдугаар сард тонн тутамд 90 ам.доллар байсан нь бараг 30 гаруй хувиар суларчээ. БНХАУ нүүрсний импортоо хязгаарласан нь мөн Австралийн нүүрсний зах зээлд ийнхүү тодорхойгүй байдал үүсгэв. Урд хөршид олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж, цахилгаан станцуудын хэрэглээ нэмэгдэхгүй л бол БНХАУ дулааны нүүрс ойрын хэдэн сард нэмж авахгүй, тус улсын зах зээлд нийлүүлэлт илүүдэлтэй байгаа гэж Platts Coalийн тайланд дурджээ.

Ирэх өдрүүдэд Хятадын хязгаарлалтаас үүдсэн олон хөдөлгөөн, өөрчлөлт таваарын зах зээлд өрнөх төлөвтэй. Дэлхийн нүүрсний зах зээлийн гол тоглогч БНХАУ дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалж, дотоодын эрэлт, нийлүүлэлтээ тэнцвэржүүлэхийн тулд ийнхүү импортын бодлогодоо өөрчлөлт хийв. Энэ шийдвэр нь манай нүүрсний нийлүүлэлтийн хэмжээгээр зогсохгүй тус түүхий эдийн үнэ ханшид хүртэл нөлөөлж, манай экспортын орлогыг хөндөхөөр байна.

Монгол Улс энэ оноор зогсохгүй ирэх онд ч нүүрсний экспортоос үлэмж хэмжээний орлого олохоор өөдрөгөөр төсөөлчихсөн. Гэхдээ бид хэчнээн дотооддоо толгой дохилцлоо гээд Монгол Улс хэдий хэмжээний нүүрс экспортлох нь худалдан авагчаас хамгийн их хамаардаг гэдгийг Хятадын ээлжилт хязгаарлалт ийн баталж байна.
САНАЛ БОЛГОХ