Савалгаанд бэлэн байхыг санууллаа

Дэлхийн хандлага

Зэс, төмрийн хүдрийн үнийн өсөлтөд Трампын төлөвлөгөө нөлөөлжээ

Дэлхий хэвийн хэмнэлдээ шилжиж байна. Манай гарагийн хамгийн нөлөө бүхий хэвлэл мэдээллүүд ийн бичиж байна. Санаанд оромгүй сонирхолтой долоо хоногийг үдсэн дэлхий шокноосоо гарч, бодит байдалтай нүүр тулж байгаа ажээ. Ингэхэд бид ямар долоо хоногийг үдчихэв. Санал хураалтын санаанд оромгүй дүн, санхүүгийн зах зээлийн савалгаа, догдлол бас гайхширал…

Трампын ялалт дэлхийн дийлэнхэд “жигтэй” мэдээ байсан нь үнэн. Гэхдээ үүнээс дутахгүй нэгэн үйл явдал санхүүгийн зах зээлд тохиов. Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногт огцом чангарчээ. Голлох арван валюттай харьцах Bloomberg-ийн ам.долларын индекс энэ хугацаанд нийт 2.8 хувиар дээшилсэн. Энэ нь 2011 оноос хойших долоо хоногийн хамгийн өндөр өсөлт болов. Ийм хөдөлгөөн хөрөнгийн зах зээлийг тойрсонгүй. АНУ-ын хөрөнгийн зах зээлийн жишиг индекс “Dow Jones industrial average” их хэмжээгээр дээшилсэн байна. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт сүүлийн таван жилийн хамгийн өндөр өсөлт үзүүлжээ.

Эдгээр индекс уруудаж, сүүлийн хэдэн жилийн хамгийн муу гүйцэтгэлээ үзүүлэх ёстой, шинжээчдийн таамаг ёсоор. АНУ-ын сонгуулиас өмнө шинжээчид болоод эдийн засагчид олон таамаг дэвшүүлсэн. Энэ дагуу Савалгаанд бэлэн байхыг санууллаа Зэс, төмрийн хүдрийн үнийн өсөлтөд Трампын төлөвлөгөө нөлөөлжээ Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялбал эрх чөлөөний орны мөнгөн тэмдэгт болон хувьцааны ханш уруудна хэмээн таамагласан юм. Зөвхөн Америк ч биш, дэлхийн санхүүгийн зах зээл доройтно хэмээн анхааруулж байлаа.

Гэтэл сонгуулийн дүн шиг, санхүүгийн зах зээлд ч санаанд оромгүй зүйл болов. Уруудна хэмээн зөгнөж байсан үзүүлэлтүүд гэрлийн хурдаар өсөөд эхэллээ. Шинжээчдийн таамаг будилав. АНУ-ын үнэт цаасны ихэнх нь чангарсан. Сонирхолтой нь, үйлдвэрлэлийн салбарын хувьцаанууд гойд дээшилсэн байх юм.

“Caterpillar”, “Apple”, “Chevron”, “Coca-Cola”, “ExxonMobil”, “Walt Disney” зэрэг үйлдвэрлэлийн салбарын компаниуд голлодог “Dow Jones Industrial Average” индекс өнгөрсөн долоо хоногт цойлсон. Тус индекст багтдаг 30 компанийн нэг “Walt Disney” компанийн хувьцааны ханш баасан гарагт гурван хувиар дээшилжээ. Бас барилга, уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Caterpillar”- ийн үнэт цаасны ханш Ерөнхийлөгчийн сонгуулийн удаах өдөр 7.7 хувиар өссөн байна.

Трамп ялбал сүйрнэ хэмээн үзэж байсан зах зээл сэргэсний шалтгаан юу вэ. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар үүнд цөөн хэдэн зүйл нөлөөлсөн аж. Нэгдүгээрт, Дональд Трамп мөрийн хөтөлбөртөө дэд бүтэц, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээ амалсан. Тоон дүнгээр 500 тэрбум ам.доллар зарцуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.

Санхүүгийн зах зээлд ч санаанд оромгүй зүйл тохиов

Үүнээс үүдэн бүтээн байгуулалтын компаниудын хувцааны ханш өсчээ. Өсөөд зогсохгүй үйлдвэрлэлийн металлын ханшийг дэмжив. Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийн нэг болох зэсийн ханш 5500 ам.долларыг давлаа. Хэдхэн хоногийн өмнө энэ металлын үнэ 4900 ам.долларт дэнжигнэж байсан юм. Тэгвэл долоо хүрэхгүй хоногийн дотор шаргал металл “гялалзаж”, 10 давсан хувиар өсчихөөд байна. Шанхайд тус металлын ханш бараг 20 хувиар чангарсан гэх мэдээлэл бий. Одоогийн үнэ Монгол Улсын ирэх оны төсөвт суулгасан ханшийн төсөөллөөс даруй 20 хувиар өндөр үзүүлэлт гэдгийг сануулъя. Манай төсвийн дийлэнх хувийг бүрдүүлэгч зэсийн ханш 16 сарын дээд цэгт хүрсэн таатай мэдээ байна. Мөн үйлдвэрлэлд өргөн ашигладаг төмрийн хүдрийн үнэ дээшилсэн. “Dalian” түүхий эдийн биржид төмрийн хүдрийн ханш хоёр жилийн дээд цэгт тулжээ. “Goldman Sachs”- ийн тайлбарлаж буйгаар зэс, төмрийн хүдрийн энэ өсөлтөд Трампын төлөвлөгөө нөлөөлсөн байна.

Тэрчлэн сонгуульд ялалт байгуулсан энэ эрхэм зөвхөн бүтээн байгуулалтыг онцлоогүй. Зэрэгцээд үндэсний үйлдвэрлэлээ мартаагүй. Импортын татварыг өсгөж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээ мэдэгдсэн. Ялангуяа, Хятад, Япон зэрэг орноос АНУ- ыг чиглэх бараа, бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулна. Тухайлбал, урд хөршийн бараа бүтээгдэхүүнд 45 хувийн татвар ногдуулахаар тусгажээ.

Трамп ялалт байгуулбал ханш нь чангарна гэж таамаглаж байсан алтны ханш суларч буй нь бас нэгэн төөрөгдсөн таамаг байсныг харуулж байна. Шар металлын ханш таван сарын доод цэгт тулсан. Дэлхийн зах зээлд унци алтны үнэ 1300 ам.доллараас доош орж, шургалаа. Энэ нь сүүлийн гурван жилийн түүхэн дэх хамгийн огцом уналт ажээ.

Гэхдээ Трампаас гадна АНУ- ын Холбооны нөөцийн банкны бодлогын шийдвэр зах зээлд нөлөөлж байна. Америкийн төв банкны бодлогын зөвлөлийн хурал ирэх сарын 13-14-нд болох товтой. Энэ үеэр бодлогын хүүг өсгөх магадлал өндөрсөөд байгаа нь алтны ханшид дарамт болж байгаа.

Шинэ Ерөнхийлөгч, мөнгөний бодлого гээд АНУ-аас ирэх чимээ тасрахгүй нь. Үүнээс үүдэн зах зээл хэрхэн хөдлөхийг таашгүй. Гагцхүү савалгаанд бэлэн байхыг шинжээчид санууллаа.

САНАЛ БОЛГОХ