Эрдэс баялгийн бирж замын дундаасаа бүдгэрлээ

Нийтлэл

Хямд үнэ ноёлох худалдаанд Монгол Улс ялагдаж байна

Өмнөх Засгийн газрын үед эрчээ аваад байсан Эрдэс баялгийн бирж байгуулах санаачилга бүдгэрлээ. Нэгдсэн зохион байгуулалтгүй одоогийн эрдэс түүхий эдийн худалдааг цэгцлэх ажил зогсонги байдалд ийнхүү оров. Нэг цонхны бодлогоор бирж байгуулах төлөвлөгөө Засгийн газрын 211 дүгээр тогтоолоос цааш хэтэрсэнгүй. Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэлэлцэн баталсан. Гэвч хуулийн төсөл УИХ-ын босго давж чадалгүй өдийг хүрэв.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд металлын бирж байгуулахаар болсон санаачилга аль эртнийх. Тодруулбал, УИХ-ын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан салбарын хөгжлийг тодорхойлсон дээрх баримт бичигт байраа эзэлсэн бирж гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг тухайн үед байгуулж, үүнд Санхүүгийн зохицуулах хороо, хуучнаар Уул уурхайн яамны төлөөлөл орсон билээ. Гэвч засаг солигдож, энэ Ажлын хэсэг задарсан. Тиймээс шинээр байгуулах шаардлагатай болж байна.

Биржийг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгөөр дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдийн түншлэлд тулгуурлан байгуулахаар Н.Алтанхуягийн Засгийн газар 211 дүгээр тогтоолоор баталгаажуулсан. Тэр үед Уул уурхайн сайдаар Д.Ганхуяг ажиллаж байсныг эргэн сануулъя. Монгол Улс эрдэс баялгийн нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог. Энэ нь дээрх биржийн үнэ цэнийг илүү тодотгох үзүүлэлт. Манай улсад одоогийн байдлаар 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1470 орд, 8240 гаруй илэрц бүртгэгдээд байгаа. Эдгээр нөөцөө зөв зохистойгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, өгөөжийг нь үр хүүхэд, хойч үедээ ижил тэгш хүртээхэд Эрдэс баялгийн бирж өдгөө хамгаас чухал нь болчихоод байна.

Биржийн санаачилга салбарын гурав дахь сайдтайгаа золгосон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид өмнөх Засгийн газраас үлдсэн бирж байгуулах ажлын автор нь болж үлдэх боломж байна. Түлхүүр гардуулах нөхцөлөөр металлын бирж байгуулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зарлах ёстой. Ингэснээр экспортын 90 гаруй хувийг дангаар бүрдүүлж буй уул уурхайн түүхий эдээ илүү өндөр үнэд хүргэх боломж руу ойртох юм.

Одоогийн нөхцөлөөр уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулахад зах зээлийн шударга өрсөлдөөний зарчим үйлчлэхгүй байгаа. Энэ байдлаас болж бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээлийн үнээс доогуур тогтох болсон нь нууц биш. Хямд үнэ ноёлох худалдаанд Монгол Улс ялагдаж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт бирж байгуулах талаар маш тодорхой тусгачихсан. Үүнийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар хөрсөн дээр буулгах л үлдэж байна.

Монголын хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн биржтэй эн зэрэгцэх дээрх Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх ажил удааширч явсаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ирлээ. Биржийн үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг урьдчилсан байдлаар боловсруулсан гэж өмнөх Засгийн газрын үед мэдэгдэж байв. Хууль, эрх зүйн орчныг эс тооцвол бирж үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэл ажил жигдэрчихсэн байх учиртай.

Түүхий эдийн нөөц багатай Зүүн Европын далайд гарцгүй орнуудын нэг нь Беларусь. Манай улстай харьцуулахад байгалийн баялаг нь чамлахаар ядмаг. Хэдий ийм боловч тус улс бидний зориод байгаа Эрдэс баялгийн биржийг байгуулчихсан, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн явна. Арилжааны жилийн үзүүлэлт нь хоёр тэрбум ам.долларыг хэдийнэ давжээ. Ойрын жишээ гэвэл хажуу хөршид байна. БНХАУ-ын Шанхай болон Тяньжиний бирж олон улсад жишиг болохуйц түвшинд ажиллаж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг идэвхжүүлэх боломжит арга хэрэгслүүдийн нэг нь бирж гэж тодорхойлдог.

Манай эрдэс баялгийн бүтээг бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцүүлэх эрэлт, хэрэгцээ их байгаа. Тэрчлэн шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулна гэж хуулийн төсөлд дурдсан. Гэвч зах зээлийн жишгээр бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгох бирж хүлээлт үүсгэсэн хэвээр.

Бирж байгуулах төлөвлөгөө Засгийн газрын 211 дүгээр тогтоолоос цааш хэтэрсэнгүй

Биржийн нийт арилжааны 80 орчим хувийг санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжааны дүн эзлэх бөгөөд үлдсэн хувьд нь эрдэс түүхий эдийн биет худалдаа давамгайлахаар байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт эерэг оноо авчрах биржийн тогтолцоо зах зээлд бодитой ханш тогтооно гэж зарим судлаач үзэж байна. Бирж байгуулснаар гарах макро түвшинд үүсэх давуу тал нь бэлэн бус төлбөр тооцоо нэмэгдэж, далд эдийн засгийн хэмжээ багасах, мөнгөний эргэлт сайжрах юм. Түүнээс гадна татварын хяналт дээшилж, стандартын, банкны салбарын, даатгалын болон агуулах, тээврийн үйлчилгээ орон нутагт өргөжих боломж үүснэ. Энэ болгон нь ажлын байр бий болгож, дотоодын эдийн засагт баялаг бүтээх ач холбогдолтойг энд тодотгоё. Тооцоо, судалгаа нь тодорхой болчихсон уг биржийг байгуулах талаар одоогийн салбарын сайд дорвитой анхаарахгүй байгаа нь харамсалтай.
САНАЛ БОЛГОХ