“Монголын нууц товчоо”-ны хэллэгийг нарийн судлах хэрэгтэй

Сурвалжилга

Зөвхөн XIII зууны үеийн монголчуудын тухай биш Ази, Европын хэлний судалгаанд ч чухал ач холбогдолтой

Зуны өдрүүдэд нам гүмхэн байдаг их сургууль эрдэмтдийн хөлд дарагджээ. Монголыг зорьж ирсэн олон эрдэмтдэд судалгааныхаа бүтээлийг танилцуулахаа ч манайхан мартсангүй. МУИС-ийн хаалгаар ормогц хонгил дүүрэн ном өрөөстэй харагдана билээ. ШУА-ийн хүрээлэнгүүд, их сургуулиуд эрдэмтийнхээ туурвисан бүтээлүүдийг худалдахаар тавьсан нь энэ. Монголч эрдэмтдийн хувьд ч эндээс эрж хайсан бүтээлээ олж, олзтой харих завшаан тохиож буйг ихэд сайшааж байна. Монголч эрдэмтдийн салбар хуралдаануудаар гадаад харилцаа, түүх судлал, “Монголын нууц товчоо” судлал хийгээд манай улсын газрын зургийн талаар олон сонирхолтой илтгэл тавилаа.

Бид энэ үеэр “Монголын нууц товчоо”-ны тэмдэглэлийг нарийвчлан шинжлэх асуудалд сэдвээр илтгэл тавьсан Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын сургуулийн профессор Ж.Бүрэнбаттай уулзлаа.

Тэрбээр “Монголын нууц товчоо”-г судлахад ихээхэн анхаарал татсан зүйл нь хэлний асуудал. 800 гаруй жилийн өмнөх хэлийг одоогийн хүмүүс төдийлэн ойлгохгүй байдаг. Гэвч дундад эртний монгол хэл ямар байв гэдгийг нарийн судалж, сэргээн хэрэглэх шаардлагатай байна. “Монголын нууц товчоо” бол монголчуудын өвөг дээдсийн хэл, соёлын толь шүү дээ. Энэхүү түүхийн эх сурвалжийг нарийн сайн судлах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тус зохиолын хэлний цаана нуугдаж буй дохио, зангаа, утгыг нь мэдэх хэрэгтэй. Тиймээс судлаачид анхаарал хандуулах ёстой. Би өөрөө “Монголын нууц товчоо”-г хэлний талаас нь судалдаг. Хэл болоод соёлын харилцааг нь нарийн судалж байж энэ сурвалж бичгийг гүнзгий ойлгоно. Эл түүхийн эх сурвалжийг хэл, түүх, зохиол, цэргийн явдал, хүн эмнэлгийн гээд олон талаас нь судлах бололцоотой. Манай Өвөр Монголын эрдэмтэд ч хэд хэдэн талын судалгаа хийж байна. Нууц товчоо бол зөвхөн XIII зууны үеийн монголчуудын тухай биш Ази, Европын хэлний судалгаанд ч чухал ач холбогдолтой. Учир нь энэ зохиолд олон улсын хэл холилдож орсон нь ажиглагддаг. Нууц товчооны хэллэгийг орчин үеийн монгол хэлтэй холбож ойлгоход амаргүй. Тиймээс нарийн гаргалгаа, гүнзгий судалгаа ихээхэн чухал байгаа юм” гэлээ.

“Монголын нууц товчоо” судлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг эрдэмтэд ярьж байв. Түүнчлэн энэхүү түүхийн эх сурвалжийн тухай ном бүтээл ч цөөнгүй хэвлэгджээ.

Монгол хэлний үгийн сан судлалын салбар хуралдаан мөн энэ байранд болсон юм. Эх хэлний шинэ үг, хэрэглээнээс гарч буй хуучин үг гээд олон талын судалгааг эрдэмтэн судлаачид илтгэлдээ дурьдаж байлаа.


БИП ӨӨРСДИЙГӨӨ ГАДААД ЕРТӨНЦӨД ТАНИУЛЪЯ ГЭВЭЛ МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙГ ДЭМЖИХ ЁСТОЙ

Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийнбичгийн дарга Д.Заяабаатартай ярилцлаа.

-Монголч эрдэмтдийн 11 дүгээр их хурал болж байна. Дэлхий дахинд монгол судлал хэр хөгжиж байгаа вэ?

-Олон улсын монгол судлалын холбоо энэхүү хурлыг зохион байгуулахад ихээхэн үүрэгтэй оролцдог. Дэлхий дахинд хамгийн олон гишүүнчлэлтэй байгууллага. Олон улсын монгол судлалын холбооны төв дүрмийнхээ дагуу Улаанбаатар хотод байрладаг. Зарим нэг хүн Монгол судлалын төв Улаанбаатарт байхаа больж байна гэж шүүмжилдэг ч тийм асуудал байхгүй. Гаднын эрдэмтэд манай улсын түүх, соёл иргэншлийн талаас нь түлхүү судалдаг байсан бол сүүлийн үед улс төр, нийгмийн байдал, гадаад харилцаа гээд олон талаас нь судалдаг болсон. Судалгааны сэдвийн хамрах хүрээ өргөжиж байгаа нь монгол судлал хөгжиж буйгийн нэг илрэл. Монголч эрдэмтэд таван жилд нэг удаа хуралдаж, өнгөрсөн жилүүдэд хийсэн судалгааны ажлынхаа ахиц дэвшил, шинэ ололтын талаар сонирхуулж, туршлага солилцдог. Ийм боломжийг олгодгоороо монголч эрдэмтдийн хурлын ач холбогдол оршиж байгаа юм. Энэ жил бид таван салбарт хувааж, тухайн чиглэлийнх нь дагуу илтгэлүүдийг хэлэлцүүлэхээр болсон нь өмнөх хуралдаануудаас нарийн зохион байгуулалттай болж буйгаараа давуу талтай.

-Монголыг сонирхож судлах эрдэмтдийн тоо нэмэгдэж байна гэж та хэлсэн үгэндээ дурьдаж байсан. Аль улсын эрдэмтэд илүү их судалгаа хийж байна вэ?

-Сүүлийн үед судалгааны хүрээ өргөжсөн гэж би хэлсэн. Ялангуяа Европын эрдэмтдэд манай улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар судалдаг боллоо. Төрийн тогтолцоо нээлттэй, гадаад харилцаа ойлгомжтой байгаа нь судалгаа хийдэг эрдэмтэд тус дөхөм болдог болов уу. Одоо бидэнд гадаад ертөнцөөс өөрсдийгөө нууж хаах зүйлгүй болсон нь монгол судлалыг хөгжүүлэхэд ихээхэн давуу тал болж байна.

-Энэ удаагийн хурлын гол сэдэв нь “Монгол судлал ба тогтвортой хөгжил”. Яагаад энэ сэдвийг сонгох болсон бэ?

-Монголч эрдэмтдийн хурал таван жилд нэг удаа болохдоо нэг сэдвийг сонгож түүнийхээ хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг. Тиймээс энэ жил монгол судлалыг улс орны хөгжилтэй уялдуулъя, монгол судлаач эрдэмтдийн дуу хоолойг төр засгийн бодлогод нэмэрлэе гэдэг үүднээс Монголын хөгжлийн тулгуур бодлого болох тогтвортой хөгжил гэсэн сэдвийг сонгосон. Монгол судлаач эрдэмтдийн судалгааны бүтээлийг яаж улс орныхоо хөгжилд ашиглах вэ гэдгийг бодолцож, хөгжүүлэх шаардлагатай байна.

-Эрдэмтний бүтээл гэдэг олон жилийн хөдөлмөр шингэсэн оюуны үнэт зүйл. Тэгэхээр олон улсын монголч эрэмтдийн бүтээлийг бид хэр үнэлж чаддаг вэ. Үнэлэх эдийн засгийн боломж нь хэр байдаг юм бол?

-Төрөөс монгол судлалыг хөгжүүлэх бодлого боловсруулж, хэд хэдэн чухал шийдвэр гаргасан. 2012 онд “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” баталлаа. Мөн 2014 онд УИХ-ын тогтоолоор Монгол судлалын үндэсний зөвлөл байгуулж, даргаар нь Ерөнхий сайд ажиллаж байхаар тусгасан. Бодлого тодорхойлох нэгжтэй, бодлогын баримт бичигтэй, үүний хүрээнд үйл ажиллагаа явуулдаг санхүүжүүлдэг тогтолцоотой болсон нь том дэвшил. Ингэснээр гадаадад монгол судлалын чиглэлээр судалгаа явуулж буй төвүүдийг дэмжихээр зорьж ажиллаж байна. Хэдийгээр бидэнд хангалттай хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх чадамж байхгүй ч, боломжийн хэрээр судалгааны төв нээж байгаа. Бид АНУ-ын Берклей их сургуульд профессорын төлөөлөлтэй болж, судалгааны сургалт эхлүүлээд байна. Мөн Унгарын Будапештын их сургуульд монгол судлалын төв нээлээ. Германы Боннын их сургуульд үндсэн профессор байхгүй байсныг томилсон. Судалгааны төвүүдийг бэхжүүлэхэд боловсон хүчин чухал. Орон тооны сургалт судалгааны мэргэжилтэн байгаа нь тухайн улсад монгол судлалыг хөгжүүлэхэд нааштай үр дүн гарч байна. Монгол судлалыг хөгжүүлэхэд төрөөс анхаарч байна гэдэг мэдээлэл гаднын ертөнцөд түгээд ирэхээр гадаадынхан сонирхож эхэлсэн. Зарим улс өөрсдөө монгол судлалын төв байгуулах санал тавьж байна.

-Манай улс шинжлэх ухааны салбарт хангалттай мөнгө зарцуулж чаддаггүй. Энэ салбарын судалгаа, шинжилгээний ажилд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөрийг харж байхад шинжлэх ухааны салбарт зарцуулах мөнгийг нэлээд хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгасан юм билээ. Энэ амлалтыг би эерэгээр харж байгаа. Ямар ч байсан шинжлэх ухаанд зарцуулах мөнгийг нэмэгдүүлэх боломжийг хайх байх гэж найдаж байна. Судалгаа, шинжилгээний ажилд чанарын ахиц гаргахад хөрөнгө санхүүжилт зайлшгүй чухал түлхэц болдог. Монгол судлалыг хөгжүүлэх гүүр бол монголч эрдэмтдийн хурал байдаг. Бид өөрсдийгөө гадаад ертөнцөд таниулья гэвэл монгол судлаачдыг дэмжих ёстой.

-Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч ажлаа хүлээлгэж өгнө гэж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Холбооны ерөнхийлөгчийг монголч эрдэмтдийн хурлаас сонгодог. Одоогийн ерөнхийлөгч ХБНГУ-ын монголч эрдэмтэн Клаус Сагастер гэж хүн бий. Тэр өөрөө ажлаа өгье гэсэн саналаа ирүүлсэн. Ер нь холбооны ерөнхийлөгч нар нэг хурлаас нөгөө хурлын хооронд ажлаа хийдэг. Дараагийн ерөнхийлөгчийг энэ хурлаас сонгоно. Шинэ томилогдох хүн холбооны менежментийг идэвхтэй явуулах, үйл ажиллагаа нь илүү хүртээмжтэй болгох талаар ажиллах хариуцлага хүлээсэн хүн байх ёстой.

-Монгол судлаач залуу эрдэмтдийг бэлтгэх ажилд хэр ахиц гарч байна вэ. Бид өөрсдөө судлаач эрдэмтдийг хөрсөн дээр нь бэлтгэх бололцоо ямар байдаг вэ?

-Жил бүр олон улсын монгол судлаач залуу эрдэмтдийн зуны сургалтыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жил 15 орны 28 судлаач оролцсон. Энэ жил 25 орны 30 орчим залуу судлаач ирж сургалтад хамрагдлаа. Энэ бол монгол судлалын залгамж халаа бэлтгэгдэж, эрдэмтдийн тоо санаа зовоохооргүй болсон гэдгийг харуулж байна.

-“Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т гадаадын залуу судлаачид тэтгэлэг өгөхөөр тусгасан. Тэтгэлэг олгож чадаж байгаа юу?

-Үндэсний хөтөлбөрт тусгасан ажлуудаа хийж хэрэгжүүлж чадахгүй байгаа нэг зүйл нь судлаач эрдэмтэд өгөх тэтгэлэг. Хөрөнгө мөнгөний бололцоогүйгээс болоод тэтгэлэг өгч чадахгүй байна. Зөвхөн гаднын монгол судлаач залуу эрдэмтдийг дэмжихийн зэрэгцээ өөрийнхөө залуу судлаачдыг гадаадын судалгааны төвүүдэд ажиллуулж, туршлага судлуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Гэхдээ одоохондоо хэрэгжүүлж чадаагүй байна. Цаашдаа хэрэгжүүлэх боломж гарах байх.

САНАЛ БОЛГОХ