Санхүүгийн “шүхэр”

Сурвалжилга

Нийт 4.1 тэрбум төгрөгийн авлага барагдуулжээ

Хадгаламж эзэмшигч та үл үзэгдэгч “шүхэр”-тэй гэдгээ мэдэх үү. Энэ “шүхэр” сүүлийн гурван жилийн турш банкин дахь таны мөнгийг давхар хамгаалж байна. УИХ-аас 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль баталж, Хадгаламжийн даатгалын корпораци байгуулсан. Ингэснээр иргэдийн хадгаламж эрсдэлгүй болж, санхүүгийн салбарт “шүхэр” бий болжээ. Нийт хадгаламж эзэмшигчдийн 99 хувь энэ төрлийн даатгалд хамрагдсан байна.

Хадгаламжийн даатгалын корпорацийн даатгалын сангийн хөрөнгө одоогийн байдлаар 250 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд нийт 4.1 тэрбум төгрөгийн авлага барагдуулжээ. Энэ нь “Хадгаламж” банк татан буугдсан 2013, 2014 онд хамаарах аж.

Хадгаламжийн даатгалын систем нь олон улсад олон жилийн өмнө нэвтэрсэн. Харин манайд удаагүй. Гэхдээ хамрах хүрээ, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ нь хурдацтай өсөж буйг олон улсын төлөөлөгчид хэлж байна. Мөн цаашид хэрэгжүүлэх шаардлагатай зүйл олон байгааг сануулсан. Тухайлбал, банк, санхүүгийн салбар дахь хадгаламжийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь чухал гэж Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны төлөөлөгчид хэлж байлаа.

Дэлхийн эдийн засаг тун эмзэг байна. Иймд Монгол Улсын хадгаламжийн даатгалын системд хямралын удирдлага, хүндрэлийн үеийн төлөвлөгөө боловсруулах шаардлага байгаа аж. Энэ болон бусад асуудлыг Монголын хадгаламжийн даатгалын корпораци, Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо хамтран зохион байгуулж буй хурлын үеэр хэлэлцлээ.

20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖИЙГ 100 ХУВЬ НӨХӨН ТӨЛНӨ

Энэ үеэр Монголын хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодруулав.

-Монгол Улсад иргэдийн хадгаламжийг давхар хамгаалдаг санхүүгийн байгууллага бий болсноор ямар эерэг нөлөө үзүүлсэн бэ?

-Хадгаламжийн даатгалын тухай ойлголт дэлхий дахинд хэдийнэ сайн жишиг болон тогтсон. Жишээлбэл, АНУ-д гэхэд энэ төрлийн байгууллага 1930-аад оны үед байгуулагдсан. Тус улсад 1933 оны үед хямрал болж, үүний дараа иргэдийн хадгаламжийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг сахихын тулд байгуулсан түүхтэй. Тиймээс тус улс өдгөө хадгаламжийн даатгалыг санхүүгийн системийнхээ суурь болгодог. Америкчууд өөрсдийн хадгаламждаа төдий л санаа зовдоггүй. Учир нь банк, санхүүгийн системийг хамгаалдаг байгууллага байгаа учраас иргэдийн итгэл өндөр байдаг.

Харин Монгол Улсын хувьд 2009 оны хямралын дараа их хэмжээний мөнгө банкнаас “зугтсан.” Өөрөөр хэлбэл, иргэд хадгаламжаа банкнаас татсан. Үүнээс үүдэн дэлхийн жишгийг даган УИХ-аас Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль баталж байлаа. Энэ хууль хэрэгжсэн дөрвөн жилийн хугацаанд банкин дахь хадгаламжийг төрөөс баталгаажуулсан. Гэхдээ энэ нь түр зуурын гал унтраах арга байсан юм. Тиймээс хууль хэрэгжиж дууссаны дараа хадгаламжийн даатгалын системийг нэвтрүүлэхээр болсон. Ингэхдээ 2013 онд холбогдох хууль, журмыг баталж, манай корпорацийг байгуулсан.

-Танай корпорациас иргэдэд олгох нөхөн төлбөрт хэмжээ, хязгаарлалт бий юү?

-Юун түрүүнд, арилжааны банкууд манай байгууллагын гишүүн болох учиртай. Хуульд заасны дагуу банкууд албан журмаар гишүүн болно. Тэрчлэн банкууд өөрсдийн хадгаламж эзэмшигчдээ өмнөөс нь даатгах үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу манай байгууллагад хураамж төлдөг. Бид жил бүр гишүүн банкуудаасаа хадгаламжийн нийт дүнгийнх нь 0.25 хувийг хураамж хэлбэрээр авч, сандаа төвлөрүүлдэг.

» Хадгаламжийн даатгалын корпорацийн сангийн хөрөнгө 250 тэрбум төгрөгт хүрчээ.

» Хадгаламж эзэмшигчдийн 99 хувь нь санхүүгийн “шүхэр”-т багтсан.

» Сангийн хөрөнгө зорилтот түвшнийхээ 40 гаруй хувьд хүрээд байна

» Хадгаламжийг нь даатгана гэхээр харилцагчид ч банкинд илүү итгэнэ. Үүнээс үүдэн тухайн банкийг чиглэх мөнгөн урсгал ч нэмэгдэх эерэг нөлөөтэй.

Одоогийн байдлаар сангийн хөрөнгө зорилтот түвшнийхээ 40 гаруй хувьд хүрээд байна. Хэрэв аль нэг банк дампуурвал тус банкны хадгаламж эзэмшигчдэд манай сангаас нөхөн төлбөр олгоно. Хуульд зааснаар бид 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай иргэдэд 100 хувь нөхөн төлбөр олгоно. Нөхөн төлбөрийн хэмжээг 20 сая хүртэлх төгрөг хэмээн хязгаарласан нь учиртай. Нэгдүгээрт, дэлхий нийтийн жишгээр нөхөн төлбөр нь тухайн улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байх ёстой. Нөгөө талаас, аль болох олон иргэнийг хамрахын тулд энэ хязгаарыг тогтоосон. Тэр утгаар энэ тоо нийт хадгаламж эзэмшигчийн 90 гаруй хувийг хамарч байгаа.

-Арилжааны банкууд хадгаламжаа даатгуулснаар ямар үр ашигтай вэ?

-Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банк хоорондын хамтын ажиллагаа одооноос жигдэрч байна. Банкууд хадгаламжийг даатгуулахын ач холбогдлыг ойлгож эхлээд байна. Аливаа банкны дампуурал гэдэг нь зөвхөн тухайн банкнаас шалтгаалдаггүй. Үүнд, макро эдийн засаг зэрэг олон шалтгаан нөлөөлдөг. Тиймээс системээ хамгаалахын тулд хамтран ажиллаж байгаа. Хадгаламжийг нь даатгана гэхээр харилцагчид ч банкинд илүү итгэнэ. Үүнээс үүдэн тухайн банкийг чиглэх мөнгөн урсгал ч нэмэгдэх эерэг нөлөөтэй. Тиймээс арилжааны банк, Хадгаламжийн даатгалын корпораци нь нэг тал, хамтран тоглогчид юм.


САНАЛ БОЛГОХ