Д.Батжаргал: Ажил олгогчдын хүсдэг боловсон хүчин бэлтгэнэ

Ярилцлага

Мэдэхгүй зүйл үгүй, гэхдээ сайн чаддаг зүйл байхгүй залуучууд нэмэгдсээр байна

Санхүү, эдийн засгийн дээд сургууль их сургуулийн статустай болж, сургалтын шинэ хөтөлбөрүүд боловсруулжээ. Үүнд цахим сургалт, чадамжид суурилсан мэргэжлийн боловсрол олгох зэрэг өнөөгийн цаг үе, хөгжлийн шаардлагад нийцсэн хөтөлбөр, арга барил багтаж байна. Энэ талаар СЭЗИС-ийн захирал, доктор, профессор Д.Батжаргалтай хэдэн хором ярилцлаа.

-2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ жил СЭЗИС-ийн онцлох үйл явдлууд юу байх вэ?

-Энэ хичээлийн жилээс эхлэн бид сургах арга барил, хэлбэрээ өөрчиллөө. Бид дэлхий ертөнцөд болж буй өөрчлөлт, оюутнууд болон эцэг, эх, ажил олгогчдын хүсэл сонирхолд нийцүүлж сургалтын системээ өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Мэдлэг, мэдээллийг бид өнөө цагт хаанаас ч авах боломжтой болжээ. Тиймээс боловсон хүчнийг мэргэшүүлэн, ажлаа сайн мэддэг, сайн хийдэг болгох арга барилыг туршиж эхэллээ. Ухаалаг, цахим сургалт, чадамжид суурилсан мэргэжлийн боловсролыг уламжлалт, танхимын сургалттай хослуулна. Цаашид эдгээр аргын аль нь илүү үр өгөөжтэйг өдөр, сар жил бүр тунгаан дүгнэж, боловсролын сайн систем боловсруулахаар ажиллаж байна. Өмнө нь бид зөвхөн танхимын сургалтыг голлож, түүнийгээ боловсруулах арга зам хайж байлаа. Энэ жилээс гурван хөтөлбөр боловсруулж, үр дүнгээс хамаарах давуу талуудыг нь хослуулна.

-Хамгийн онцлох шинэчлэл юу вэ?

-Нэгдүгээрт, бид чадамжид суурилсан мэргэжлийн боловсролын тогтолцоог дээд боловсролтой хослуулан шаталж сургах хөтөлбөр боловсрууллаа. Дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлийн дипломтой ч ажил олддоггүй боловсон хүчний тоо нэмэгдсээр байна. Тэд дөрвөн жил хананы цаана, ажил, амьдралаас хөндий, эмх замбараагүй мэдлэг, мэдээллээр дүүрсэн “их мэдэхүүд” болж буй. Тиймээс ажлыг багаас нь эхлэн гардан хийж, түүнийхээ явц, утга учрыг мэддэг, туршлагатай залуучуудыг бэлтгэхийг зорилго болгосон юм.

-Тэгэхээр дадлагатай хослуулна гэсэн үг үү?

-Санхүү, бүртгэлийн сургууль оюутнуудаа нярав, теллерээс эхлэн бэлтгэж, дөрвөн жилийн дараа бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй хүмүүс төгсгөхөөр ажиллаж байна. Их мэддэг хүн ажлын талбар дээр гараад теллер, нярваа ч удирдаж чадахгүй байх тохиолдол олон. Өөрийн удирдлага доорх хүмүүсийнхээ ажлыг өөрөө хийж, биеэрээ үзсэн байх шаардлагатай. Ажил олгогчид ч ийм л хүмүүсийг эрэлхийлж байдаг.

-Дэлхий ертөнцийн хөгжилд нийцүүлэн өөрчлөлт хийсэн гэлээ. Энэ ямар өөрчлөлт вэ?

-Орчин үеийн ертөнцийг бид цахим ертөнц гэж ойлгож байгаа. Оюутан, сурагчид ч заавал сургуулийн анги, танхимд гэлтгүй хүссэн үедээ, хүссэн газраасаа сурахыг эрмэлздэг боллоо. Тиймээс бид цахим ертөнцийн олон давуу талыг ашиглан, хяналтын дор суралцах боломжийг эрэлхийлсэн юм. Үүний тулд бид Европын холбооны их сургуулиудын цахим сургалтын нэгдсэн талбарыг ашиглахаар боллоо. Бид цахим сургалтыг Азид түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээж, энэ ажилд ханцуй шамлан ороод буй.

-Монгол Улсын дээд боловсролын салбарт үгүйлэгдэж буй шинэчлэл юу вэ?

-Айл гэр сайхан амьдарч, улс орон хөгжинө гэдэг иргэдээс, хувь хүнээс шалтгаалдаг. Хийдэг ажлаа сайн мэддэг, утга учрыг нь ойлгодог хүн л амжилтад хүрнэ. Цаашлаад улс орон ч хөгжинө. Үүний тулд боловсролын салбар чадамжид суурилсан, шаталсан тогтолцоо нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм. 1990 оноос хойш Монгол Улс мэргэшсэн, чадамжтай иргэний тогтолцоогоо халж, дээд боловсролтой болгоход л гол анхаарлаа хандуулсан. Үүний үрээр мэдэхгүй зүйл байхгүй, тэгсэн хэрнээ сайн чаддаг зүйл байхгүй залуучууд олшроод байна. Энэ нь эргээд улс орны хөгжилд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болно.

-Сургах арга барилыг шинэчилснээр оюутнуудад ямар шинэ боломжууд нээгдэж байна вэ?

-Оюутнуудад нээгдэж байгаа боломж бол хязгааргүй. Гагцхүү өөрсдөө хичээж, тууштай байхыг тэднээс шаардаж байна. Гарааг нь зөв тавьж өгсөн учир өөрсдөө хичээвэл барианд амжилттай хүрнэ шүү дээ. Үүний тулд сурган хүмүүжүүлэгчид ажил олгогчтой хамтран багшилна. Тэгэхээр энэ сургалтын зорилго бол ажил, амьдралын гараагаа эхэлж байгаа залуучуудыг бойжуулан, замд нь хөтлөн оруулах юм. Сургууль ээж нь, ажил олгогч эцэг нь болж баг болон ажиллана.

-Санхүү, эдийн засгийн дээд сургууль энэ хичээлийн жилээс эхлэн их сургуулийн статустай боллоо. Энэ талаар?

-Санхүү, эдийн засгийн дээд сургууль 92 жилийн өмнө гаалийн байцаагч бэлтгэх зорилгоор Гаалийн түр сургууль нэртэйгээр байгуулагдаж байлаа. Тухайн үеийн гаалийн байцаагч нар гадаадын хөрөнгө оруулалттай томоохон байгууллагуудаас татвар хураадаг байсан. Тэр цагаас хойш өргөжин тэлсээр одоо олон улсын магадлан итгэмжлэгдсэн их сургууль болж чадлаа. Энэхүү статусыг авахаар бид 20 жил хөдөлмөрлөсөн юм. Их сургууль болсноор бидэнд хөгжлийн түүчээ болох том үүрэг хариуцлага оногдож байна.

-Статус өөрчлөгдсөнөөр СЭЗИС-ийн төгсөгчид гадаадад мэргэжлийнхээ дагуу ажиллах боломж нэмэгдэх үү?

-Оюутнууд тодорхой дүнгийн шалгуур хангаад олон улсын магадлан итгэмжлэгдсэн ямар ч сургууль руу шилжин суралцаж болно. Гаднын ажил олгогчид чанарын баталгаа хангасан сургуулийн төгсөгчдийг ажилд авдаг. Бид Чанарын баталгаажуулалтын олон улсын зөвлөлөөс Санхүү, бизнесийн удирдлагын баталгаа авсныг илтгэх дардас төгсөгчдийн дипломд хавсаргадаг. Тэр бол олон улсад мэргэжлээрээ ажиллах эрхийн бичиг гэсэн үг юм.

-Ажлыг багаас нь хийж, эзэмшинэ гэж байна шүү дээ. Тэгэхээр төгссөнийхөө дараа бүхнийг эхнээс нь хийх шаардлагагүй болно гэсэн үг үү?

-Ер нь бол бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй хүн аль ч байгууллагад очоод дунд түвшний, гүйцэтгэх ажил хийдэг. Тэдний доор маш олон мэргэжилтэн ажилладаг. Тэгэхээр хэрэв доод албатуудынхаа ажлыг мэдэхгүй бол хэрхэн удирдах билээ дээ. Бас нэгэн сайн мэдээ бол мэргэшсэн хүмүүс дадлага, туршлагаа үнэлүүлээд бизнесийн удирдлагын бакалаврын аль ч курс руу элсэх боломжтой. Энэ жил Улсын Их Хурлаар боловсролын багц хуульд ийм боломж тусгаж өгсөн. Тухайлбал, ажил хийж, мэргэшлийн үнэмлэхтэй болсон бол түүнийгээ ашиглан хоёрдугаар курст суралцаж болно. Гэхдээ ажил олгогчдын дэмжлэг хэрэгтэй. Түүнчлэн ажлын бус цагаар, эсвэл цахим хэлбэрээр суралцахад нээлттэй.

САНАЛ БОЛГОХ