БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад айлчилна

Мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ долдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийнэ. Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны тавдугаар сарын 18-20-ний өдрүүдэд тус улсад анх удаа айлчилсан юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал хоёр орны "Иж бүрэн түншлэл"-ийн хэмжээнд хөгжүүлэх, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсны айлчлалын өмнө АSЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно. Пак Гын Хэг дагалдан 80 гаруй бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирнэ. 2015 онд БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлах үеэр Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хэлэлцээрийг гурван жилээр сунгасан байдаг. 2012 онд байгуулагдсан гэрээний хүрээнд хоёр орны Засгийн газрын харилцан ашиглагдаагүй 244.5 сая ам.долларын үлдэгдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр үр ашигтай ашиглах чиглэлээр санамж бичиг зурсан бөгөөд үүнд Монголын талаас санал болгосон төслүүдийг зээл олгох журмын дагуу судлахаар болсон юм. Тухайлбал бизнесүүдийн оролцох боломжтой 10 аймгийн Дулааны Цахилгаан станц барих төсөл, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл, улс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ багтаж байна. Өмнө нь БНСУ-ын талаас “Таван Толгой”-ийн төсөлд хөрөнгийн захыг хөгжүүлэх төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлж байсан удаатай.

Хоёр улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2013 онд 520 сая ам.доллараар хэмжигдэж байсан бол сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр дахин буурч, 2015 оны жилийн эцсийн байдлаар 280 гаруй сая ам.доллар болоод байна. БНСУ-ын Цагаачлалын албанаас мэдээлснээр 2015 оны дүнгээр Монгол Улсын 30 мянга 500 орчим иргэн тус улсад байнга оршин сууж байгаа бол БНСУ-ын 3000 орчим иргэн Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа ажээ. Хоёр улсын хоорондын агаарын тээврийн харилцааг сайжруулахаар БНСУ-ын агаарын тээврийн “Busan Air” компани Улаанбаатар-Пусаны шууд нислэгийг зургадугаар сард эхлүүлж, төлөөлөгчийн газраа нээгээд байна. Түүнчлэн энэ онд БНСУ-ын хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ E-Mart-ийн анхны салбар дэлгүүр Монгол Улсад нээлтээ хийх гэж байна.


САНАЛ БОЛГОХ