Намрын чуулган: Шинэ хоршлын эхлэл

Байр суурь


Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувиар анх удаа УИХ-ын чуулганы нээлтэд оролцоно

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Хоорондоо хоёр сарын зайтай зарлан хуралдуулсан хоёр ч удаагийн ээлжит бус чуулганыг эс тооцвол гишүүдийн хувьд “хичээлийн шинэ жил” эхэлж байна. Харин чуулганы хуралдаанд тааллаараа оролцох эрхтэй Ерөнхийлөгчийн тухайд “танилцах” өдөр. Тодруулбал бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээс хойш тэрбээр УИХ- ын ээлжит чуулганы нээлтэд Ерөнхийлөгчийн хувиар анх удаа оролцоно гэсэн үг. Хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг намрын чуулганы нээлтэд оролцон, үг хэлэх талаар албан ёсоор мэдээлээгүй ч, хэрэв тийм бол олон нийтийн анхаарлыг татах нь дамжиггүй. Учир нь тэрбээр УИХ-ын чуулганы танхим дахь Төрийн тэргүүний суудлаас үг хэлсэн шинэ “түүх”-ээ эхлүүлэх гэж байна. Энэ удаагийн намрын чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох тухай асуудлыг дараалал харгалзахгүй хамгийн эхэнд хэлэлцэхээр байгаа.

Харин гүйцэтгэх засаглалын тэргүүнийг баталгаажуулсны дараа У.Хүрэлсүх өөрөө танхимынхаа бүрэлдэхүүнийг парламентад оруулж ирэх юм. Цаг хугацааны хувьд энэ нь улсын төсөв, мөнгөний бодлогоос өмнө байж таарна. Учир нь намрын чуулганаар шинэ оны төсөв, мөнгөний бодлогыг тусгай дэгээр тодорхой хугацаанд хэлэлцдэг. Хэлэлцүүлэг эхэлчихвэл дундуур нь өөр асуудал орох боломжгүй. Дээр хэлсэнчлэн намрын чуулганы хувьд ихэнх хугацаагаа Монгол Улсын ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэн, батлахад зориулдаг. Тэгэхээр гишүүд илүү хариуцлагатай ажиллаж, “тоо бодох” хэрэгтэй болно. Мөн намрын чуулганы хугацаан дахь энэ үеэр тэд өөрийн сонгогдсон тойрогт ахиу мөнгө суулгуулчих санаатай багахан хэмжээний лобби бүлэг шахуу байгуулдгийг дурдах хэрэгтэй.

У.Хүрэлсүхийг томилох тухай асуудлыг дараалал харгалзахгүй хэлэлцэнэ

Хэдийгээр ирэх оны төсвийн төсөл, мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Засгийн газар болон Монголбанкнаас УИХ-д өргөн барьсан ч түүний өмнө шинэ сайд нарын томилгоог хийхээр зэхэж байна. У.Хүрэлсүх өвлийн хүйтэн эхлэхээс өмнө ажлаа шуурхайлахын тулд Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэнээс харвал Ерөнхий сайдын албыг нэг өдрөөр ч хойшлуулахгүйгээр хүлээн авахад бэлэн байгаа. Харин кабинет нь хэр хурдан бүрэлдэх вэ гэдэг нь нам доторх тохироо, УИХ дахь бүлгээс хамаарна.

Ийнхүү энэ УИХ гурав дахь удаагийн ээлжит чуулганаасаа эхлэн шинэ Ерөнхийлөгч, шинэ Ерөнхий сайдтай хоршиж ажиллахаар боллоо. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хэлэлцэх асуудлын жагсаалтыг харвал дээр дурдсанаас гадна Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга гэх мэт засаглалын реформын шинжтэй томоохон асуудлуудыг тусгасан байна. Хайр бол хүн төрөлхтөний мөнхийн сэдэв гэдэг шиг Монголын парламентад мөн тийм сэдэв нэг бий нь Үндсэн хуулийг өөрчлөх. Одоо ажиллаж буй парламентыг оролцуулаад тооцох юм бол сүүлийн дөрвөн ч удаагийн УИХ “эцэг” хуулийг өөрчлөх талаар ярьдаг, судалдаг, Ажлын хэсэг байгуулдаг.

Гэвч бүрэн эрхийн хугацаандаа албан ёсоор хэлэлцсэн удаа нэг ч байхгүй. УИХ шинээр бүрэлдэх бүрт Үндсэн хуулийг өөрчлөх хамгийн боломжит цаг ирлээ хэмээн тодотгодог ч “хүрд эргүүлэх” боломжийг аль ч парламент ашиглаж чадалгүй өдийг хүрчээ. Өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгээс мэдээлэл хийсэн юм. Д.Лүндээжанцан гишүүний ахалж буй тус Ажлын хэсгийн мэдээлснээр уг асуудлаарх ард түмний хэлэлцүүлгийг орон даяар хийж дууссан ч, улс төрийн нам, олон нийтийн байгууллага, эрдэмтэн судлаачдын байр суурийг хараахан нэгтгээгүй байгаа аж. Харин энэ оны төгсгөл гэхэд боловсруулсан төслөө УИХ- д өргөн барина хэмээсэн юм.

Харин Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хувьд одоо үйлчилж буйг 1994 онд баталсан. 22 жилийн өмнөх эрх зүйн баримт 1.3 сая хүн амтай нийслэл хотод зохицуулалтын чадвараа алдсан хэмээн үзэж буй. Харин шинэ төслийг өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр УИХ-д өргөн бариад буй. Улаанбаатар хотын хүн амын өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учраад буй шинэ эрх зүйн орчноор шийдвэрлэх эсэх нь мөн энэ намрын чуулганаас хамаарах болоод байна.


• Хайр бол хүн төрөлхтөний мөнхийн сэдэв гэдэг шиг Монголын парламентад мөн тийм сэдэв нэг бий нь Үндсэн хуулийг өөрчлөх.

• Төсөв, мөнгөний бодлогын хэлэлцүүлэг нэгэнт эхэлчихвэл дундуур нь өөр асуудал ордоггүй.

• Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталсан.

Төрийн албаны тухай хуулийн төслийн хувьд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх парламентын үед өргөн барьсан. Улс төрөөс ангид, тогтвортой, мерит зарчимд суурилсан чадварлаг төрийн албатай болгох нэн тэргүүний шаардлагыг уг төсөл хангана хэмээн тухайн үеийн УИХ дахь намын бүлгүүд санал нэгдээд байсан юм. Агентлагийн нэр солих, яамны бүтцийг багахан хэмжээнд өөрчлөөд төрийн албан хаагчдыг олноор халдаг явдлыг зогсоох, шаталсан зарчмаар албан тушаалд томилох гэх мэт олон зохицуулалт уг төсөлд бий. Өөрөөр хэлбэл хэн нэгэн эрх мэдэлтний заавар, тушаалаар яамны алба, хэлтэс, төрийн нарийн бичгийн даргыг томилдог байдлыг өөрчилнө. Товчхондоо уг төслийг батлан, хэрэгжүүлээд эхлэхээр тодорхой хугацааны дараа төрийн алба тогтворжино хэмээн харж буй.

САНАЛ БОЛГОХ