Ерөнхийлөгчийн анхны айлчлал

ТОМИЛОЛТ


Зүүн хойд Азийн орнуудын Төрийн тэргүүн нартай уулзахаар төлөвлөжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Айлчлалын талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн “Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн чухал уулзалтад Монгол Улс анх удаа Төрийн тэргүүний түвшинд оролцоно. Манай талаас бизнесийн төлөөлөл, албаныхан, хэд хэдэн сайд нар явна. ОХУ, БНХАУ, Япон, Солонгос болон бүс нутгийн бусад улсаас улс төр, бизнесийн томоохон төлөөлөгчид оролцоно. Энэ үеэр Монгол-Оросын бизнесийн уулзалт зохион байгуулна. Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эдийн засгийн томоохон төслүүдээ танилцуулж ярилцахаар төлөвлөж байна” гэсэн юм. Албан бус мэдээллээр Монгол Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 120 орчим албан тушаалтан, бизнесийн төлөөлөгчид багтжээ. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох нь Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах ихээхэн нөөц бололцоо буйг ОХУ болон гуравдагч орнуудын төрийн болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөгч нарт таниулах ач холбогдолтой. Мөн дэлхий, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, төсөөлөл, бусад улс орны бодлого, байр суурийн талаар мэдээлэл авах боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь Орос, Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд, Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны бизнес, улс төр, шинжээчдийн нийгэмлэгийн төлөөлөгчдийн харилцан хамтран ажиллах олон улсын томоохон талбар болсон юм. Тус чуулга уулзалтад одоогийн байдлаар 24 орны төлөөлөгчид, түүний дотор Хятад, Япон, Австрали, Канад, АНУ, түүнчлэн Их Британи, Герман зэрэг Европын орнуудын төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд байгаа юм. 2016 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрийн 3500 төлөөлөгч оролцсон байдаг. Тус чуулга уулзалтын үеэр нийт 36 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 111 хөрөнгө оруулалтын төсөл  танилцуулагдаж, 30.8 тэрбум ам.долларын дүнтэй 216 хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.


• Монгол Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 120 орчим албан тушаалтан, бизнесийн төлөөлөгчид багтжээ.

• 30.8 тэрбум ам.долларын дүнтэй 216 хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

• Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Төрийн тэргүүнтэй ажил хэрэгч уулзалт хийх юм.

 Тэгвэл энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Төрийн тэргүүнтэй ажил хэрэгч уулзалт хийх юм. Унгарын нийслэл Будапештэд болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Төрийн тэргүүнтэй уулзаж, Владивостокт ажлын уулзалт хийхээ дуулгасан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Хоёр талын харилцааны хувьд Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр илүү нухацтай ярилцах боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Худалдаа, эдийн засгийн харилцаа эерэг хандлагатай болоод байгаа. Өнгөрсөн жил хоёр талын худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өссөн нь үүний жишээ юм. Улс төрийн харилцаанд төдийгүй эдийн засаг, соёлын салбарт ч дорвитой ажил хэрэг өрнөж байна.


Эхний хагас жилийн байдлаар хоёр орны худалдааны эргэлт 32 хувиар өсөв


Монгол-Оросын уламжлалт хувь нийлүүлсэн компаниуд тууштай ажиллаж байгаа бөгөөд ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсөлттэй байна. Бидэнд Владивосток хотод үргэлжлүүлэн нарийн авч хэлэлцэх олон зүйл бий” хэмээн Будапештэд болсон уулзалтын үеэр онцолсон. Тэгвэл энэ удаагийн уулзалтын үеэр хоёр улсын харилцааны өнөөгийн байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох аж. Эхний хагас жилийн байдлаар хоёр орны худалдааны эргэлт 32 хувиар өсөж, 561 сая ам.долларт хүрсэн гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.


Үүнээс гадна энэхүү чуулга уулзалтын үеэр Зүүн хойд Азийн орнуудын Төрийн тэргүүн нартай уулзахаар төлөвлөжээ. Харин ирэх онд БНХАУ-д айлчлал хийхээр төлөвлөжээ. Урд хөршид хийх айлчлалаараа Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын эдийн засгийн харилцаа, төмөр замын ачаа тээвэрлэлтийн асуудлыг хөндөн ярих аж.

САНАЛ БОЛГОХ