Коммунист намын угшилтай учраас шинэчлэгдэж эс чадна

Судлаачийн үг


МАН-ын Бага хурал, Их хуралд хүргэх түүхэн cypгaмж

2017 он Монгол ардын намын (МАН) хувьд түүхэн тэмдэглэлт, мартагдашгүй, ер бусын жил болж байна. Бүр стандарт бус жил. Их ялалт их ялагдал дагуулдаг гэдгийг 2016, 2017 онд дараалаад ясанд нь тултал ойлгуулчихлаа, энэ намд. Шинэчлэх тухай дахиад л яриад эхэллээ. БНМАУ-ын өөрчлөн байгуулалтын үеэс энэ намд шинэчлэл гэдэг үг дагалдаастай 30 жилийн нүүр үзлээ. Үргэлж яриад байсан юм бол тэрхүү шинэчлэл нь огт хэрэгжээгүй юм байна л гэсэн үг. Яасан ч барагддаггүй шинэчлэл вэ? Яагаад хэрэгжиж болдоггүй юм бол? Үүнд ганцхан л тайлбар байна. Тэр тухай дор хөндлөө.

“МАН хэзээ ч коммунист нам байгаагүй, одоо бол Социнтернийн бүрэн эрхт гишүүн”, “Ардын хувьсгалт” байснаа дэлхийд данстай “Ардчилсан социалист” нам болж хувирсан гэхчлэн МАН-ын үе үеийн удирдлага цөхрөлтгүй ухуулах мөртлөө хэрэг болмогц, ялангуяа ахмад хижээл насны сонгогчдын санал дэмжлэгийг авах зорилгоор өмнөх коммунист түүхээ өөртөө авч наадаг нэгэн популист арга бачтайг бид мэднэ.

Коммунист түүхээ гээгээгүй, коммунист үзэл суртал, сахилгын арга барил, босоо тогтолцооноосоо огт салаагүй өнөөгийн МАН-ыг коммунист байгаагүй, коммунист биш гэж зөвтгөх нь нэн увайгүй, хүн чанаргүй хэрэг болохсон. Энэ тухай 1969 оны нэгэн баримт сөхөж, түүхэн үнэнийг сануулах гэсэн юм. “Коммунист ажилчны намуудын олон улсын Москвагийн зөвлөлгөөн дээр МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын хэлсэн үг” хэмээх 16 хуудастай нэгэн товхимол 15 мянган хувиар хэвлэгджээ. Ю.Цэдэнбал энэ алдарт үгээ 1969 оны зургадугаар сарын 13-нд хэлсэн байх бөгөөд МАХН-ын Төв хороо ба “Монголын коммунистууд”- ын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж эхэлсэн тэр үг Лениний мөнхийн сургааль, коммунизмын төлөө тэмцэлд үнэнчээ тунхаглан өндөрлөжээ.

Түүх рүүгээ эргэж нулимах нь хаашаа юм, гэвч тэр үеийн империализм гэгчийг яллан гутааж, доромжлох нь энэ зөвлөлгөөний гол зорилго байсныг түүхээс баллуурдах аргагүй. Тиймдээ ч Ю.Цэдэнбал “империализмын эсрэг”, “империалистууд”, “империализмыг эсэргүүцэх”, “империалист харгислал” гэх хараалын үгийг 44 удаа давтаж, зарим өгүүлбэрт гурван ч удаа хэлсэн байх жишээтэй. Үүний сацуу өмнөд хөршөө “харгис маоизм”, “маоистууд”, “Маогийн бүлгийнхэн” гэхчлэн 35 удаа нэр зааж, бүтэн таван хуудас харааж зүхсэн байх юм. Тухайн цагтаа ингэж хараах нь зөв байсан ч өнөөгийн МАН, МАХН хоёр ардчиллын 27 жилд энэ түүхээ эргэж буруутгаагүй учраас “коммунист биш” гэдгээ эрх зүйн үүднээс нотлоогүй яваа гэсэн үг юм.

Дэлхийн коммунист хөдөлгөөний энэ чуулга уулзалт нь империализмыг эсэргүүцэн тэмцэх, эв нэгдлээ бэхжүүлэхэд дэлхийн коммунистуудын идэвхтэй хамтын ажиллагааны шинэ үе шат болно гэж бат итгэснээ Ю.Цэдэнбал илэрхийлээд, империализмын мөхөл ойртон, шалдаа буусныг олон баримтаар ярьсан байх юм. Ялангуяа “Америкийн империализм” гэдэг хаягаар АНУ-ыг муу муухай бүхний уурхай болгон харааснаа эргэж хүчингүй болгоогүй хэрнээ эдүгээ Монгол-АНУ-ын стратегийн нягт түншлэлийн тухай ярих нь түүхэн логикийн хувьд өөрөө өөртэйгөө зөрчилдсөн, өөрийгөө шууд үгүйсгэсэн хэрэг болох бус уу?


Ю.Цэдэнбалын хэлснээс ганц нэгийг эш татъя:
-Империалист харгислал нь хувьсгалт хүчинд түрэгдэн шахагдахдаа арга буюу заль мэх хэрэглэн, ард түмэнд ад болсон дарлал мөлжлөгийн системийг хэвээр байлган бэхжүүлж…”, “империалистууд, юуны өмнө Америкийн империалистууд дэлхий дахины хувьсгалт үйл явцыг зогсоохын тулд…”, “империализм нь өдөөн хатгалга, хувьсгалын эсэргүү хуйвалдаан, харгис эргэлт, зэвсэгт довтолгоон зэрэг элдвийн арга хэрэглэн…”, “империализм нь дэлхийн системийн хувьд хүч нь нэмэгдээгүй ч гэсэн сүрхий аюултай дайсан хэвээр байна”, “империалист харгис гүрэн-АНУ- ын түрэмгий араншин ширүүслээ”, “империализмын хүч дампуурч, сөнөх тавилантайн хамгийн тод гэрч бол Вьетнам дахь дайнд АНУ-ын түрэмгий төлөвлөгөө балран унасан явдал мөн” гэхчлэн жагсаавал миний нэг нийтлэл гүйцэхгүй.

Ю.Цэдэнбал тэргүүтэй тэр үеийн МАХН, түүний авангард Төв хороо хожим эх орон нь хараал идсэн нөгөөх империалистуудаараа тэжээлгэн тэтгүүлнэ чинээ огтоос төсөөлөөгүй. Гэвч МАХН-ын тэрхүү коммунист түүхийг МАН нь бүрэн эцэслэж, түүхэн дүгнэлт өгөх ёстой байсан юм. Үүнийг өнгөрсөн 27 жилд хийчихэж болох байсан ч залгамжлагч одоогийн МАН, түүнтэй өв булаацалддаг МАХН нь сонгогчдоо алдчихна гээд зориглоогүй. МАН нь МАХН гэсэн түүхэн коммунист нэр хаягаараа барууны донор хандивлагч гэгчидтэй хүзүү толгой холбон, империалист гэж хараасан барууны социалист, социал-демократ намуудтай нэг тугны иш барилцан явсан ба одоо ч тийм байгаа нь түүхэн логикийн хувьд мөн л өөр лүүгээ нулимсан хэрэг билээ.

Өнөөгийн хэмжүүрээр Ю.Цэдэнбал ба түүний хэлсэн үгийг буруутгах гээгүй, зөвхөн коммунист байсныг нь сануулж байгаа хэрэг. Эдүгээ “Ардын хувьсгал”, “Социализмын байгуулалт”, “Ард түмнээ бичиг үсэгт тайлсан”, “Ардчиллыг эхлүүлсэн”, “Зах зээлийн шилжилтийн үеийг даван туулсан”, “Социалист интернационал” гэх зэрэг өөр хоорондоо авцалдаагүй түүхэн үзэгдлүүд нэг хаягтай, нэг өмчлөгчтэй явааг ялгаж салгаасай гэсэндээ 1969 оны ганцхан баримтыг сөхөж байна.

Ю.Цэдэнбалын хэлсэн тэрхүү үгэнд буй “Империализмын эсрэг тэмцлийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг, капиталист орнууд дахь монополийн ноёрхлын үндэс тулгуурыг хэврэгшүүлэн сулруулж байгаа хамгийн идэвхтэй хүч нь ажилчны хөдөлгөөн юм” гэсэн мөрүүд нь Социнтерн дэх социалист, социал-демократ намуудыг хэлээгүй, харин тэдний эсрэг тэмцэгчдийг хэлсэн хэрэг байв. “Империализмын эсрэг ангийн тэмцлийн шинэ их боломж бий болов” хэмээн Ю.Цэдэнбалын үнэлсэн тэр хөдөлгөөн эдүгээ ор мөргүй алга болсон. Харин яагаад тэгэв гэдэг онолын дүгнэлтийг ард түмэн 27 жил энэхүү намаас хүлээлээ. “Оппортунизм” гэдэг хаягаар 1980-аад оныг дуустал Социнтерн дэх социалист, социал- демократ намуудыг хараан зүхэж, баалж байснаа эргэж хүчингүй болголгүйгээр дараагийн алхам руу шилжсэнийг өнөөгийн МАН-д сануулах нь ёс зүй, ёс суртахуун талаасаа огт буруу биш юм.

“Олон улсын коммунист хөдөлгөөний нэгдэл, нягтралыг бэхжүүлэх явдал нь империализмыг эсэргүүцэгч, ардчилсан бүх хүчнийг нэгтгэж, тэдний үйл ажиллагааг империализмыг эсэргүүцэх тэмцэлд идэвхжүүлэх үндсэн гол хүчин зүйл мөн” гэсэн Ю.Цэдэнбалын дүгнэлт бол коммунист хөдөлгөөнөөс бүх шавхрууг хөөж гарга гэсэн уриа дуудлага байв.

Империализмыг эсэргүүцэх тэмцэл гэдэг бол оппортунизм, баруун, “зүүн” ревизионизмын эсрэг тэмцэл мөн гэсэн тэр үеийн МАХН-ын уриа эдүгээ Социнтерн дэх зүүн төвийн, зүүний социалист, социал-демократ намуудыг зүхсэн хэрэг байв. “Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнол болон шинэ амьдралын байгуулалтдаа олсон амжилт ялалтыг мөнхийн алдарт Лениний нэр, дэлхийн коммунист хөдөлгөөний бүх отрядын дайчин зэвсэг болсон Лениний аугаа их сургаальтай зүй ёсоор холбож үздэг юм” гэсэн андгай тангарагаар Ю.Цэдэнбал үгээ төгсгөөд, Лениний үзэл санаанд социалист Монголын намын гишүүд ба хөдөлмөрчид хойшид ч хязгааргүй үнэнч байж, марксизм-ленинизмийн тунгалаг нандин чанарыг шийдвэртэй хамгаалах явдлыг МАХН өөрийн ариун үүрэг гэж үзнэ гэжээ.

1969 оныг хаагаад ардчилал шинэчлэл ид эрчээ авч байсан саяхны жишээг эшлэе. 1992 онд Хойд Солонгосын ард түмний аугаа их удирдагч Ким Ир Сений 80 насны ойн баярт уригдсан дэлхийн 132 орны 420 төлөөлөгч Пхеньянд хуран цугларч, ах дүү коммунист, хувьсгалт намуудын төлөөлөгчид “Пхеньяны тунхаглал” хэмээх түүхэн баримт бичгийг батлалцсан юм. Тэр үеийн эрх баригч МАХН- ыг төлөөлж нарийн бичгийн дарга нь тэрхүү тунхаглалд гарын үсэг зуржээ. Тунхаглалын гол үзэл санаа нь Дэлхийн хувьсгалын төв Солонгосын хойг руу шилжин төвлөрч, империализм өнөө маргаашгүй үхлээ хүлээн, мөхөл нь хаяанд ирсэн, даян дэлхийд хувьсгал, коммунизм ялан мандах нь гарцаагүй тухай уриа дуудлага ажээ. Энэ дуудлагаа МАН эргэж хүчингүй болгосон, гарын үсэг зурагчийг шийтгэсэн эсэхийг бүү мэд. Хэрэв түүндээ үнэнч яваа бол XXI зууны шинэ эринд Социнтерний зүүн төвийн нам байгаатай нь эрс зөрчилдөн байгаа бус уу?

Энэ түүхээ эргэж буруутгаагүй учраас “коммунист биш” гэдгээ эрх зүйн үүднээс нотлоогүй яваа

Эндээс хийх ганцхан дүгнэлт бол өнөөгийн МАН шинэчлэгдэнэ, цэвэршинэ гэж хичнээн их ярих тусам тэр нь олон жилийн сунжирсан сул яриа болж, түүнд нь гишүүд дэмжигчид, монголчууд залхаж байгаа. Үүний гол шалтгаан нь МАН коммунист өвөөсөө бүрмөсөн татгалзаагүйн гай юм. 1990 оныг хүртэл нэг өөр нам байсан, тэр намын түүх БНМАУ- тайгаа, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал, Батмөнхтэйгээ үүрд дууссан, 1990 оноор цоо шинэ, огт өөр нам үүссэн гэж зарлаагүйн гайгаар 27 жилийн турш шинэчлэгдэх тухай ярьж байна. Бүр болохгүй бол 2010 онд МАХН-аа МАН болгон зарлаж байхдаа нэг түүхийг өндөрлүүлж, цоо шинэ нэг түүх эхэлж байгааг зарлачихсан бол шинэчлэл нь арай хялбараар цааш явах байсан бус уу?
Монгол ардын намын Шинэчлэлийн хороо, түүний Бодлогын зөвлөлд санал болгоё. Одоо намынхаа цоо шинэ түүхийг 2017 оноор эхлүүлчих!


САНАЛ БОЛГОХ