Зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцаллаа

Мэдээ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрийг цуцлав. Энэ дагуу есдүгээр сарын өглөөний 06.00 цагаас эхлэн Энхтайвны өргөн чөлөөгөөр  зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэллээ. Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Энхтайвны өргөн чөлөөний 3.6 км автозам дахь долоон уулзвараар зүүн эргэх хөдөлгөөнийг хориглоод байсан юм. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Зүүн эргэхийг хориглосон 14 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгодоо хүрсэнгүй гэж дүгнэж байна. Тиймээс өнөөдөр ажлын хэсгийг энэ саналаа татаж, хэвийн хөдөлгөөнд оруулах нь зүйтэй гэсэн чиглэл өгч байна. Гэхдээ энэ арга хэмжээ бүхэлдээ буруу байгаагүй. Хөдөлгөөнийг удирдах программ дээр замын ачаалал буурсан харагдаж байгаа ч иргэдийн сэтгэл зүй бэлтгэлгүй байсантай холбоотой. Иргэдийн дадал болсон хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө иргэдийн санал дээр тулгуурлах учиртай. Цаашид ажлын хэсэг иргэдийн саналд тулгуурлаж шийдвэр гаргах хэрэгтэй” гэж онцлов.

Үүнээс гадна Энхтайвны өргөн чөлөөний баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хоорондох долоон уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвшөөрсөнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний есөн чиглэлийн замналд есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн өөрчлөлт орууллаа. Ингэснээр нийтийн тээврийн есөн чиглэл хуучин замналаар буюу 2017 оны наймдугаар сарын 15-наас өмнө явж байсан чиглэлийн дагуу явуулахаар болж байна.

Тухайлбал, Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”, Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”, Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”, Ч:53 “Яармаг-МУБИС”, Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”, Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард кино театр”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэл багтаж байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ