Халх голын амьд түүх

Ярилцлага

Дайнд оролцсон цэрэг эрсийн ялалтад зориулсан медалион ч бий

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн өдрүүдэд зүүн аймагт ажиллаж, Халх гол сумын иргэдтэй уулзалт хийсэн билээ. Энэ үеэр Халх гол сумын “Ялалт” музейн захирал Л. Мягмарсүрэнтэй халх голын дайн болон “Ялалт” музейд хадгалагдаж буй түүхийн үнэт үзмэрүүдийн тухай ярилцлаа.

-Танай музейд Халх голын дайны тухай олон сайхан үзмэрүүд байна. Музейн гол онцлог нь юу вэ?
-Монгол Улсад төрийн болон хувийн 56 музей үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс манай музей хоёр зүйлээрээ ялгардаг. Одоогоос 77 жилийн өмнө тэсрэх бөмбөг, исгэрэх суманд сийчигдсэн газрынх нь шарх аньж, эдгээгүй дайны талбар дээрээ байгуулагдсан музей. Хоёр дахь онцлог нь манай музей зөвхөн Халх голын дайны тухай өгүүлэх төрөлжсөн үзмэртэй.

-Газрынх нь шарх аниагүй гэж та онцолж хэллээ. Байлдаан эхэлсэн газрын үүх түүхээс нь бидэнд ярьж өгөхгүй юү?
-Халх голын дайны түүхэнд тав хоног тулалдаан өрнөсөн газар бол Баянцагааны нуруу. Мөн түүхэнд их гардаг далайн түвшнээс дээш 810 метрийн өндөрт өргөгдсөн Хамар даваа. Хянганы салбар уулсаас эх авч, Хятадын нутагт 12, Монголын нутагт 15 гээд нийт 27 гол нийлж, Буйр нууранд цутгаж, Буйр нуураас Баргын далай, Баргын далайгаас Эргүүний голоор дамжиж Номхон далайд цутгадаг энэ далайн ай сав хагалбар бол Халхын гол. Хятадын хилийн цагаан нуураас эх авч Халхын голд цутгадаг Хайлаастайн гол. Дайны түүхэнд Япон, Хятадын сурвалж бичигт Хулстайн гол гэдэг боловч манайх болон оросууд Хайлаастайн гол хэмээн нэрийддэг. Миний нэрлэсэн энэ бүх газарт Халх голын байлдаан болсон юм. Гол тулалдаан Эрмизовын болон Ногоон өндөрлөг, Бартаат манхан гээд ерөөсөө Хайлаастайн голын зүүн талд харагдаж буй элсэн манханд болсон. Энэ газарт япончууд үүрлэж, ухарч, давшиж, хорогдож өгдөггүй аюултай байдалд байсан. Тэр үед Монгол, Оросын баатарлаг эрс давшиж, үүрийг нь сөнөөсөн учиртай.

-Халх голын дайны ул мөр одоо хэр нь тухайн газар дээрээ байдаг гэсэн үү? -Халхын голын 1939 оны наймдугаар сарын дайнд оролцсон цэрэг эрсийн ялалтад зориулсан медалион манай музейд байдаг. Мөн БА-10 гээд Зөвлөлтийн даргын хуягт машины сэг зэм өнөөг хүртэл тухайн газар дээр хэвээр байгаа. Мөн бөмбөг дэлбэрсэн газрын ул мөр аяга өөдөө харуулсан мэт дугариг хэлбэртэй болж үлдсэн байх жишээтэй. Манай музейн хүндэтгэлийн хэсэгт Халх голын амьд түүх бидний сайн түнш Оросын болон Монголын тэр дайны үеийн төрийн сүлд бий. Тэр үед Орос 15 холбоотон улстай, алтан тариа халиуртал найгасан дүрслэл бүхий сүлдтэй байсан бол Монгол Улсын төрийн сүлд 1992 оноос өмнө таван хошуу малтай, морио унаад, уургаа барьсан монгол эр хүн дөрөөн дээрээ өндийгөөд, наран мандах зүг рүү хатирч буй дүрслэл бүхий сүлд байдаг. Манай музейн үзмэрүүдийн хамгийн үнэтэй бүтээлүүдийн нэг бол жаазалсан худан монгол бичээс. Харахад бүдэгхэн бичигтэй бичээс боловч түүхийн чухал баримт. Тодруулбал, 1936 оны гуравдугаар сарын 12-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос улс БНМАУ-ын хооронд байгуулсан харилцан туслалцах гэрээ юм. Энэ гэрээнд гарын үсэг зурснаар Зөвлөлтийн улаан армийн цэрэг Монголд орж ирэх нөхцөл бүрдсэн. Энэ бол түүхэн баримт бичиг гэдэг утгаараа үнэ цэнэтэйд тооцогддог.

Манж Го улстай хиллэж байсныг гэрчлэх өв болох хилийн шугам музейд бий
-Зөвлөлтийн цэрэг манай улсад ирсэн түүхийн баримт бичиг нандин үзмэр юм байна. Ер нь дайны хор хохирол эдийн засагт хэрхэн нөлөөлж байсан юм бол? -Гэрээг хэрэгжүүлэх зорилгоор Зөвлөлтийн улаан армийн 86 машинтай 1700 орчим цэрэг, гурван танктайгаар манай улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний сайхан амьдралыг бий болгох гэж тугаа намируулаад, буугаа ачаад, дуугаа дуулаад 1937 онд Монголд ирсэн. Дайн эхлэхээс дөрвөн жилийн өмнө Монгол Улс нийт төсвийнхөө орлогын гуравны нэгийг цэрэг армидаа зориулж байсан бол дайны өмнөх жилд тал хувийг нь зарж байсан гэдэг. Тэгэхээр дайн гэдэг ямар хэмжээний хор хохирол учруулдаг, эдийн засгийг хэрхэн доройтуулдгийг харж болох нь.

-Залуус дайн байлдааны үнэн түүхийг газар дээр нь ирээд нүдээр үзээд тайлбарлуулах боломжгүй шүү дээ. Өөр сонин содон түүхээс хуваалцахгүй юу? -Монгол Улс 1933-1945 он хүртэл Манж Го улстай хил залгаа байсан. Би хоёр, гурван их, дээд сургууль төгссөн, түүхийн талаар сайн мэдэх цөөн хүний тоонд багтана гэж боддог. Гэтэл миний үзэж байсан сурах бичигт 1921 оны Ардын хувьсгалаас хойш Орос, Хятадтай гүзээнд наалдсан дэлүү шиг мөнхийн энэ хоёр улстай хиллэж байсан шиг ойлголттой байсан. Манж Го улс өнөөдөр дэлхийн тавцанд байхгүй. Газар нутаг, хэл соёл гэж үгүй болсон. Тэгвэл бүтэн 13 жил Манж Го улстай хиллэж байсныг гэрчлэх соёлын биет бус өв болох хилийн шугам манай музейд байна.

-Халх голын дайныг дэлхийн хоёрдугаар дайны эхлэл гэж ярьдаг шүү дээ?
-Халх голын дайн дэлхийн олон улс гүрний, олон сая иргэний хувь заяаг маш эергээр шийдвэрлэсэн. Хэрэв япончууд умардыг чиглэж, германчууд баруун талаас довтолсон бол Орос орон юу ч болох байсан юм билээ. Халх голд япончуудын сарьсан хоншоорыг тас цохисны хүчинд япончууд хуурай замын цэргээр амжилт олохгүйгээ мэдэж, тэнгисийн цэргээр Америкийн сувдан эрэгт тулж, 2000 онгоцыг зогсоол дээр нь дэлбэлсэн аймшигт зүйл болсон. Өөрөөр хэлбэл, хойш чиглэсэн дайныг урагшаа чиглэлтэй болгосон юм шүү дээ. Япончууд эх газар өөд гарах гэж 1928 онд Солонгосыг эзэлж авсан. Улмаар 1931-1933 онд төмөр замын дэлбэрэлт зохион байгуулж зүүн хойд Хятадын Хар мөрөн мужийг эзэлж, бидний 1911 онд хөөж явуулсан Манж Го улс ахин сэргэсэн. 1937- 1939 онд зүүн өмнөд Хятадыг эзэлснээр Монголд дайны аюул заналхийлэл бий болох нь тодорхой болсон. Ингэж л дайн эхэлж, дэлхийн хоёрдугаар дайнаар үргэлжилсэн түүхтэй.

-Агаараас хийсэн цохилт амжилттай болсны хүчээр бид дайнд ялсан гэдэг биз дээ?
-Япончууд манай баазыг устгахаар зэхэж байхад БНМАУ- ын баатар Ч.Шагдарсүрэн, н.Зоригтбаатар нар агаараас дайсны талын гурван онгоцыг амжилттай бөмбөгдөж, нэг онгоц нь 32, нөгөө нь 28 шархтай бууж байсан. Гэтэл энэ хоёр хүнийг хувьсгалын эсэргүү гээд 1937 онд цаазалсан. Сүүлд тэдэнд баатар цолыг нь нөхөн олгосон. Буйр нуурын баруун талд Булан дэрс гэдэг газрыг та нар олон удаа сонссон байх. Хэнтий аймгийн харьяат Монгол Улсын анхны баатар Ш.Гонгор гуравдугаар дивизийн 17 дугаар морьт хорооны сумангийн дарга хүн байсан. Булан дэрс гэдэг газар хил хамгаалах гэж нэмэгдэл хүчээр ирээд 1937 оны нэгдүгээр сарын 17-ны тэсгим хүйтэнд үүр цайх үеэр 13 морьтон хил даваад ороод ирсэн. Яагаад тэр вэ гэвэл урьд орой нь Монголын гурван харуул байгаа гэдгийг мэдээд ирсэн нь тэр. Амьдаар нь барьж авах, чадахгүй бол устгах үүрэгтэй. Ингээд орж ирэхэд нь Гонгор гуай нэг цэргээ застав өөд холбоо бариулахаар явуулсан. Үлдсэн нэг цэрэгтээ “Буун дуунаас үргэх учир хоёр морио бариарай. Алдаж болохгүй шүү. Алдвал 13 хүнд хоолойгоо огтлуулна” гэсэн тушаал өгсөн. Гонгор самбаачилж, цасан овоолго гурвыг хийгээд ямаан дахаа цасан дээр нөмөргөөд, хажуу талд нь өөрөө гарсан байна. Тэгтэл өнөөх 13 хүн мориноосоо буугаад гурван дах руу галлаж эхэлсэн. Энэ үед Гонгор хамгийн арын хүнээс эхэлж буудсан. Ингэж буудсаар 12-ыг нь устгаж, нэгийг нь шархдуулсан ч зугтаасан. Энэ бол өвөг дээдсийн маань ямар мундаг ухаан, хатуужил, эр зоригтой байсныг харуулж байна.

-Халх голын дайнд хэчнээн хүн орсон юм бэ. Тийм тоо баримт бий юү?
-Халх голын болон 1945 оны чөлөөлөх дайнд хэчнээн хүн орсон талаарх нэр ус, тоо баримт байхгүй. Уг нь манай музейд ярайтал дурайж байх ёстой. Ахмад үеийнхний нэр замхарч, мөр нь баларч байгаа үед алдар гавьяаг нь мөнхлөх ажил хийх ёстой. Баянцагааны тулалдааны 1939 оны долдугаар сарын 2-3-нд шилжих шөнө япончууд Халх голын зүүн талаар манайх руу довтолж, анхаарлыг нь татаж байгаад голын баруун талаар гүүр тавьсан байгаа юм. Ингээд гол даваад 10-аад км давшсан. Яг энэ үед япончууд 38, манайх 12 мянган хүнтэй байсан бол бид 266 хуягтай, Японых зургаа, манайх 186, тэд 86 танктай байсан. Тиймээс танкийн 11 дүгээр баригад Өндөрхаанаас Тамсагт, Тамсагаас Халх гол руу ирэхдээ марш дундаас хүч задлах тактик баримталж, явган цэргийг хүлээлгүй тулалдаж эхэлсэн. Угтаа танк галаар дэмжиж, явган цэргийн давших нөхцөлийг хангах ёстой. Олон танк, хуягт машинаар хүч түрэн тулалдахад Халх голд тавьсан гүүрээ япончууд өөрсдөө дэлбэлсэн. Ингээд тэд сум, галт зэвсэгтэйгээ Халх голд орж, үйж үхсэн юм гэнэ лээ. Намайг залуу байх үед хэд хэдэн ахмад дайчин энэ талаар ярьж байсныг нь сонссон учраас ийн зарим зүйлийг ийн мэдэмхийрэн ярьж байгаа юм. Тэд “Манай Халх гол 1939 оны долдугаар сард улаан хоормог болж урсаж байсан юм” гэж хэлсэн.

» БА-10 гээд Зөвлөлтийн даргын хуягт машины сэг зэм өнөөг хүртэл тухайн газарт хэвээр байгаа.
» 1936 оны гуравдугаар сарын 12-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос улс БНМАУ-ын хооронд байгуулсан харилцан туслалцах гэрээ юм. Энэ гэрээнд гарын үсэг зурснаар Зөвлөлтийн улаан армийн цэрэг Монголд орж ирэх нөхцөл бүрдсэн.
» Халх голын болон 1945 оны чөлөөлөх дайнд хэчнээн хүн орсон талаарх нэр ус, тоо баримт байхгүй.
-Музейд дайны үеийн цэргүүдийн эдэлж хэрэглэж байсан хувцас, сав суулга их байх юм аа?
-Тийм шүү. Манай музейн бас нэг үнэтэй үзмэрүүдийн нэг бол Түдэв хэмээх Монгол нисгэгчийн хонины арьсан маск. Тэр үеийн оросуудын онгоц кабины битүүмжлэл багатай онгорхой, салхи ордог учир нүүрээ хамгаалахын тулд арьсан баг өмсөөд тулалдаж байсан байх нь. Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд хамгийн бага газар нутагт хамгийн богино хугацаанд, хамгийн олон онгоц оролцсон тулалдаан Халх голд болсон гэдэг.

-Та нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа орос нисгэгчийн Монголын талаарх сэтгэгдлийг дурдсан байсан. Тэр тухайгаа дурсахгүй юу?
-Сталин Мадрид, Бээжинд байрлаж байсан Зөвлөлтийн шилдэг 28 нисгэгчээ Москвад дуудсан гэдэг. Тэд Москвад ирээд Сталинтай уулзах гээд зогсож байхад шинээлийнх нь хормой чичирч байсан. Ингээд ирэхэд Сталин үүр хаяарахыг ширтэж, тамхи татан зогсохдоо “Ах дүү болсон Монголын тэнгэрт Японы самурай нар оодорч байна” гээд шилдэг нисгэгчдээ явуулсан. Тэд Москвагаас Читад бууж, Дорнодод буун Халх гол руу ниссэн байна. Зөвлөлтийн нэгэн нисгэгч дурдатгал бичихдээ “Ширээ шиг тэгшхэн шаргал тал дээгүүр нислээ. Хүний урманд нэг байшин, ганц ширхэг мод, гол, ус, хүн мал, машин техник юу ч харагдсангүй” гэжээ. Тэднийг ирэхэд монгол гэр барьж хүлээн авсан аж. “Түүний дээрээс хонь, үхрийн ноосоор хучсан байна. Тэр нь салхины аясаар хөдлөх агаад хэзээд нурж унахад бэлэн. Айдас төрүүлж хонолоо. Тэр шөнө сар дэнлүү мэт харагдана. Өглөө сэрээд харахад нар хажууханд мандаж, бариад авмаар санагдсан нь нэн сонин байлаа” гэж номын хуудаснаа дурсан бичсэн байдаг.

-Хэрэв цэргүүд олзлогдвол ямар арга хэмжээ авдаг байсан бол?
-Гурван онгоц нийлж нэг салаа болдог. Гэтэл тухайн салааны даргын онгоцыг япончууд буудчихсан аж. Нисгэгч шүхрээр Японы тал дээр хээрийн буулт хийсэн байх нь. Тэгтэл үлдсэн хоёр онгоцны нэг нисгэгч даргыгаа япончуудад олзлуулахгүйн тулд хээрийн буулт хийж, даргыгаа татаж аваад ниссэн гэнэ лээ. Энэ бол хүн чанар, эр зориг юм. Мөн зөвлөлтийн баатар нисгэгч дайсны онгоцтой халз тулж, шууд л өөрийнхөө онгоцоор дайсны талыг мөргөсөн байгаа юм. Үхэх, үгүй нь хамаагүй, тухайн онгоцыг л сөнөөх ёстой гэсэн бодолтой байж. Энэ мэтчилэн маш олон жишээг дурдаж болохоор байна.

-Халх гол сумынхаа талаар танилцуулахгүй юу?
-Манай сум 2.809.000 га нутаг дэвсгэртэй. 3000 хүнтэй. Нэг иргэнд 914 мянган га нутаг дэвсгэр ногдож байгаа хамгийн том газар нутагтай сум. Та бүхэн нүд алдам Мэнэнгийн уудам талаар дайрч ирсэн. Төв газрын хуурай хээрийн хялганат талын дэлхийд онгоноороо цуутай тал Халх гол сум хүртэл үргэлжилдэг. Өмнөд хэсэгт Их мянганы салбар уулсын Монгол руу түрж ирсэн хангай хэсэг бий. Зүүн талаараа элсэн манхантай. Өөрөөр хэлбэл, говь, хангай хосолсон өвөрмөц газар юм шүү дээ.
САНАЛ БОЛГОХ