Хэвлэх үйлдвэрүүд 2-3 дахин их ачаалалтай ажиллаж байна

СОНГОЛТ

УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгааны материалаа тарааж байгаа учраас хэвлэх үйлдвэрүүд ердийн үеийнхээсээ 2-3 дахин ачаалалтай ажиллаж байна. Давхардсан тоогоор 200 орчим сонин сар тутамд хэвлэж гаргадаг “Чөлөөт хэвлэл сан” хэвлэх үйлдвэрт ердийнхөөс гурав дахин их сонин хэвлэж гаргаж байгаагийн дийлэнх нь нэр дэвшигчдийн сурталчилгааны сонин байгаа ажээ. Тухайлбал тавдугаар сард тус үйлдвэрт 1.1 сая даралт хуудас буюу А2-ийн дөрвөн нүүр хэвлэн гаргаж байсан бол зургадугаар сард энэ нь гурван сая даралт хуудас болон нэмэгджээ. Харин “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрт хэвлэлтийн хэмжээ ердийн үеийнхээс 50-60 хувиар өссөн талаар тус үйлдвэрээс мэдээллээ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчид гурван хэвлэлийн хуудас сонин, гурван хэвлэлийн хуудас сэтгүүл, хоёр хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас, хоёр хэвлэлийн хуудас намтар, гурван хэвлэлийн хуудас хийсэн ажлын тайлангаа гаргах ёстой аж. "Сэлэнгэ пресс" хэвлэх үйлдвэрийн хувьд зөвхөн сурталчилгааны сонин төдийгүй бусад хэвлэмэл бүтээгдэхүүнийг гаргаж байна. Өдөрт дунджаар 30 мянган хэвлэлийн хуудас гаргадаг бол өнгөрсөн долоо хоногт 24 цагийн турш хоёр сая хэвлэлийн хуудас гаргажээ. Энэ сард энгийн үеийнхээс ачаалал нь гурав дахин нэмэгдсэн гэж тус үйлдвэрээс мэдээллээ. Монгол Улсын хэмжээнд 250 гаруй аж ахуйн нэгж хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэдгээрийн 80 орчим хувь нь офсет хэвлэл, үлдсэн нь бусад технологи дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг байна. Хэвлэлийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээ зөвхөн 2010-2014 онд 80-120 тэрбум төгрөг болсон талаар Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ.



САНАЛ БОЛГОХ