Алжирын уулзалт эерэг дохио асаав

Түүхий эд

OPEC-ийн газрын тосны орлого 50 хувиар буурчээ

Газрын тосны ханш газардлаа. Хэдхэн хоногийн өмнө хоёр сарын дээд цэгт тулж байсан үнэ уруудаж, 50 ам.доллараас доошлов. Бас OPEC-ийн газрын тосны орлого огцом унасан нь олон нийтэд ил боллоо. Ингэснээр үнийн уналттай орлогын бууралт ч зэрэгцэв.

OPEC-ийн газрын тосны орлого өнгөрсөн онд 12 жилийн доод цэгт хүрсэн байна. АНУ- ын Эрчим хүчний мэдээллийн байгууллагын тооцоогоор OPEC-ийн орнууд 2015 онд шингэн “алт”-наас нийт 404 тэрбум ам.доллар олжээ. Энэ нь 2014 оныхоос бараг 50 хувиар буурсан дүн. Үүгээр зогсохгүй орлогын уналт үргэлжлэх бөгөөд энэ онд дахин 20 орчим хувиар хумигдана гэсэн тооцоо ч байна.

Газрын тосны гарцаа хумихгүй хэмээн “гүрийж” байсан олборлогчид бодлогоо өөрчилж эхэллээ. Энэ нь газрын тосны зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тэнцэх эерэг дохиог асаав.
Газрын тосны ханш энэ онд нам дор хэвээр байвал OPEC-ийн орнууд нийт 500 гаруй тэрбум ам.долларын алдагдал хүлээх төлөвтэйг Олон улсын валютын сангаас анхааруулсан. Тиймээс OPEC алдагдлаа хумих арга сүвэгчилж эхлэв. Тухайлбал, гарцаа царцаах асуудлаар тус байгууллагын гишүүн орнууд ирэх сард чуулна. Уулзалтад Ираны тал оролцохоо мэдэгдсэн. Энэ нь уулзалтын ач холбогдлыг улам ч нэмэв. Учир нь сүүлийн дөрвөн жил барууны хоригт хүлэгдэж, газрын тосны экспортоо хумьсан тус улс оны эхээр хоригоо цуцалсан. Улмаар нийлүүлэлтээ эрчимтэй нэмсэн юм. Мөн гарцаа царцаах OPEC-ийн санаачилгыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан. Харин энэ удаагийн уулзалтад оролцоод зогсохгүй гарцаа царцаахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Үүнээс гадна OPEC-ийн санаачилгыг газрын тосны томоохон нийлүүлэгч ОХУ дэмжихээ мэдэгдсэн байна. Ийнхүү гарцаа хумихгүй хэмээн “гүрийж” байсан олборлогчид бодлогоо өөрчилж эхэллээ. Ингэснээр тус зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тэнцэх эерэг дохиог асаав. Гэвч зарим орон олборлолтоо зогсоолоо гээд зах зээлийн хэт илүүдэл богино хугацаанд татрахгүй гэж шинжээчид үзэж байна.
Газрын тосны үнийг OPEC- ийн уулзалт тодорхойлно
Үүнээс үүдэн газрын тосны ханш эргэн буурсан юм. Баасан гарагийн байдлаар Brent төрлийн газрын тосны ханш 49, WTI-ийнх 47 ам.долларт хэлбэлзэж байна. Гэхдээ олборлогчид тэнцвэрт байдлыг хангах санаачилга гаргасан учраас зах зээлийн төлөв эерэг болж эхэллээ. Энэ онд газрын тосны ханш 40-50 ам.долларт хэлбэлзэнэ гэж шинжээчдийн дийлэнх таамаглаж байсан. Тэгвэл зарим шинжээч энэ төлөвөө ахиулж, үнэ оны эцэс гэхэд 60 ам.долларт хүрнэ гэх шинэ таамаг ч дэвшүүлэв. Гэхдээ газрын тосны ханшийн муруй энэ оны эцэст хааш чиглэхийг ирэх сарын сүүлчээр болох OPEC-ийн уулзалтын шийдвэр тодорхойлох аж.

Шинжээчдийн таамаглаж буй 60 ам.долларын ханшийн төлөв нь манай төсвийн төсөөлөлтэй дүйх үнэ юм. Монгол Улс 2016 оны төсөвт экспортод гаргах баррель газрын тосыг 60 ам.доллараар төсөөлсөн. Тэгэхээр Алжирт болох OPEC- ийн орнуудын уулзалт бидэнд ч хамаатай байх нь.


САНАЛ БОЛГОХ