Би Монголдоо эргэж очихоос айдаг

UB Info

Би одоо энэ бүхнийг бичих гэж байгаадаа үнэхээр ичиж байгаа ч хэлэх цаг нь болсон бололтой. Би Монголдоо эргэж очихоос айдаг. 

Би МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийг эрх зүйч мэргэжлээр 5 жил сурч төгсөөд, үргэлжлүүлэн магистрын зэргээ хамгаалахаар Итали улсад ирсэн. Анх ирэхдээ залуу хүний дэврүүн хүслээр магистраа хийж дуусгаад, монголдоо эргэж ирнэ, шууд төгсөнгүүтээ биш ч хэдэн жил ажиллаж, амьдарч европын тэр сайхан нийгмээс хэрэгтэй бүхнийг сураад, туршлага судлаад нэг л өдөр монголдоо эргэж очно, хүүхэд залуустаа дэлхийн залуус хэрхэн ажиллаж амьдарч, яаж чөлөөт цагаа өнгөрүүлж, юу мөрөөддөгийг танилцуулна, улс орноо хөгжүүлэх, өөрчлөлт шинэчлэлтэд хувь нэмрээ оруулна гэж их л догдолж байсан. 

Тухайн үедээ үеийнхээ зарим залуусыг гадаадад л хоргодож, эх орноосоо дайжиж байгааг нь хараад шүүмжлэх аятай ханддаг байсан. Гэхдээ юу гээч, одоо би тэднийг буруутгадаггүй. Яагаад би гэвэл өөрөө ойлгосон учраас. Яагаад тэгтлээ их гадаадад амьдрахаар зүтгэж, үр хүүхэд ээж ааваа орхин харийн орныг зорьж, виз гаргаж өгнө гэсэн компаниудад хамаг мөнгөө баран хошуурдгийг, Солонгос, Япон, Америк, Европ руу л гаргаж өгнө гэвэл ямар ч эрсдэл байсан үзээд алдах тийм их зоригтой байдгийг. Зориг биш цөхрөл ч гэмээр юм уу.

Би монголдоо эргээд очвол аль нэг компанид өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ боломжийн цалинтай ажилд ороод, карьераа өсгөөд тун аятайхан амьдраад болоод байна гэдгээ мэддэг. Хэрвээ Монголд очвол миний мэргэжлийн карьер цаашид өсөх өндөр боломж байгааг ч хардаг. Ялангуяа Итали шиг соёл уламжлалаа хүчтэй хадгалдаг, Европ дотроо гадны соёлд тийм ч элгэмсэг биш, итали хэл сураагүй л бол ажил олдоход маш хүндрэлтэй байдаг улсад амьдарч байгаа надад ажил карьерын хувьд шантрах, монголдоо очдог ч юм билүү гэж эргэлзэх үе цөөнгүй л байдаг. Бүр уйлж байсан үе ч бий. 

Гэхдээ яг үнэнийг хэлэхэд одоо би Монголд очихоос айдаг. Монголд өндөр цалинтай ажилд ороод, хуульч болохоос илүү Италийн аль нэг жижигхэн хотод кофе шопд цагийн ажил хийж амьдрах нь дээр санагддаг. Би эрх зүйч мэргэжлээрээ үнэхээр бахархдаг, нэг л өдөр хуульч гэх эрхэм нэрийг хүртээд бахархалтайгаар ажлаа хийнэ дээ гэж мөрөөддөг байсан үе саяхан. Яагаад би эх орондоо өөрийн өчнөөн жил сурч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахаас илүү харийн орны жижигхэн хотод цагийн ажил хийхийг илүүд үзэж байгаа юм бэ. Би энийг бичиж байгаадаа үнэхээр ичиж бас гуниглаж байна. Хүмүүс намайг эх орноо гэх сэтгэлгүй, өөдгүй гэж хэлэх болов уу гэхээс ч айж байна. Гэхдээ тэглээ гээд би яах билээ? Би ч бас хүн шиг сайхан амьдармаар байна. Харин эх орондоо тэгж амьдрах боломж алга… 

Ядаж л энд би эрүүл аюулгүй орчинд амьдардаг, өвөлдөө утаагүй, хавартаа тоос тортоггүй, зундаа борооны ус зайлуулж чадахгүй зам дээр хамаг гутал хувцсаа шавхай болгон алхаж, машинд ус цацуулж стресстдэггүй. Ядаж л энд би өвлийн хүйтэнд автобус хэчнээн цаг хүлээж, заримдаа автобус нь дүүрсэн учраас зогсоол дээрээ хаягдаж хоцордоггүй. Ядаж л метро, трам, автобус, гэлт тэрэг гээд бүхий л нийтийн тээврээр хаашаа л бол хаашаа хүссэн газар луугаа явж, ажилдаа ирж очихын тулд 3,4 цагийн турш түгжрэлд зогсож хамаг цагаа бардаггүй. Сарын сая төгрөгний цалинтай хэрнээ цалингаасаа давсан үнээр европын улсаас ч өндөр үнэтэй, тэгсэн атлаа аюулгүй байдал, чанарын шаардлага хангаагүй хүнс идэж, бүтэн талх ч авах чадалгүй талхаа таллаж авахдаа тулдаггүй. Хүүхдүүд хичээлдээ явахын тулд хар хүйтэнд хэчнээн цаг алхаж, осолд орж, автобусны араас гүйж эрсдэлд орж байхыг хараагүй. Сугалаагаар цэцэрлэгт орж, гэртээ цоожлогдон үлдэж, 50, 60-уулаа нэг ангид шахцалдаж, гадаа тоглоомын талбай дээр тоглоомондоо даруулан осолдож, нүхэн жорлонд бие засдаггүй. 

Над шиг өчнөөн олон залуус байгаа. Бүгд л эх орноо санадаг, ээж аавдаа очихсон, монголдоо сайхан амьдрахсан гэж хүсдэг. Гэхдээ бүгд айдаг, монголд очвол миний хүүхэд аюулгүй амьдарч чадах болов уу, хангалттай сайн боловсрол эзэмшиж чадах болов уу, өвөл утаа яах билээ, хоол хүнсээ авч хүрэх болов уу, ажилтайгаа ойрхон байр түрээслэх үү, түгжрэлд хэдэн цаг зогсох уу, ипотекийн зээл авбал хэдэн жилийн дараа төлж дуусах бол…. Энэ мэт цааш өчнөөн урт үргэлжлэнэ. Бид үнэхээр цөхөрч байна. 

Хэзээ бид эх орондоо хүн шиг амьдрах вэ?

Эх сурвалж: Khulan Batbold

САНАЛ БОЛГОХ