Эдийн засгийн удаашрал арилжаанд сөргөөр нөлөөлжээ

Хөрөнгийн зах зээл

Үнэт цаасны зах зээл агшиж байна

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх “ТОП-20” индекс энэ оны зургадугаар сард өмнөх сарынхаас 569.7 нэгжээр өссөн дүнтэй гарлаа. Индекс нь зах зээлийн өсөлт бууралт, ерөнхий чиг хандлагыг харуулдаг чухал үзүүлэлт бөгөөд зах зээлийн барометр юм. Манай улсын хувьд 2003 оноос уг сагсанд орох компанийн тоог гурав дахин цөөрүүлж, дээрх индексийг тооцдог болсон. Өнгөрсөн сарын хувьд “ТОП-20” индекс өссөн ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан дүнтэй харагдаж байна.

Үнэт цаасны зах зээлийн эдийн засагт эзлэх хувийг зах зээлийн үнэлгээгээр тодорхойлдог. Уг шалгуураар эдийн засагт эзлэх хувь энэ оны эхний улирлаас огтхон ч дээшилсэнгүй. Зах зээлийн үнэлгээ буурахад эдийн засгийн өсөлт удааширсан, уул уурхайн салбарын компаниудын хувьцааны үнэ ханш дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр огцом буурсан нь нөлөөлжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах сонирхол эрс татарсан, зах зээлийн дэд бүтэц сул зэрэг нь сөрөг нөлөө үзүүлсэн хэмээн мэргэжилтнүүд тоймлож байна.
“ТОП-20” индекс өссөн ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан дүнтэй харагдаж байна.
Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ тодорхой хувиар өссөн үзүүлэлттэй гараад байгаа. Энэ оны зургадугаар сард зах зээлийн үнэлгээ 1.4 их наяд төгрөг болсон. Уг өсөлт нь өмнөх сарынхаас 103.8 тэрбум төгрөг буюу 7.9 хувиар дээшилсэн дүн аж. Хөрөнгийн биржийн арилжаагаар энэ оны эхний хагас жилд 156.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Тайлант хугацаанд 48 сая ширхэг үнэт цаас арилжигдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 73.3 хувиар буурчээ. Үнэт цаасны арилжаанд оролцогчдын идэвх сул, хөрөнгө оруулагчдын хандлага тааруу байгааг уг үзүүлэлт тод илтгэнэ.

Харин арилжигдсан үнэт цаас 28.4 сая ширхэг буюу 2.4 дахин өссөн байна. Ингэж өсөхөд төрийн өмчит хувьцаат компаниуд анхдагч зах зээлд нэмж хувьцаа гаргасан нь эерэг байдлаар нөлөөлжээ. Мөн хөрөнгийн зах зээлд хувьцааны үнэлгээ нь өндөр байдаг зарим компани хувьцаагаа задалсан нь уг зах зээлийн идэвхжилд түлхэц болсон байна. Хөрөнгийн биржээр өнгөрсөн сард 5.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэсэн статистик бий. Үүний дүнд 1.1 сая ширхэг үнэт цаас арилжигджээ. Энэ нь тавдугаар сарын гүйлгээнээс 32 тэрбум төгрөг буюу 85.3 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин арилжигдсан үнэт цаасны хэмжээ 2.2 дахин өссөн дүнтэй гарсан аж. Цэнхэр, ягаан тасалбараар төсөөлдөг байсан үнэт цаасны зах зээлд эдийн засгийн нөхцөл байдалд ч нөлөөлсөн хэвээр байгааг дээр дурдсан. Эдийн засгийн өнөөгийн тусгал нь үнэт цаасны зах зээлд маш тод илрэх нь бий.
» Зах зээлийн үнэлгээ буурахад эдийн засгийн өсөлт удааширсан, уул уурхайн салбарын компанийн хувьцааны үнэ ханш дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр огцом буурсан нь нөлөөлжээ.
» Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 229 компани байгаагаас энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт найман компанийн бүртгэлд өөрчлөлт орлоо. » Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар энэ оны эхний хагас жилд 63.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 229 компани байгаагаас энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт найман компанийн бүртгэлд өөрчлөлт ороод байгаа. Үүнээс гадна хувьцаа хуваасан гурван компанийн хувьцааны ханш болон зах зээлийн үнэлгээ 3-51 хувиар өсөж, хувьцааны эргэлт нэмэгдсэн байна. Тодруулбал, АПУ компанийн хувьцаа энэ сарын 18-ны өдрийн арилжаагаар долоон хувиар өссөн юм. Энэ нь тус компанийн үнэт цаас эрэлттэй төдийгүй хамгийн өндөр өсөлттэй байгааг илэрхийлж байна.

Үнэт цаасны зах зээлийн өсөлтөд Засгийн газрын үнэт цаасны арилжаа ихээхэн нөлөөтэй байж ирсэн. Хөрөнгийн биржийн арилжааны дийлэнх хувийг Засгийн газрын дотоодын зах зээлд гаргасан бондын арилжаа бүрдүүлж байсан. Харин энэ оны хоёрдугаар улирлаас Засгийн газрын бондын арилжаа зогсонги байдалд шилжсэн. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар энэ оны эхний хагас жилд 63.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 234.7 тэрбум төгрөг буюу 78.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин зургадугаар сард 5.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь мөн л өмнөх сарынхаас 86.3 хувиар буурсан гэдгээр тайлбарлагдах аж.
САНАЛ БОЛГОХ