МАН-ын даргын "марафон"

Засгийн газар


Ерөнхий сайд намын дарга болдог "бичигдээгүй" хуультай

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ хүйтэн өдрүүдэд эсрэгээрээ Монголын улс төр “буцалж” байна. Ялангуяа, голын наана, цаана гарчихаад байгаа МАН-ынхны гал тогоонд өрнөж буй сөргөлдөөн хэрхэн үргэлжлэх нь хямарсан монголчуудад мөнгөнөөс ч илүү “сонирхолтой” байна.

Ерөнхий сайдад нэр дэвшиж буй У.Хүрэлсүх, түүний эмхлэн байгуулах шинэ Засгийн газрыг тойрсон “зурхай” ар араасаа хөвөрсөөр. Зүүний хүчний холбоог тэргүүлэгч У.Хүрэлсүх түүхэндээ анх удаа намынхаа нөхдийн унагасан Засгийн газрыг эмхлэн байгуулах, Ерөнхий сайдад нэр дэвшиж буй хариуцлагатай нэгэн. Хожим түүний нэр улс төрийн түүхэнд сайн, муугаар дурсагдах нь дамжиггүй. Чухамхүү сайн талынх дурсамж нь давамгайлах эсэх нь шинээр байгуулах Засгийн газрын үйл ажиллагаа, ялангуяа, У.Хүрэлсүхийн хэрхэн шударга ажиллахаас хамаарна. Ингэхийн тулд түүнд намын нөхдийнх нь дэмжлэг юу юунаас илүү чухал.

Тэгвэл Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшиж буй У.Хүрэлсүх МАН-ыг толгойлж чадах уу гэсэн асуулт олны анхаарлыг татаж эхэллээ. МАН-ын дараагийн дарга хэн байх эсэх хоёр хувилбар байна. Ерөнхий сайд болсон хүн “бичигдээгүй” хуулиар намын дарга болох хувилбар. Харин нөгөө нь, УИХ-ын дарга болох хүн намын даргад нэр дэвших магадлал. Энд Ц.Нямдорж гишүүний нэр яригдаж байгаа ч тэрбээр лидер улстөрчийн хувьд, зангараг зааж, намын даргын суудалд санаархахгүй байх. Улс төр судлаачдын үзэж буйгаар У.Хүрэлсүхийг намын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшинэ гэсэн таамаг байна.

МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Ирэх арваннэгдүгээр сард болох МАН-ын Их хурлаар МАН-ын даргыг сонгох учиртай. Үүний өмнө намын дүрмийн дагуу болж байгаа болон болохгүй байгаа намын дүрмийг Их хурлаараа хэлэлцүүлнэ. Дараа нь намын дарга Ерөнхий сайд байх, эсэх асуудлыг ярилцаж, шийдвэрлэнэ. Намын дүрмийн дагуу МАН-ын даргад нэрээ дэвшүүлэх бүрэн боломжтой” гэв.

УИХ-ын даргыг хоёр тохиолдолд огцруулах боломжтой
Эндээс харахад, дараагийн УИХ-ын дарга хэн байх эсэх асуулт урган гарч байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Эрдэнэбатын толгойлсон “Мэргэжлийн” гэх тодотголтой МАН-ын даргын "марафон" Засгийн газрыг унагаахад үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж магадлалтай гэсэн “бор шувуу” нисэж байна. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаанд “60 тэрбум”-тай холбоотой асуудлыг эвлүүлэг биш хэмээн хэлж, төрийн албыг наймаалцахыг эсэргүүцэж, журмын нөхдөө эрс шүүмжилж, байр сууриа хатуу илэрхийлсэн. Магадгүй түүний хэлсэн хүчтэй үгс, үйлдлүүд ард түмэн төдийгүй намын гишүүдэд нь МАН-ыг шинэчлэх ёстой гэсэн итгэл үнэмшил төрүүлээд зогсохгүй Засгийн газрыг унагахад дэм болсон. Иймээс Ц.Нямдоржид “бялуунаасаа” том зүсмийг хувааж өгөх шаардлага тулгарч байгаа нь нууц биш. Чухамхүү УИХ-ын дарга уу, эсвэл ... Тэгвэл Ц.Нямдорж, хэнийг ч бай УИХ-ын даргад томилогдохын тулд М.Энхболдыг унагах шаардлага тулгарч таарна.

Гэтэл М.Энхболд дарга Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ хариуцлагыг намын даргын суудлаа өгснөөр “цайруулах” бодолтой байгааг ойрын эх сурвалж мэдээлж байна. Нөгөөтэйгүүр, УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын даргыг хоёр тохиолдолд огцруулах боломжтой юм. Тодруулбал, Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр огцруулна. Эсвэл өөрийнх нь хүсэлтээр огцруулах боломжтой. Харин Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх намын дарга болж чадвал тухалсан М.Энхболдын хүрээлэгчдийг өөрийн талд оруулах, тэдний албан тушаалыг хэвээр үлдээх шаардлага тулгарна. Ерөөс хэн нь ч намын дарга болсон суудлаа эн тэнцүү хувааж, эрх мэдлийн хуваарилалтаа эрх тэгш хийх нь тодорхой.

М.Энхболд ялагдал хүлээснийхээ хариуцлагыг намын даргаасаа огцорсноор “цайруулах” уу
У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохын зэрэгцээ намын даргын эрх мэдлийг авснаар УИХ-ын дараагийн сонгууль хүртэл үлдсэн 2.5 жилд Засгийн газар тогтвортой ажиллах боломж бүрдэхээс гадна 2020 онд болох УИХ-ын сонгуульд тус нам ялалт байгуулах дүр зураг дурайна. У.Хүрэлсүхийн товч намтарыг сонирхвол, 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1989 онд БХИС-ийг улс төрийн курс, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэжээ. Түүний улс төрийн карерь 1989 онд анх Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажиллаж байхад нь эхэлжээ.

Улмаар 2000 онд УИХ- ын гишүүнээр сонгогдож, 2007 оноос Зүүний хүчний холбоог тэргүүлж эхэлсэн байна. Түүний улс төрийн замнал тасралтгүй дээшилж байсан бөгөөд 2008- 2012 МАН-ын генсек, 2014 оноос Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв. Засгийн газар огцорсон тул энэ сарын 7-ноос үүрэг гүйцэтгэгч болж, улмаар Монгол Улсын 30 дахь Ерөннхий сайдад нэр дэвшээд байгаа юм.


САНАЛ БОЛГОХ