Дотоод цаг

Нийтлэл

Үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрэгчдийг буруутгах аргагүй болжээ

“Эр хүнд зургаан цаг, эм хүнд долоон цаг, эргүү тэнэгт найман цагийн нойр” хэмээн Наполеон нэгэн цагт тунхаглаж байвай. /Хоногт арван цаг унтах хэрэгтэй гэдэг байсан Эйнштейнийг тэр лав шоолж инээх байсан биз./

Бага унтахын ашиг тус, агуу үйлийг зөвхөн Наполеон, Гитлер, Сталин нар ч сурталдаж байсангүй, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөхдөө эртэч шувуу мэт байхыг эртний зүйр үгс сургаж ирсэн бол өнөөдрийн нийгмийн амьдрал үүнийг бидний хоолойд тулган, хөгжлийн хурдаараа сүрдүүлэн шахаж байна.

Харин би “Internal Time” буюу “Дотоод цаг” хэмээх номыг олж уншсанаас хойш буруу хэмнэлтэй амьдралынхаа талаар тодорхой ойлголттой болж авсан юм. Нөр их судалгаан дээр үндэслэн энэхүү номыг бичсэн хронобиологич /цаг хугацааны биологич/ Till Roenneberg- ийнхээр /Тил Ройнэберг/ бол бидний унтах хэв маяг залхууралтай, муухай ааш аягтай, тэр байтугай биологийн бусад үйлдлүүдтэй ч тийм их хамааралтай биш аж.

Эрт босогчид ажилсаг мундаг, орой босогчид залхуу заваан гэсэн домог үзэл хөдөөний амьдралд хүлээн зөвшөөрөхүйц үнэн байсан л байх. Гэвч орчин цагийн 24/7 нийгэмд яг таг үнэн, ял зэмлэл хүртээхээр зүйл биш болсоор байна. Тэр тусмаа ажлын төрөл, ачаалал, амьдралын хэмнэл, зуршлаас шалтгаалж хүн бүхэн нэгэн цагт орондоо орохоо больсон энэ үед үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрэгчдийг буруутгах аргагүй болжээ.

Гэвч тэрхүү ажлын хуваарь, амьд ралын асуудлаас шалтгаалаад бидний дотоод цаг, биологийн цаг, нийгмийн цаг зөрчилдсөнөөс болж social jet lag буюу нийгмээс шалтгаалсан бие махбодын хоногийн хэмнэл алдагдах үзэгдэл үүсч байдгийг Ройнэберг хэлжээ.

Жирийн бие махбодын хоногийн хэмнэл алдагдах үзэгдэл нь цагийн зөрүүтэй улс оронд зорчсоноос ихэвчлэн шалтгаалдаг хурц бөгөөд түр зуурын шинжтэй байдаг бол ажил, амьдралын хэмнэлээсээ шалтгаалан энэ үзэгдэлд өртдөг хүний зовлон байнгын шинжтэй бөгөөд сүүлдээ гэрэлтэй, харанхуй орчин нөхцөлийг ч ялгахаа больдог.

Төв Европын хүн амын 40 гаруй хувь нь энэ үзэгдэлд өртдөг бөгөөд ерөнхийдөө дотоод цаг нь гадаад цагаас хоёр болон түүнээс дээш цагаар зөрж байдаг байна.

Бие махбодын цагийн хэмнэл алдагдуулдаг хамгийн том шалтгаан бол ээлжийн ажил. Зохиогчийн хэлснээр, “орчин үед “биеийн цаг”-т үзүүлж буй хамгийн хохиролт дайралтын нэг” юм. /Ээлжээр ажиллахаас өөр аргагүй үйлчилгээний байгууллагуудаас гадна ганцаараа ажиллах боломжтой бүтээлч мэргэжилтнүүд болох сэтгүүлч, дизайнер, мөн шөнө ажиллах дуртай уран бүтээлчид сайн дураараа энэ эгнээнд багтаж байдаг. Би л гэхэд үүнийг шөнө дунд бичиж сууна./ Өдөр шөнө, хоногийн хуваариар ажилладаг ээлжийн ажил нь хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай бөгөөд бие махбодын цагийн хэмнэл алдагдах болон нойрны дутагдлаас үүдсэн мансуурлын байдал нь авто машины осол гэх мэтийн шууд аюулд хүргэхээс гадна эрүүл мэндийн олон сөрөг нөлөө авчирч байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.

Бие махбодын цагийн хэмнэл алдагдуулдаг хамгийн том шалтгаан бол ээлжийн ажил

Энэ тухайд “Бие махбодын цагийн хэмнэл алдагдсанаас үүдэх боломжит хор хөнөөлийг бид гүйцэд “үнэлэлгүй” өдий хүрчээ. Нэгэн томоохон жишээ гэхэд, үүнээс болж амьдралын хэмнэлээ алдагчдын ихэнх нь тамхичид байдаг. Хэр их тамхи, хэдий хугацаанд татдаг нь чухал биш, тэд тамхичин уу үгүй юү гэдэгт л асуудал байна. Статистикаас харахад, биологийн цагаасаа эсрэг урсгалаар амьдарч, суралцах шаардлагатай тулгардаг шилжилтийн насандаа хүмүүс ихэвчлэн тамхинд орсон байдаг. Мэдээж, тамхинд орох өөр олон шалтгаан хүнд байдаг ч, биеийн цаг хугацааны хэмнэл алдагдах нь хамгийн том шалтгаан юм” хэмээн зохиогч номдоо өгүүлжээ. Энэхүү хэмнэлийн алдагдал болоод тамхи татах зуршил нь амьдралын туршид салахгүй байх магадлалтай бөгөөд, ялангуяа тамхиа хаях тохиолдолд тод илэрдэг аж: “Стресс багатай хүн тамхиа хаяхад илүү амар байдаг. Бие махбодын цагийн хэмнэл алдагдах нь стрессийн эх үүсвэр болдог бөгөөд дотоод болон гадаад цагийн зөрүү бага байх тусмаа тамхинаас гарах идэвх чармайлт амжилттай болно гэсэн үг. Энэ зөрүү нэг цагаас бага байдаг хүмүүсийн 15-20 хувь нь тамхичин бол, цагийн тоо таваас хэтрээд ирэхэд 60 хувь болон өсч байна”.


Энэхүү хэмнэлийг алдагдуулагч бас нэгэн хүчин зүйл бол цаг ухраах болон урагшлуулах үйл явц юм. Ганцхан цагийн өөрчлөлт юм шиг боловч үүнд хүний бие махбод дасан зохицох нь тийм ч түвэг багатай асуудал биш аж. Үр дүнд нь хэмнэл бүр их алдагдаж, хүний унтах цаг улам багасна.

Мөн нэгэн сонирхолтой зүйл бол хронотип буюу хүний унтах хэв маяг насны ангиллаар ялгагдах байдал гэнэ. Бага насны хүүхдүүд ихэвчлэн эртэч хронотиптэй байдаг ба өсөх тусмаа бага багаар оройтдог байна. Бэлгийн бойжилт явагдаж байх шилжилтийн насанд бүр жинхэнэ “шар шувуу” болж хувирдаг бол хориод насны үед эргэлтийн цэг нь тохиож, дахин эртэч цаг хугацааны хэмнэлтэй болж, тэр нь насан туршдаа хадгалагддаг аж. Дунджаар, эмэгтэйчүүдийн тэрхүү эргэлтийн цэг 19-тэйд нь, эрчүүдийнх 21 настайд нь тохиодог. Энэ цэг бол чухамдаа биологийн талаасаа нас биед хүрч буйн анхны шинж тэмдэг болдог.

Ройнэберг уг номдоо шилжилтийн насныхны биологийн чадвар болоод тэдэнд нийгмээс тулгадаг хүлээлт хоёрын харилцаа холбоогүй байдлыг онцгойлон дурдсан байв. Маргааш өглөө нь хичээлдээ сэргэг толгойтой, цэнгэг оюунтай явахын тулд урьд орой нь эртээс эрт орондоо орох ёстой гэж шахах авч хөөрхий хүүхдүүд биологийнхоо хувьд тэгэж зохицуулагдаагүй байдгаас ихээхэн төвөг учирдаг ажээ.

Дотоод цаг нь байраа сольсон насанд хүрсэн хүмүүс ч мөн мэрэгч амьтдын амьдралын цикл мэт шөнө дунд өнгөрөхөөс нааш унтаж чаддаггүй шүү дээ.

Тэгэхээр эрт, эрт, аль болох эрт гэсээр өглөөний 7.00 цагт хичээлээ эхлүүлэх сургуулиуд чухамдаа шилжилтийн насныхны оюун санааны дотоод цагтай уялдан зохилдоогүй хэрнээ хуваарийн дагуу, сайн суралцахыг шаардсаар байгаа нь хэр оновчтой вэ? Судалгаанаас үзэхэд, энэ бүхний дүнд олон хүүхдэд нойрны дутмагшилт өвчний шинж тэмдэг илэрдэг бөгөөд тэд боломж л олдвол дугхийхийг хичээж, нойрны горимд шилжиж орхидог байна.

Арван хэдэн настайдаа хүн өдөрт 8-10 цаг унтах хэрэгтэй боловч хичээлтэй өдрүүдэд ийм нойр авч чадах нь ховор. Тэгвэл саяхны судалгаагаар дунд сургууль хичээл эхлэх цагаа нэг цагаар хойшлуулснаар өдөрт дор хаяж найман цагийн нойр авдаг сурагчдын хувь 35.7-50 болтлоо өссөн байна. Харин насанд хүрсэн оюутнуудын хичээлд явах цаг хойшилсноор тэдний хичээлийн ирц, үзүүлэлт, идэвх чармайлт, бүр идэх дуршил нь хүртэл хамаагүй дээшилсэн байв. /Хувийн туршлагаас хуваалцахад, энэ байдал ажлын цаг, ажил хэргийн уулзалт, хурал зөвлөгөөн дээр ч бас ажиглагддаг л юм./

Тэгвэл бидний дотоод цаг чухамдаа яаж зохицуулагддаг юм бэ? Өдөр, сар, жилээр хэмжигдэх “нарны цаг”-ийн цаг хугацааны бүтэц нь бүх организмын амьдралд чухал нөлөө үзүүлэх хэдий ч бидний биологийн цаг “цаг хугацаагүй” ертөнцөд үүсэн бий болсон хийгээд энэ нь нэг ёсондоо гадаад нөлөөнөөс тусдаа, бие даасан ойлголт юм.

Тодруулбал, дээр үеийн ботаникийн судалгаагаар, өдөр шөнийн циклээр навчаа дэлгэж, хумидаг сийрсэн модны ургамлыг хав харанхуй шүүгээнд хийхэд яг л ердийнхөөрөө навчаа дэлгэж, хумиж байсан аж. Үүнтэй адил хүмүүсийг харанхуй хонгилд байлгаж хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харвал, тэд яг төгс хэлбэрээр биш ч гэсэн өдөр шөнийн 24 цагийн циклээр унтаж, сэрж байв. Үүнээс үзвэл, бидний генийн түвшинд “цагийн ген” гэх бие даасан зүйл байх агаад сүүн тэжээлтэн амьтдын хувьд тархины дундаж шугамд нь байх жижиг хэсэг нь “мастер цаг”-ийн горимоор ажилладаг болохыг тогтоосон байна.

Хүн бүр өөрийн онцлог бүхий дотоод цагтай, тэр нь бие даасан удирдлагатай боловч гадаад дохио бидний амьдрал, унталтын хэв горимд тодорхой нөлөө үзүүлдэг нь мэдээж. Тиймээс ч тэрхүү гадаад дохио бидний дотоод цагтай тохирон таарах үйл ажиллагаа явагддаг. Бидний бие организм, тархи оюунд байх хоногийн хэмнэл нь гадаад орчинд бидний тодорхойлон гаргасан хоногийн горимтой яв цав таардаггүй бөгөөд үүний тулд бид доторх цагаа шахах юм уу, тэлэх хэрэг гардаг. Ихэнх хүний хувьд дотоод цагаар тооцоход өдөр нь 24 цагаас бага зэрэг урт байдаг учраас тэд дотоод цагаа хумих хэрэгтэй болдог аж. Үүний тулд биеийн цагныхаа хувьд “өдөр” гэдгээ гадаа гэрэлтэй байх бүх хугацаанд багтааж, “шөнө” гэдгээ харанхуйд нууна. Энэхүү зохицуулалт хэрхэн хийгдсэнээс шалтгаалж өглөөд сэргэг, эсвэл унтаа байх нь шийдэгдэх бөгөөд дотоод цаг нь хэтэрхий удаан үргэлжилдэг хүмүүс орой босдог болдог байна.

Энэ мэтчилэн, бидний унтлагын хэв маяг болоод бие махбодын цагийн хэмнэл алдагдах нь өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байдгийг “Дотоод цаг”-т тодорхой тайлбарласан байлаа. Төрөлт болоод амиа хорлолтын үзүүлэлтүүд, номын сангаас ямар ном авах, хөгшин эрчүүд залуу эмэгтэйтэй гэрлэдэгийн шалтгаан, яагаад шинийг сэдэгч, зохион бүтээгчид ихэнхдээ орой унтаж, орой босдог гэх мэт сонирхолтой олон зүйлсийн талаар эндээс уншиж болно.

Гоо даль.

САНАЛ БОЛГОХ