“Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Мэдээ

Монгол Улсын Засгийн газраас "Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов. Шинжлэх ухааны байгууллагууд, Засгийн газрын холбогдох гурван яам, Монголбанк хамтран "Алт 2" хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. 2020 онд "Алт" хөтөлбөр хэрэгжиж дуусахад Монгол Улс 100-150 тонн алтны нөөцтэй байна гэж тусгажээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах юм байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой болох ажээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.

Өмнө 1992-2000 онд “Алт" хөтөлбөр болон “Алт-2000" хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан юм.




САНАЛ БОЛГОХ